m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.02.07 13:02
1370
Л.Болдбаатар: Хялбаршуулсан горимоор татвараа төлдөг бол орон сууцны буцаан олголт авахгүй

Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой "Очир болд" нягтлан бодох бүртгэлийн сургалтын төвийн багш Л.Болдбаатартай ярилцлаа.

-Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой НӨАТ-ын хувь хэмжээ хөндөгдөж байна. Үүнд бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашиг яаж хөндөгдөж байна вэ?

-Юун түрүүнд НӨАТ-ын 50 сая гээд байгаа босгоо тайлбарлая. ААН, иргэн бизнес борлуулалт хийгээд баримтын хэмжээ 10,20 сая 50 сая хүрэхээр НӨАТ төлөгч болж байгаа юм. НӨАТ төлөгч болохоор яах вэ гэхээр борлуулж буй бүтээгдэхүүн дээрээ 10 хувь нэмэх шаардлага гардаг. Үүнийг л НӨАТ төлөгч болно гээд байгаа юм. Босго 50 сая төгрөг байгаа нь хэзээнийх вэ гэхээр 2016 оны хуулиар тогтоосон хэмжээ. Тэгэхээр энэ босгыг 300 сая болгох хэрэгтэй.

Учир нь лангуун дээр суудаг, гадаа юм зардаг иргэд стартапууд байгаа. Эдгээр хүмүүсийн ашгийн хэмжээ бага байдаг. 10 хувийн ашиг хардаг бизнес байгаа юм. Бага ашигтай бизнесийнхэн НӨАТ төлөгч болохоор үнээ нэмэх шаардлага үүснэ. Тэгэхээр борлуулалтад нь сөргөөр нөлөөлнө.

Иймээс НӨАТ-ын босгыг өсгөхгүй болохоор бизнес хаагдахдаа тулаад байдаг. И баримт систем уг нь сайн систем. Гэвч одоог хүртэл зах худалдааны төв жижиг лангуу баримт өгөхгүй байгаа шалтгаан 10 хувийн үнэ нэмж чаддаггүй, зугтаагаад өнөөдөртэй золгосон. Тэгэхээр босгыг 300 сая болгох хэрэгцээ шаардлага үүнээс  үүсч байна. Босгыг 300 сая төгрөг  болгоод өдрийн сая төгрөгийн орлоготой байлаа гэхэд НӨАТ төлөгч болохгүй юм байна. НӨАТ төлөгч болохгүй байлаа гээд баримт өгөхгүй гэсэн үг биш. НӨАТ төлөгч биш ч гэлээ худалдан авалтдаа баримт өгнө. Орлогын албан татвар нь жилд 300 хүртэл сая төгрөгтэй ААН нэг хувийн татвартай. Тэгэхээр хувь хүн 2024 оноос эхлэн нэг хувь болсон. Нэг хувь төлөх нь иргэддээ хүндрэл үүсгэхгүй. НӨАТ-ын босго өөрчлөх томъёоллоор үзэхэд манай улсын босго 390 сая төгрөг байх тооцоо гарсан.

-НӨАТ-аас иргэд хоёр хувь авч байгаа нь бага. Үүнийг нэмэх шаардлагатай гэх иргэд цөөнгүй бий. Энэ тал дээр таны байр суурь?

-НӨАТ-ын буцаан олголт гэж ярихгүй. НӨАТ буцаан олгодог татвар биш. Энэ нь баримтаа уншуулсны хоёр хувийн урамшуулал юм. Манайхан буцаан олголт гэхээр миний мөнгөнөөс буцаан олгож байгаа юм байна гэж ойлгодог. Гэтэл тухайн улс оронд амьдарч байгаа л бол татвараа төлөх ёстой. Хоёр хувийн буцаалт анхнаасаа байх ёсгүй байсан. Хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүс, ажил хийдэггүй хүмүүс мөн байна. Энэ хүмүүс улсад татвар төлөх хэрэгцээ шаардлага үүссэн. Үүнийг худалдан авалтаар нь буюу талх авахдаа, ундаа, ус сүү мах авахдаа төлдөг татвараар төлөх эцсийн хэрэглэгчийн төлж буй татвар. 2016 онд энэ системийг нэвтрүүлэхдээ иргэдийн баримт уншуулах идэвхийг нэмэхийн тулд хоёр хувийг буцаан олгох байдлаар анхнаасаа буруу эхлүүлсэн. И баримт уншуулаад иргэд их, бага янз бүрийн мөнгө буцаан авч байна.

