Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.02.08 10:29
4123
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЮУ ӨРНӨВ

Өвлийн адаг сарын тэргүүн долоо хоног шувтарч байна. Энэ долоо хоног “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголоор эхэллээ. Сонсголыг угтуулан сэдвийн хүрээнд гурван долоо хоног хэлэлцүүлэг өрнүүлж, утаанаас үүдэлтэй доройтож буй хүн амын эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, ямар дэвшилтэт технологи бүхий зуух, түлш нэвтрүүлэх тухай мөн утааг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай эрх зүйн орчинг хэрхэн сайжруулах гээд олон талаас нь ярилцсан. Харин үндсэн сонсголд УИХ-ын гишүүд нэлээд идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлж байлаа.

Иргэдийнхээ амиар дэнчин тавьсан шуналдаа хэзээ цэг тавих вэ

Сонсголын эхний өдрөөс угаараас болж хордсон иргэдийн тоон дээр маргаан үүссэн. Хоёр дахь өдөр нь сонсголыг даргалагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Шүүх шинжилгээний ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2017-2024 онд угаартаж хордсоны улмаас 779 иргэн нас барсан гэж бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, гэртээ иргэн нас барахад цагдаа нар газар дээр нь очоод, шүүх эмнэлэгт хүргэж өгөөд, нас барсан шалтгаан нь тогтоогдсон иргэдийн тоо. 2017-2022 онтой харьцуулахад, 2023-2024 онд угаартаж нас барсан хүний тоо хоёр дахин нэмэгдсэн. ЭМЯ-наас гаргасан 163 гэдэг тоо бол зөвхөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байхдаа нас барсан иргэдийн тоо юм шүү” гэдгийг хэлснээр маргаан таслагдсан юм. Угтаа 700 байтугай нэг хүний амь ч үнэ цэнтэй, 700 гаруй хүн үү, 100 гаруйхан хүн үү гэж маргах нь ч утгагүй юм.

Хэлэлцүүлэг болон сонсголд оролцогчдын санал, байр суурийг тоймлон дүгнэвэл:  

Нэгдүгээрт, гэр хорооллын өрхүүд болон төвлөрсөн системд холбогдоогүй, амины орон сууцуудын дулаалгын асуудлыг онцгой анхаарах шаардлагатайг сануулж байв. Дулаанаа  алддаг л бол галладаг ч бай, цахилгаанаар халаадаг ч бай нэмэргүй. Тиймээс орон байраа технологийн дагуу, зөв дулаалах нь чухал гэдгийг сонсголд оролцсон судлаачид болон мэргэжилтнүүд онцолж байсан юм. Одоогийн байдлаар 75200 өрх дулаалах шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.

Дараагийн асуудал, иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ санал санаачилга, ялангуяа инженер, зохион бүтээгчдийн утаагүй зуух зэрэг төрөл бүрийн шинэлэг, дэвшилтэт бүтээлийг дэмжих төрийн бодлого үгүйлэгдэж байгааг оролцогчид хэлж байлаа. Өнгөрсөн хугацаанд үндэсний үйлдвэрлэгчид, инженер, зохион бүтээгчид давхар шаталттай, утаагүй зуухуудыг санал болгож байсан ч эрх баригчид урд хөршид үйлдвэрлэсэн зуухыг олноор нь гэр хорооллын өрхүүдэд шахаж ирсэн байдаг.

Гуравдугаарт, Утаанаас салах хамгийн үр дүнтэй арга бол орон сууцжуулах гэдгийг зарим оролцогч хэлж байлаа. Сүүлийн 11 жилийн хугацаанд 122 мянган өрхөд нийт 7,7 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд хамрагдсан өрхүүдийн 60 хувь нь хоёр дахь болон гурав дахь удаагаа зээлээр орон сууцтай болсон байгаа нь ипотекийн зээл яг зорилтот бүлэгтээ төдийлөн хүрч чадаагүйг харуулж байгаа юм. Тэгэхээр цаашид шинэ суурьшлын бүсэд биш зөвхөн дахин төлөвлөсөн газарт барилга барьж, анх удаа орон сууцтай болох гэж буй гэр хорооллын өрхүүдэд нэн тэргүүнд зээл олгох бодлого хатуу баримталж гэмээнэ хязгаарлагдмал санхүүжилтийнхээ хүрээнд илүү олон яндантай өрхийг орон байртай болгох боломж бүрдэнэ.

Дөрөвдүгээрт, гэр хороолын өрхүүдийг бүрэн орон сууцжуулахад урт хугацаа шаардагдана. Тэр хүртэл айлууд халаалтаа хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Өнөөдрийн байдлаар 50 мянган өрхийн зуух шаардлага хангахгүй байна гэсэн судалгааг нийслэлээс хийсэн байна. Тэдгээр өрхийг угаартахаас хэрхэн хамгаалах вэ, түлшээ солих уу, ямар зуух хэрэглэх вэ гэх мэт асуудлууд маргаан дагуулсан хэвээр үлдлээ.

