Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Ярилцлага
2025.02.06 12:24
3353
Н.Сугар: Хот нийтээрээ хоггүй, цэгцтэй байя гэхээр мухар сүсэг ярих бол хөдөө амьдрах хэрэгтэй

Пүрэв гарагийн өглөөний зочин ярилцлагад Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар оролцлоо.

- Дүүргийн менежер гэдэг албан тушаал ямар ажил эрхэлдэг вэ гэдгээс яриагаа эхэлье гэж бодлоо?

Дүүрэг өөрөө хот нийтийн аж ахуйн ажлыг бүхэлд нь хариуцна гэсэн үг. Дүүргийн нутаг дэвсгэр ямар байх вэ гэдгийг шийднэ. Өөрөөр хэлбэл өмнө нь нийслэлээс халтиргаа гулгаа, хог шороо, тохижилт, нийтийн аж ахуйг задлаад дүүрэг бүрд эрх мэдлийг нь, төсөвтэй нь хамт шилжүүлсэн. Ингэснээр шийдвэр гаргалт илүү хурдан, менежменттэй болж байгаа юм. Дүүрэг гэдэг бол хотыг бодвол жижиг газар, бүтэц учраас энэ дээр илүү менежмент, бодлогыг гаргаад явж байгаа.

- Таны хувьд дүүргийн менежерээр ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажилд илүү анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа вэ?

Би энэ ажилдаа тавдугаар сард томилогдсон. Үүнээс хойш хот нийтийн аж ахуйн хогтой байгаа асуудал дээр дүүргийн удирдлагуудтайгаа хамтраад ажиллаж байна. Үүн дээр ямар ажлыг хийж байгаагаа дурдъя.

Жишээ нь, 2024 онд л гэхэд хог тээвэрт 16 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ бол маш өндөр зардал.

Яагаад ингэж их зардал гарч байна гэхээр Чингэлтэй дүүргийн нэг хогийн цэг дээр хог ачилтын машин 24 цагийн хугацаанд гурван удаа ирдэг ч гудамжиндаа хогтой байсаар л байдаг. Учир нь өглөө найман цагт хогийн цэг дээр машин ирээд ачаад явлаа гэхэд хэдхэн минутын дараа нэг ААН, иргэд гарч ирээд хогоо хаячихдаг. 13 цагт дахиад ачсан ч орой гэхэд л хогтой болчихдог. Үүнд зохицуулалт хийж 18.00-21.00 цагийн хугацаанд хогоо хаях захирамж гаргаж, дүүргийн зургаан дүүргийн байшин хорооллын хүрээнд хэрэгжүүлж байна.

Ямар боломж бий болж байна гэхээр хог ачилтын машинууд өглөө бүгд зэрэг гараад 07.00 цаг гэхэд ачилтаа хийгээд тус зургаан дүүргийн хэмжээнд өдөртөө хоггүй байх боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ энэ захирамжийг илүү үр дүнд хүргэхийн тулд иргэн, ААН-ийн оролцоо маш чухал. Захирамж гарснаас хойш нэг сарын хугацаа өнгөрөхөд уул овоо шиг хог хаягдал арай гайгүй болж байна. Цаашдаа мэдээж илүү сайжуулаад явах зүйлс байгаа.

 

- Монголчууд эрт дээр үеэсээ дагаж ирсэн ёс заншилтай ард түмэн шүү дээ. Жишээлбэл, харуй бүрий болсон үед хог хаядаггүй гэх мэт. Үүнээс улбаатайгаар уг шийдвэрийг олон иргэд эсэргүүцэж, бухимдаж хүлээж авсан. Та ч их шүүмжлүүлсэн байх.

Шөнө, орой хогоо хаядаггүй гэдэг бол мухар сүсэг. Эрт үеэс дагаж ирсэн энэ мэт яриа нь хүнийг амьдралын зөв хэв маягтай болгох гэсэн зүйл байх. Өдөр алдаж шөнө ч гэдэг үг байдаг шүү дээ. Өдөржин зүгээр байж байгаад шөнө, орой болохоор гэр орноо цэвэрлээд, хог шороогоо гаргаж хаяхгүй байхыг л сургаад байсан зүйл гэж бодож байна. Одоо цагт бол згээр л мухар сүсэг. Шөнө хаяхаар яг яадаг юм гэхээр тайлбарлах хүн байхгүй.

Тэгвэл та оройтож ирдэг болохоор гэртээ хог байлгахгүй гээд байгаа бол гадаа гудамж ч гэсэн өдөржин хогондоо дарагдаад байж байх уу гэдэг асуудал үүснэ. Шүүмжлэхгүйгээр бодоод үзэхэд коммунист шийдвэр биш бүгдээрээ хамтдаа цэгцтэй байя л гээд байгаа юм. Хэдхэн хүн л энэ чинь болохгүй бүтэхгүй гээд байх биш бүх нийтээрээ цэвэр цэгцтэй байя гэхээр би болохгүй бүтэхгүй гээд байвал, уучлаарай та хөдөө явж амьдар л гэж хэлнэ.

Энэ бол Монгол улсын нийслэл хот, бараг 2 сая хүн амьдарч байгаа учраас дүрэм журамтай байж гэмээнэ илүү цэгцтэй, цэвэрхэн хотод амьдарна. Одоо энэ зөвхөн цагийн зохицуулалт мэт харагдаж байгаа ч ангилах асуудал руу цаашдаа орно.

- Хэвшил болоогүй зүйлийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа орно. Мөн өнөөх сүсэг бишрэлтэй холбоотойгоор уг захирамжийг дагаж мөрдөх дээр нэлээд асуудал үүсэж байгаа. Тиймдээ ч торгуулийн арга хэмжээ яригдаж байгаа шүү дээ. Торгуулийн хэмжээ, хэрхэн торгох зэрэг дээр мэдээлэл өгөөч?

Угтаа бол хог хаягдлын тухай хууль нь байгаа. Гэхдээ хэрэгждэггүй. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 30 мянган төгрөгөөр, ААН-ийг 300 мянган төгрөгөөр торгоно гэж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх субъект нь байгаль орчны байцаагч. Гэхдээ мэргэжлийн хяналтын газар татан буугдсанаар зөвхөн нийслэлийн байгаль орчны газар юм уу, тусгай хамгаалалттай газар дээр л энэ субъект байгаа. Тэгэхээр энэ орон тоог гаргаж ирэх хэрэгтэй байгаа.

- Манай дүүрэг бол цагдаа нар ачаалал ихтэй ч хамтарч ажиллаж байна. Нэг зүйлийг тодруулахад, манай улс төрчид аливаа шийдвэр гаргачхаад иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулахаараа шийдвэрээ цуцалчихдаг. Нэг ёсондоо сошиалаар ажиллаж байна. Энэ шийдвэр хэрхэх вэ?

Манай засаг дарга Н.Мандуул бол улс төрийн зоригтой хүн. Хотын дарга Х.Нямбаатар ч гэсэн зөв зүйл дээр иргэдийн шүүмжлэл дээр эмзэглэдэг хүн биш. Нийтээрээ цэвэр цэмцгэр байхын төлөө ажиллаж байгаа болохоос коммунист шийдвэр биш гэдгийг онцолж хэлмээр байна.