Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.02.07 11:35
2324
Салсан хосууд олон нийтийн сүлжээгээр биесээ хэмлээд өнгөрөх биш буруутайд нь чангахан хариуцлага хүлээлгэдэг болъё

Todko Tomsan нэрээр бүтээлээ туурвидаг зохиолч Т.Мягмартогтохын салсан эхнэр өчигдөр /2025.02.05/ гэр бүлийн салалт нь шүүхээр шийдэгдсэн бөгөөд хоёр хүүгийнх нь эцэг хүүхдүүддээ өв хөрөнгөө хуваалцсангүй гэсэн утга бүхий пост цахим талбартаа нийтэлж, Мягмартогтох  хариуд нь хүүхдүүдийнхээ тэтгэмжийг нь цаг хугацаанд нь хийдэг төдийгүй ээжийнх нь шаардсан мөнгийг ч өгдөг хэмээн дансны хуулгуудын хамт дэлгээд авсан.

Хоёр жилийн өмнө “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Тордойн Ганболдын салсан эхнэр Х.Янжингаажид мөн 16 жилийн хамтын амьдралын зөрчлөө олон нийтэд дэлгэж, “экс” нөхрийнхөө багийг хуулж хаясан.

“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн болон түүнтэй хамтран амьдарч байсан “Солонгон аашт” буюу Т.Ананда нарын салалт хийгээд эвлэрэл мөн л олны шүүлт дор байнга байдаг.

Энэ мэтчилэн олны танил хүмүүс өөрсдөө нийтийн сүлжээнд хувийн амьдралаа дэлгэж, хэл амны бай, хэрүүлийн сэдэв болдог жишиг тогтсон гэхэд болно. Хэн түрүүлж дуугарсан нь хохирогч, хожимдсон нь өөдгүй новш болж үлдэх нь элбэг. Энэ бүхний ард хамгийн том хохирогч нь хүүхдүүд байдаг. Тэртээ тэргүй амьдын хагацлаас асар их шаналал амсаж байхад дээр нь нэмээд эцэг эх нь сайн дураараа нийгмийн “булли”-д орж, хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг улам гэмтээдэг.

Нөгөөтэйгүүр, гэр бүлийн хүчирхийлэл, хосуудын харилцаанд үүссэн зөрчил, тэгш бус байдал, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг нь өөрөө нийгмийн нэг төрлийн өвчин тул ил болгож, идээ бээрийг шахахгүй бол цаашид улам олон хохирогч төрүүлэх эрсдэлтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.

Одоогоос хоёр жилийн өмнө өрх толгойлсон ээж А.Бүрэнтөгс “Гэр бүл салахад  эхнэр /нөхөр/-ээ хуурч мэхэлж, үр хүүхдүүдээ гомдоосон этгээдэд хүлээлгэдэг хуулийн хариуцлага гэж Монголд алга. Шүүх дээр очиход хүүхдийн тэтгэмж өгөх шийдвэр л гаргаж байна. Гэтэл хүүхдийн тэтгэлгээ бүрэн гүйцэд, цагтаа авдаг ээж алга, бүр ийм тэтгэлэг байдгийг ч мэдэхгүй ээжүүд байна. Сэтгэл санааны хохирлыг огт тооцдоггүй. Хүүхдүүдээ өсгөх, цэцэрлэг, сургуульд нь хүргэх, авах, өвдөхөд нь асрах гээд бүх зүйлд хүүхдээ авч үлдсэн ээжүүд ганцаараа зүтгэж байна. Үр хүүхдээ хаяад явсан эцэг, эхэд илүү чанга хариуцлага хүлээлгэдэг болмоор байна, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй” хэмээн шүгэл үлээж байсан. Энэ бол манайд гэр бүлийн хүчирхийлэл, араар тавилтын улмаас хохирч үлдсэн, эгэл жирийн ээжүүдийн төлөөлөл болж тод дуугарсан анхны тохиолдол гэж хэлж болно.

Жилд 20 мянга орчим гэр бүл гэрлэлтээ бүртгүүлж байхад 4-5 мянган гэр бүл цуцлуулж байдаг. Улсын хэмжээнд 100 мянга орчим өрх толгойлсон ээж, аав бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний 80 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа байна.

Тэгэхээр гэр бүл салахад ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү хохирч үлддэг байна. Эр ч бай, эм ч бай, хэн нь хүүхдүүдээ авч үлдэнэ, тэр “гадаа гарч эр, гэрт орж эм” гэгчээр ээж, аав гэсэн хоёр хүний үүргийг гүйцэтгэж, үр хүүхдийнхээ төлөө дахин амьдрал зохиохоос зайлсхийж, амьдрал гэгч “шуурга”-нд сөхөрч уначихгүйхэн шиг бэдэрч явна.

