Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.05 13:57
7496
Таксины жолоочид хөнөөгдсөн охины нулимс хатаж амжаагүй байхад, такси үйлчилгээтэй холбоотой гэмт хэргүүд гарсаар...

Сайншанд суманд 2023 онд таксинд суун амиа алдсан хөөрхий охины нулимс хатаж амжаагүй байна. Гэтэл такси болон дуудлагын жолоочтой холбоотой гэмт хэргүүд ахин гарчээ.

Өнөөдрийг хүртэл такси үйлчилгээ үзүүлдэг иргэдийн тодорхой бүртгэл мэдээлэл ч байхгүй байна.

Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмдсэн хэрэг өнгөрсөн сарын 25-ны өдөр гарчээ. Хэргийг тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт автомашинаа дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл ирсэн аж. Улмаар хэргийг шалгахад дуудлагын жолооч гэх 20 орчим насны үл таних этгээд автомашины эзэн руу нулимс асгаруулагч цацаж, түүнийг чирч буулган дээрэмджээ.

Харамсалтай нь таксины болон дуудлагын жолооч холбогдсон гэмт хэргийн тоо энд хүрээд дууссангүй. 

2023 оны 10-р сарын 3-ны өглөө Дорноговь аймгийн Сайншанд суманд таксинд суусан 12 настай охин ор сураггүй алга болж, 72 цагийн дараа цогцсыг нь олж байсан харамсалтай хэрэг гарч байсан. Тус хэргийг үйлдсэн таксины жолооч удаа дараагийн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд байсан.

Үүний дараа Баянхошуу орчмоос таксинд суусан 14 настай охин хүчингийн хэргийн золиос болсон хэрэг бүртгэгдэж байжээ. Тус гэмт хэргийг 27 настай таксины жолооч үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Харин такси үйлчилгээ болон дуудлагын жолоочийн холбогдсон гэмт хэргийн тоо Улаанбаатар хот төдийгүй орон нутагт ч хөндөх ёстой сэдвийн нэг болоод байна. 

Цагдаагийн байгууллагын судалгаанаас харахад, 2018-2023 оны хугацаанд такси үйлчилгээтэй холбоотой 3119 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 2940 буюу 93.4 хувь нь нийслэлд бүртгэгджээ.

Мөн ихэнх энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд дуудлагын болон таксины жолооч нартай онлайнаар гэрээ хийж, үйлчилгээ үзүүлдэг. Онлайн гэрээний цаана гэмт этгээд бусдын нэрийг барьж гэрээ хийж, гэмт хэрэг үйлдэж байхыг ч үгүйсгэх аргагүй.

Энэ мэт дуудлагын жолооч, такси дуудаад гэмт хэргийн хохирогч болсон гэх тохиолдлын тоо буурахгүй байна. Мөн нөгөө талаасаа хэн дуртай нь такси үйлчилгээ эрхэлж буй нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг ихэсгэж байна. Тиймээс такси үйлчилгээг бүртгэлжүүлж, үнэ тарифын асуудлыг ч нэгдсэн журмаар баталгаажуулах шаардлагатай байна. 

Харин 2024 онд таксинд үйлдэгдсэн гэмт хэрэг 404, таксины жолооч холбогдсон гэмт хэрэг 361  бүртгэгджээ. Үүнийг үйлдсэн гэмт хэргээр нь ангилбал, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын гэмт хэрэг 33, хүчиндэх ес, дээрэмдэх 31, хулгайлах 86 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

2018-2023 оны хооронд 60 таксины жолооч хүчингийн хэрэг үйлджээ.