30 гаруй жилийн өмнө япон улс дэлхий дээр хамгийн өндөр хүүтэй зээл олгодог улс байлаа. Мөнгө хүүлэгчид зээлээ төлж чадахгүй байгаа хүмүүсийг ёкуза нарт мөнгө төлж дарамтлуулдаг, төр нь ч үүнд санаа тавьдаггүй байсан гэдэг. Нэг удаа мөнгө хүүлэгчийн ээлжит дарамт, сүрдүүлгийг сэм бичиж авсан зээлдэгч энэ асуудлыг төрийнхөө анхааралд хүргэжээ. Мөнгө хүүлэгч түүнээс эрхтэнээ зарж, өрөө барагдуулахыг шаардахдаа нэг нүд 9500, нэг бөөр 30.000 доллар хүрдгийг хэлсэн байна. Энэ бол бодит түүх.
Киноноос бол мөнгө хүүлэгчдийн тухай бид зөндөө үзсэн. Гэхдээ бидний амьдрал мөнгө хүүлэгчдээс хамааралтай болчихоод байгаагаа анзаардаггүй. Киноноос ялгаатай нь мөнгө хүүлэгчдийн “гар, хөл” болсон атаманууд ажлын байр, гэрт ирж, чанга орилж, эд хогшил эвдэж сүйтгэдэггүй л болохоос.
Монгол дахь мөнгө хүүлэлт
Монголын мөнгө хүүлэгчдийг тав хувааж болох юм.
Нэг. Банк: 2024 оны байдлаар Монгол Улсад 12 арилжааны банк үйл ажиллагаа явуулж, 36.8 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Хүүгийн тухайд, 2018 оны байдлаар жилийн дундаж хүү нь 19.9 хувь байсан бол 2024 онд 16.42 хувь болсон байв. Хэдий буурч байгаа харагдах ч гэлээ бусад улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Тухайлбал:
БНХАУ-ын арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 5, Япон улсынх 1, АНУ-ынх 3.5 хувьтай байдаг. Мөн хадгаламж болон зээлийн хүүгийн зөрүү ч анхаарал татаж байна. Дэлхийн дунджаар энэ үзүүлэлт 3.1 хувьтай байдаг бол манайд 4.4 хувийн зөрүүтэй байгаа нь мөнгө хүүлэлтийн нэг илрэл болж байгаа юм.
Хоёр. Банк бус санхүүгийн байгууллага: 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 555 ББСБ үйл ажиллагаа явуулж, хоер саяд үйлчлүүлэгчдээ 8,5 их наяд төгрөгийн зээл олгон, 500 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Зээлийн хүү нь сард 2.5-4.0 хувь, жилд 30-48 хувьтай байна. Хэдхэн жилийн өмнө жилийн 60-72 хувийн хүүтэй байсныг бодвол бас л буурсан үзүүлэлт.
Гурав. Хадгаламж, зээлийн хоршоо: 2024 оны гурав дугаар улирлын байдлаар нийслэлд 92, орон нутагт 91, нийт 183 хоршоо 45 624 хадгаламж эзэмшигчтэй, 31 619 зээлдэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Бусад санхүүгийн байгууллагаас ялгаатай нь гишүүнчлэлтэй. Гишүүдийнхээ хадгаламжаас зээл олгож, ашиг олдог байгууллага. Гэтэл төвлөрсөн хуримтлалаасаа зээл хүссэн гишүүн бус иргэдэд зээл олгож, мөн уг хоршооны эрх мэдэл бүхий хэдхэн хүн өөрсдийнхөө хамаарал бүхий иргэн, аж ахуйн нэгжийн нэр дээр замбараагүй зээл гаргасаар байгаад, 2005-2006 онд ихэнх нь дампуурсан. Арваад жилийн дараа ахин сэргэсэн. 2024 оны байдлаар нийт хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 1.3 хувь бол зээлийн жигнэсэн дундаж хүү нь 2.4 хувьтай, 11.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Хэдхэн жилийн өмнө сарын 8-10 хувийн хүүтэй зээл олгож байсан бол 2022 онд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль батлагдсанаар сарын 4.5 хувь, жилийн 54 хувь дотор багтдаг болсон.
Дөрөв. Ломбард: Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас тоогоороо хамгийн олон нь. 2023 оны байдлаар 1000 орчим ломбард бүртгэлтэй байж. Энэ салбарт хэдий хэмжээний хөрөнгө эргэлдэж байгааг гаргах боломжгүй. 14 хоногт 8 хувь, жилд 250 хувийн хүүтэй зээл олгодог байсан. Сүүлд СЗХ-ноос ломбардын хүүг 5-10 хувьд багтаах журам гаргаснаар хүүгийн хэмжээ буурч, журмын хүрээнд эргэлдэх болсон. Ломбардаар үйлчлүүлэгчид хулгайн бараа барьцаанд тавих нь түгээмэл байдаг.