Гэтэл өндөр орлоготой иргэд улиралдаа 3,4,5 сая төгрөгийн буцаалт авч байна. Тэгэхээр энэ хэмжээгээр улсад төвлөрөх мөнгө буцаад тараад явчиж байна. Энэ мөнгийг төвлөрүүлэх гэж бөөн мөнгө зарцуулж, систем нэвтрүүлдэг. Эргээд буцаах гэж мөнгө тарааж байгааг эргэж харах хэрэгтэй.

-НӨАТ гэдэг анхнаасаа бүртгэл тооцооны буюу далд байгаа эдийн засгийг ил болгох зориулалттай гэдэг шүү дээ?

-Энэ татвар анх үүсэхдээ Францад ийм зориулалттай байсан ч одоо бусад улс орнууд төсөв бүрдүүлэх нэг суваг болгон ашиглаж байна.  Далд байгаа эдийн засгийг ил болгох үүргээ гүйцэтгэж байгаа. Үүргээ гүйцэтгэхдээ хоёр хувийн буцаалт гэх ойлголт ирээдүйд байхгүй болох ёстой.

-Татварын хяналт шалгалт хэр явагддаг вэ. Гадуур худалдан авалт хийхэд та баримттай авах уу, НӨАТ -аа хасуулах уу гэдэг шүү дээ?

-Дэлгүүр захууд баримт өгөхгүй бол 1800-1288 утсанд гомдол гаргадаг. Гомдлын дагуу татвараас шалгадаг ч нөгөө хүмүүс нь татварын байцаагч явсны дараа эргээд баримт өгөхгүй байдаг. Энэ нь бас л НӨАТ-ын босго бага, иргэд ААН төлөхөөс зайлсхийж байгаатай л холбоотой.

-Ирэх дөрөвдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Үүнтэй холбоотой Нийгмийн даатгалын асуудал, ХХОАТ-ын асуудал мөн сөхөгдөнө. Үүн дээр багц хуулийн шинэчлэлтэй холбоотой ямар асуудал үүсэх вэ?

-ХХОААТ хууль дотор хөдөлмөрийн хөлсний орлого, бизнесийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, шууд бус орлого, бусад гэсэн зургаан орлого бий. Гэтэл манай НД мөн л төрийн үйлчилгээ шүү дээ. Гэтэл ХХОАТ -ын хууль дээр цалин хөлсний орлого, бизнесийн орлого гэж тусдаа заасан байхад НД хоёулангаас нь давхар суутгаад байна. Суутгахгүй юмнаас двахар суутгаад байхаар НД биш нийгмийн татвар болоод байна. Татвар авахдаа ААН-ээс хүн ажиллуулсных нь  төлөө 12.5 хувийн татвар нэмж аваад байна. Бизнесийн орлогоос НД суутгадаг хуультай байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Хувь хүн 11.5 хувь, байгууллагаас нэмж 12.5 хувийн татвар авдаг. Нийгмийн даатгалын сан нь өөрөө алдагдалтай ажилладаг. Үүнийгээ нөхөхийн тулд зэрлэгээр халдаж байна.

-Үүнээс болж ААН-үүд ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байна гэдэг шүү дээ?

