Угаартсаны улмаас нэгэн гэр бүлийн зургаан хүн нас барсан эмгэнэлт мэдээ монголчуудыг гунигт автуулж, үлдсэн ганц хүү, төрөл төрөгсдийнх нь нулимс хатаж ч амжаагүй байхад бурхан болоочдын тухай таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацаад амжлаа.
Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Энэхүү хэрэг явдлын хохирогч болсон О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хааж, хамт олондоо бахархал болсон байлдагч юм” хэмээгээд “Мэдээлэлд дурдсан зарим нэг мэдээлэл цагдаагийн байгууллагад байхгүй, үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байсан. Тухайлбал амиа алдсан эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн, архины хамааралтай зүйл байгаагүй.” хэмээн мэдэгдлээ.
Үүнтэй зэрэгцээд талийгаач бүсгүйн найз, хөрш гээд олон хүн түүнийг үр хүүхдүүдийнхээ төлөө, амьдралынхаа төлөө хичээн зүтгэдэг, хөдөлмөрч нэгэн байсан гэдгийг дурсан бичиж, ийм худал хуурамч мэдээлэл зориудаар тараасанд эгдүүцэж буйгаа илэрхийлж байна.
Бид эмнэлгийн гадаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй өнгөрсөн иргэнийг архины хамааралтай байсан гэсэн утга бүхий мэдээлэл тарааж байсан гашуун түүхийн гэрч болсон удаатай. Мөн нэг газарт хамт байсан 29-55 насны арван иргэн угаартаж, амь хохирсон тохиолдол гарахад Цагдаагийн байгууллагаас тэднийг архичин байсан гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн нь саяханы явдал. Тухайн үедээ олон нийтийн зүгээс шүүмжлэл хүчтэй өрнүүлж байсан. Гэвч тухайн мэдээллийг зарласан болон зарлах үүрэг өгсөн албан хаагчдад ямар ч хариуцлага хүлээлгэлгүй, тэгсхийгээд мартагнасан.
Эл явдлын өмнөхөн Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай охин алга болоход сэжигтэн этгээд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан мөн хохирогчийг урьд нь бас хүчиндүүлж байсан тухай мэдээлсэн сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хуулийн дор бөхийлгөж ялласан. Сэтгүүлч санаанаасаа зохиож бичээгүй атал түүнд мэдээлэл өгсөн цагдаагийн алба хаагчид ямар ч хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй. Энэ мэтчилэн хуулийг сахиулах үүрэгтэй, андгай тангарагтай төрийн албатууд өөрдсөө хувь хүний эмзэг мэдээллийг олон нийтэд ил болгож, нэр төрийг нь уландаа дэвсэлсэн ёс зүйгүй, увайгүй үйлдэл, шийдвэрүүдийг таслан зогсоохыг Хууль зүйн сайд О.Алтангэрэлээс хүсэж байна.