Тав. Хувиараа зээлдүүлэгч: Энэ хүмүүс гүйлгээгээ хувийн дансаар хийдэг болохоор эргэлдэж буй мөнгө нь мөн л тодорхойгүй. Голдуу хүнсний бараа жижиглэнгээр зардаг лангууны худалдаачид өдрийн нэг хувийн хүүтэй зээл авдаг. Мөн “Хүчит шонхор” худалдааны төв дээр махны ченжүүд мөнгө хүүлэгчдээс өглөө нь аваад орой нь буцааж өгөхдөө 10 хувийн хүү төлдөг гэсэн албан бус мэдээлэл ч бий.
Энэ мэтчилэн монголчууд жилд 10-360 хувийн хүүтэй зээл авч, нийтээрээ мөнгө хүүлэлтийн дарамт дор амьдарч байна. Зээлийн хүүгийн мөлжлөг дор амьдарч буй иргэдээ дээр өгүүлсэн япон хүн шиг нэг өдөр эрүүл эрхтэнээ зарахад хүргэхгүйн тулд манай төр ч бас зээлийн хүүг хазаарлах хуулийг нэн даруй хэлэлцэн батлах шаардлага бий.
Тэгвэл бусад орнуудад зээлийн хүүгийн хязгаар тогтоодог эсэх болон хэдэн хувьтай байдгийг сонирхож үзлээ. Европын улсуудад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоодог жишиг байдаг ч үүнийг хэн шийдэх вэ гэдэг дөрвөн өөр субьект байдаг. Тухайлбал, итали, португал, мальта зэрэг улсад парламент нь, франц, бельги, польш, грек, испани зэрэг улсад төв банк нь, болгар, ирланд зэрэг улсад Засгийн газар нь хүүгийн хязгаарыг тогтоодог бол герман, унгар, чех зэрэг улсад зарим төрлийн хүүгийн хязгаарыг шүүх нь тогтоодог. Жишээлбэл, франц улс зээлийн төрлөөс хамааран хүүгийн дээд хязгаарыг 5.72-21.63 хувиар тогтоосон байна.
Зээлийн хүүг яаж бууруулах вэ?
Зээлийн хүүг бууруулна гэхээр хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгддөг. Учир нь зээлийн хүүг бууруулахын тулд зээлийн гол эх үүсвэр болох хадгаламжийн хүүг бууруулах шаардлагатай болно. Манайд банкны хадгаламжийн хүү дунджаар 12 хувьтай байна. Зээлийн болон хадгаламжийн хүүний зөрүү 4.4 хувьтай байгааг дээр дурдсан. Хэрэв хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын зөрүү 3.1 хувьд багтаж байвал хэвийн гэж үзэж болно. Үүнээс дээш бол зээлийн хүүг бууруулах боломж бас байна гэсэн үг. Гагцхүү манай хууль тогтоогчид хүсэх эсэхээс шалтгаална. Учир нь тэдний дунд ББСБ, ХЗХ зэрэг санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг компанитай, мөнгө хүүлдэг гишүүд цөөнгүй байдаг. Ихэвчлэн хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг ч оролцоо, нөлөөллийг нь үгүйсгэх аргагүй юм. Мөн тэдний хүүлж байгаа мөнгөний эх үүсвэр нь ЖДҮДС зэрэг сангаас эхтэй гэдэг шүүмж ч дагадаг.
Өнгөрсөн хугацаанд Банкны тухай хууль болон Монголбанкны хуульд нэг бус удаа “гар дүрж” байсан ч зээлийн хүүг бууруулах тухай нэг ч үг, заалт тусгаагүй. 2018 онд тухайн үеийн парламентын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьж байсан. Төсөлд банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь, ББСБ-ынхыг 24 хувиар тогтоохоор тусгасан байсан. Гэвч дээр хэлсэнчлэн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгарч, хад мөргөөд өнгөрсөн.
Бас нэг дурдахгүй орхиж боломгүй асудал бол, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг томоохон банк болон ББСБ-уудын цаана гадны мөнгө хүүлэгчид байдаг нь ч нууц биш. Тэгэхээр тэдгээр байгуулагын зээлийн хүү буюу үйлчилгээний ашиг нь “ногоон” болоод гадагшаа гараад явчихдаг гэсэн үг. Энэ нь мөн л “ноён” долларын хомсдол бий болоход “хувь нэмэр” оруулж байгаа юм.
Мөнгө хүүлэлт бидний гар утсанд бас бууриа хэдийнэ засчихсан. Энэ тухай дараагийн удаад хүргэмз.