-Үүнээс үүдэж үүсч буй хамгийн том асуудал нь тухайн байгууллага ажилчдынхаа авч буй цалингаас биш багаар тооцож НД төлж, зардлаа багасгаад байдаг. Ингэснээр тухайн иргэн, байгууллага аль алинд нь эрсдэл үүсдэг. Жишээ нь иргэн дараа нь найман хувийн зээл авч чадахгүй, визэнд орж чадахгүй. Бизнесийн орлого, хөдөлмөрийн хөлсний орлого хоёрыг салгаж өгөхгүй болохоор ийм асуудал үүсч байгаа юм. ХХОАТТ-ийн хуулиар иргэн хоёр тайлан гаргахыг шаардаж буй. ТТ-11 тайлан болон ТТ-06 тайлан. Гэтэл саяхан сошиалаар нэгэн кэйс яригдсан нь байгууллагаас НД төлдөг байхад зээл авч, виза гарсан хэрнээ ажлаасаа гараад сайн дураар НД төлөхөд виза нь гарсангүй, зээл авсангүй гэж байна. Үүний учир нь НД сайн дураар төллөө ч орлого биш учраас тэр юм. Нөгөө хүн орлого ороогүй учраас виза гараагүй, зээл гаргаагүй нь зөв байна.

Харин ажилгүй үедээ  ХХОАТ-ын ТТ-06 тайлан НД-ын тайлангаас иүү нөгөө хүний орлогыг нотлох материал байхгүй юу. ТТ-06 -д юу юу харагддаг вэ гэхээр хэдэн төгрөгийн цалинтайг нь харуулна, баримтжуулж өгсөн бизнесийн орлогыг харуулна. Хуримтлалыг мөн харуулдаг. Энэ нь хүүгийн орлогоор нотлогддог. Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг нь ногдол ашгийн орлогоор нотлогддог гээд бүх тайлан, мэдээлэл харагддаг. Түүх сайтай байвал ирээдүйд энэ тайлангаараа орлогоо нотлоод явах боломжтой. ТЕГ энэ тайлангийн ашиглалтыг сайжруулах шаардлагатай байна.

-Анх удаа байр авсан, сургалтын төлбөрийн гэхчилэн татварын буцаан олголт авах иргэд энэ сарын 15-ны дотор материал бүрдүүлэх ёстой. Иргэдийн зүгээс анхаарах ёстой зүйл нь юу байна?

-Иргэд орлого нотлох л чухал. Байр авахдаа өөрийн орлогоос авсан уу, хүнээр авахуулсан уу гэдэг чухал. Хөнгөлөлтийн тайлан мэдээ илгээх нь одоо бол харьцангуй амар болж, цахимжсан. Тайлан руугаа орж, хүсэлт рүүгээ орж зургийг нь авж илгээхэд болно. Хүн болгоны орлого өөр учраас ногдох татварын хэмжээ мөн өөр. Тухайлбал хувь хүний орлого бүгд нэг хувь болж хялбаршсан гэж иргэд буруу ойлгоод байдаг. Гэтэл иргэн орлогыг зургаан төрлөөр бүртгэснээс зөвхөн үйл ажиллагааны орлогыг хялбаршуулж нэг хувийн татвар ногдуулахаар болсон. Бусад таван төрөл дээр 10 хувийн татвар төлөх нь хэвээрээ. Мөн 50 хувийн босго давбал НӨАТ төлөх шаардлага үүсдэг.

-Хялбаршуулсан горимоор татвараа төлдөг бол татварын хөнгөлөлт эдлэхгүй. Нэг ёсондоо давхцахгүй гэх зүйл бас байгаа?

-Хялбаршуулсан горим өөрөө хөнгөлөлт юм. Сургалтын төлбөрийн, орон зайн хөнгөлөлт, сургалтын төлбөрийн хөнгөлөлт гээд олон төрлийн хөнгөлөлт байгаа. Иргэн хүн аль хөнгөлөлт нь надад илүү ашигтай вэ гэдгээ харж байгаад тухайн жилдээ аль нэгийг нь л сонгох юм. Хөнгөлөлтийг давхардуулж олгохгүй юм.