Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.02.07 14:16
3833
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргалаа

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу албан ёсоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийж байна.

Тэрбээр, "Анх Ерөнхий сайдыг томилж байхад Чуулганы танхимаас ганцаараа эсэргүүцэж байлаа. Одоо Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудалд УИХ-ын гишүүд дахин тийм гаргахгүй, нам харгалзахгүйгээр нэгдэх байх гэж найдаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Улсын Их Хурлын гишүүдийн дөрвөний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ…", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргах" гэснийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Лодойсамбуу миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна.

1. Хүний эрх, эрх чөлөө алдагдсан байна... Үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг шахан хавчих, олон нийтийн мэдээллийн сүлжээнд зохион байгуулалттайгаар гутаан дороижлох, хуурамч мэдээлэл тараах зэрэг ажлыг ЗГ-аас зохион байгуулж байгаа нь ил болсон.

2.Шүүхийн нэр хүндийг гутаах, шүүхэд итгэх итгэлийг бууруулах ажлыг хийж байгаа нь Засаглалын хямралд түлхэх, цаашлаад дарангуйлал тогтоох үйл явцыг өрнүүлж байна.

3. Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт эдийн засгийг хааж, үнийн өсөлтийг гааруулж, хямралыг бий болгож байна...

Бид дараагийн Ерөнхий сайдыг бодохоосоо өмнө энэ залуу дарангуйлагчаасаа салах хэрэгтэй байна. Эс бөгөөс нийгмийн тогтворгүй байдал даамжрах эрсдэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхий сайд нь гарч ирээд эмгэнэл илэрхийлэх ёстой. Өчигдөр албан бичиг гаргаагүй нь түүнд орон зай өгсөн хэрэг. Шууд хутга шөвөг барьж, хаалга үүдийг нь балбаад байхгүйгээр хүн ёсоор гарч ирээд эмгэнэл илэрхийлэхийг нь хүлээж байлаа. Манай улсаас бусад оронд бол гарч ирээд ерэн хэм бөхийгөөд, уучлалт гуйгаад огцордог. Гэтэл өнгөрсөн хугацааны энэ олон асуудал дээр ганц ч удаа гарч ирж уучлалт гуйсангүй. Эмгэнэл илэрхийлсэнгүй. Түүнийг огцруулах үндэслэл бол маш олон. Зөвхөн нэг гэр бүл амиа алдсан асуудал дээр би дугараад байгаа юм биш. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааны турш үйлдсэн бүхнийхээ төлөө тэр хариуцлагаа хүлээх ёстой" гэв.