Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.07 18:32
10448
Дижи Коо эхнэрийнхээ өв хөрөнгөөс хүртэх хувиасаа татгалзах бодолтой байна

Дижи Коо хэмээн алдаршсан Өмнөд Солонгосын хөгжимчин Коо Жун Юп эхнэр, Тайванийн жүжигчин Барби Шүг нас барснаас хойш анх удаа ам нээв. Барби Шү хатгаа туссаны улмаас хүндэрч хоёрдугаар сарын 2-нд 48 насандаа нас барсан юм. 55 настай Коо хоёрдугаар сарын 6-нд Инстраграм хуудсандаа солонгос, хятадаар бичиж, тодорхойлж боломгүй уй гашууд автаж буйгаа илэрхийлээд Шүгийн хуучин нөхөр, Хятадын бизнесмэн Ван Сяофэй Шүгийн гэр бүлийг гутаан доромжилж байна гэсэн утгатай зүйл бичсэн байв.


“2025 оны хоёрдугаар сарын 2-нд миний хайрын сахиус тэнгэр рүү буцчихсан. Хи Воны (Шүгийн солонгос нэр) араас гашуудаж, эмгэнэл илэрхийлсэн бүх хүнд талархал илэрхийлье. Би асар их уй гашууд автаж байна, зүрх маань урагдаж байна. Надад ярих хүч алга, хүсэл ч алга. Энэхүү гүнзгий харуусал, хохирол сарниж алга болоогүй байхад муухай сэтгэлтэй зарим хүн манай болон миний хайрын гэр бүлийг гутаан доромжилж эхэллээ. Зарим хүн бороонд алхан гуниглаж байхад, нөгөө хэсэг нь даатгал, мөнгө хөрөнгийн талаар худал мэдээ бэлтгэн цацаж манай гэр бүлийн нэр төрийг сэвтүүлж байна. Ийм балиар хүмүүс энэ дэлхийд байсаар байгаа нь аймшигтай. Гуйж байна, та нар Хи Воныг минь тайван нойрсуулж болох уу? Үнэнээсээ гуйж байна” хэмээн бичжээ. 
43 настай Ван Сяофэй Барби Шү нас барсан мэдээг сонсоод Тайпей хотын гудамжаар бороонд үймэрсэн байдалтай алхаж яваа нь Тайванийн хэвлэл мэдээллийн дуранд өртсөн юм. Ван, Шү хоёр дундаасаа 10 настай охин, найман настай нэг хүүтэй. Тэд 2010 онд гэрлээд 2021 онд онцгүй байдлаар салжээ. Шү нөхрөөсөө салсны дараа бүр 1990 онд болзож байсан Коо, Шү хоёр дахин уулзаж романс үүсгэжээ. Тэд 2022 онд гэрлэж, хуримын гурван жилийн ойгоо хоёрдугаар сарын 8-нд тэмдэглэхээр зэхэж байв. Тэд дундаасаа хүүхэдгүй.
Барби Шү нас барсны дараа түүний өв хөрөнгө, даатгалын нөхөн төлбөрийн асуудал үүсэж, хүүхдүүд болон Коод ямар хувь оногдох талаар хэвлэлүүд шуугиж эхэлжээ. Мөн Ван Сяофэй чартер онгоц хөлслөн Шүгийн чандрыг Японоос Тайваньд авчирсан гэдэг мэдээ тарсан ч Шүгийн эмэгтэй дүү, телевизийн алдартай хөтлөгч Ди Шү үүнийг худал хэмээн няцаасан байна. Дижи Коо эхнэрийнхээ өв хөрөнгөөс өв залгамжлах хувиасаа татгалзах бодолтой байгаагаа зарлаж, өөрийн хувийг Шүгийн ээж Хуан Шүн Мэйд шилжүүлж өгнө гэжээ.