Өмнөх парламентын үед Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар уг парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, төслийг санаачлагчид нь буцаасан байдаг.

Уг хуулийн төсөлд гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хийгээд үрчилж авсан, мөн дагавар хүүхдийн өмнө хамтын амьдралаа дуусгавар болгож буй эрэгтэй, эмэгтэй хоёр хууль ёсоор гэрлэж байгаад салсан хүмүүсийн адил үүрэг хүлээх зохицуулалт тусгасан нь дэвшил. Гэхдээ ганц бие ээжүүдийн хүсэн хүлээж байгаа араар тавьсных нь төлөө хүлээлгэх хариуцлагын талаар заалт байгаагүй юм. Манай хууль тогтоогчид хэзээний л гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэнд гэх мэт асуудлыг хойш тавьж, өөрсдөд нь ашигтай хуулийг түрүүлж барьж авдаг, албан тушаал, томилгоотой холбоотой асуудал дээр л бүрэн ирцтэй хуралддаг тэр жишиг энэ хуулийн төслийг ч мөн тойрсонгүй. Тухайн үеийн засгийн тэргүүн одоо ч хэвээрээ байгаа тул уг хуулийн төслөө дахин оруулж ирэх болов уу гэсэн хүлээлт байгааг дашрамд дуулгая!

Тэгвэл бусад оронд гэр бүлээс гадуурх харилцаанд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар сонирхож үзлээ.

Мексикт гэр бүлээс гадуурх харилцааг завхайрал хэмээн тодорхойлж хоёр хүртэл жил шоронд хорих, иргэний эрхийг зургаан жилээр хасах шийтгэл оногдуулдаг байсан ч 2011 онд энэ хуулийг хүчингүй болгожээ.

Катарын хуулиар гэр бүлээс гадуурх харилцаанд орсон нь тогтоогдвол зургаан жил хорьж, ташуурдаж шийтгэдэг.

Исламын шашинтай, шариатын хуультай орнуудад цаазаар авах хүртэл шийтгэл оноодог.

Индонез улс 2022 онд эрүүгийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэр бүлээс гадуурх харилцааг гэмт хэрэг хэмээн үзэж нэг жил хорих заалт оруулжээ. Гэр бүлээс гадуурх харилцаа нь завхайрал төдийгүй, шашнаасаа татгалзсан, доромжилсон явдал хэмээн үзэх болжээ.

Аргентинд завхайрлыг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг байсан ч 1995 онд энэ заалтыг хүчингүй болгосон.

Гэр бүлээс гадуурх харилцааг гэмт хэрэг гэж  үзэн хуулийн хариуцлага хүлээлгэдэг улс орнууд байхад нөгөө талд нь гэмт хэрэг гэж үзэхээс татгалзсан улсууд ч байна. Тухайлбал, Колумбид 1935 оноос гэмт хэрэг гэж үзэхээ больсон. Испанид энэ асуудал шүүхээр удаан явсны эцэст 1978 оноос эхлэн гэмт хэрэг гэж үзэхээ больжээ. Бразилд гэр бүлээс гадуурх харилцааг гэмт хэрэг гэж үзэхгүй, шийтгэхгүй хэмээн 2005 онд шийдсэн.

АНУ-д муж, мужаараа өөр байдаг. Өмнө болон зүүн хойд мужуудад биеэ үнэлэгч авах, гэр бүлээс гадуур харилцаа тогтоох, гэрлээгүй байж хамтран амьдрах зэрэгт шийтгэл оноодог байсан ч жил ирэх бүр шүүх дээр маргаан дэгдэж шийтгэл оноохыг цуцласаар иржээ. 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар, 17 мужид гэр бүлээс гадуурх харилцааг хуулиар гэмт хэрэг хэмээн үзсэн хэвээр байна.  

Солонгост бас гэр бүлээс гадуурх харилцаанд хуулийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэ тухай "хүйтэн будаа идүүлнэ" хэмээн ярьдгийг бид киноноос бишгүй сонссон. Гэвч тус улсын зочид буудал, дэн буудлууд өдөр цайны цагаар дүүрдэг талаар тэнд амьдардаг монголчууд ярихыг ч  та бас сонссон байх. Тэгэхээр хорих тусам улам гаардаг нэг жишээ ч болж мэдэх юм.

Ямартай ч Гэр бүлийн тухай хуулийн төсөл дээр салалтын хохирогч болсон эмэгтэйчүүд болон эрчүүдийн дуу хоолойг сонсож, бүр ажлын хэсэгт төлөөллийг нь оролцуулж боловсруулах, дараа нь УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэн батлах шаардлага байгааг Засгийн газар болон хууль тогтоогчдод сануулъя!