Уг нь гэр хорооллын өрхүүдийг халаалтаа эрчим хүчээр шийддэг болгохын тулд шөнийн тарифыг бий болгосон ч тогны үнэ нэмэгдсэнээр эргээд галлахад хүрч байгаа. Тэгэхээр хямд бөгөөд хүрэлцээтэй эрчим хүчний эх үүсвэртэй болох шаардлага нэн тулгамдаж байгаа юм. Энэ талаар Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга С.Одонтуяа “Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд Сэргээгдэх эрчим хүчний тухай болон бусад холбогдох хуульд зохих өөрчлөлтүүдийг хийж, энэ салбарт хувийн хэвшлийнхэн орж ирэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Томоохон станцуудаас гадна өрх бүр, аж ахуйн нэгж бүр эрчим хүч үйлдвэрлэгч болох, чадвал хэрэгцээнээс илүү гарснаа улсад борлуулах нөхцөлийг бүрдүүлж өгнө” гэсэн юм.

Тавдугаарт, сонсголд оролцогч иргэд болон иргэний нийгмийн байгууллагынхан, мөн УИХ-ын зарим гишүүн эхлээд өнгөрсөн хугацаанд алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохгүй бол дараагийн хүмүүс ч мөн хариуцлагагүй ажиллах болно гэдгийг анхааруулж байсан. Гэвч энэ удаагийн сонсголоор 2008-2024 оны хооронд утааг арилгана гээд 1,8 их наяд төгрөг үрэн таран хийсэн нөхдийн хэнд нь ямар хариуцлага тооцох нь тодорхой бололгүй өнгөрөв.

Угаартаж амиа алдсан иргэдийнхээ хойноос “нулимав”

Төрийн буруу бодлогын үр дагаврын золиос болсон иргэдийн тоо шил даран нэмэгдсээр.

Утааны сонсгол дууссан ч олны анхаарлаас гарч амжаагүй байтал угаартаж нас барсан нэгэн гэр бүлийн зургаан иргэний асуудал дуулиан тарьлаа. Цэргийн алба хааж байсан 21 настай О.Одбаяр гэртээ ирсэн хойноо ээж, дүү нар нь байхгүй болсныг мэдсэнээ, маш их гомдолтой байгаагаа хэвлэлийнхний дуранд өртөхдөө хэлсэн юм. Гэтэл орой нь өөрийг нь хулгайч байсан, ээжийг нь архины хамааралтай байсан гэсэн мэдээлэл цахим талбарт түгж, олон нийт ч цагдаагийнхны увайгүйг гайхаж, хурцаар шүүмжилж эхэлсэн. Маргааш нь /2025.02.07/  Хууль зүй, дотоод хэргийн сайд эмгэнэл илэрхийлэн, буруутай этгээдүүдийг олж, хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Чингэхдээ уг мэдээлэлд цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл, зураг сэлт байсан. Мөн талийгаач эмэгтэйгээс архидсан ул мөр олдоогүй бөгөөд хүү нь цэргийн албаа нэр төртэй хашиж байгаа талаар ч хэлэхээ мартсангүй.

Эмнэлгийн гадаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй бурхан болсон иргэнийг архины хамааралтай байсан гэсэн утга бүхий мэдээлэл тарааж байсан гашуун түүх бий. Мөн нэг газарт хамт байсан 29-55 насны арван иргэн угаартаж, амь хохирсон тохиолдол гарахад Цагдаагийн байгууллагаас тэднийг архичин байсан гэсэн утга бүхий мэдэгдэл хийсэн нь жилийн өмнөх явдал. Олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл өрнүүлсэн эдгээр тохиолдол нь цагдаагийнхан мэдээллээ маш нухацтай гаргах сургамж болсон байлтай. Тэгэхээр магадгүй энэ удаагийн мэдээллийг өөр хэн нэгэн цагдаагаас гаргасан мэтээр харуулсан ч байж болох. Хэрэв тийм бол энэ оролдлогоороо цагдаагийн удирдлагыг бүр цаашилбал  засгийг унагаахыг зорьсон байж мэднэ.

Ямартай ч, Хуууль зүйн сайд энэ хэргийн учрыг олно гэж амалсан, амласандаа хүрэх эсэхийг хүлээх үлдлээ.

Менингококк өвчний тархалт саарсан гэж үзлээ

Засгийн газар долоо хоногийн дундуур /2025.01.05/ ээлжит хуралдаанаа хийхдээ гурван асуудал хэлэлцсэн.

Нэгдүгээрт, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Манайд стандартыг сонгон хэрэглэдэг байсан бол цаашид нэгэнт сонгосон бол заавал хэрэглэдэг байхаар төсөлд тусгажээ.  

Хоёрдугаарт, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур, Хөшигийн хөндий зэрэг чөлөөт бүсийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд  эрчимжүүлэх төлөвлөгөө;

Гуравдугаарт, менингоккок өвчний тархалт, эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн байна.  Нийслэлийн БГД, БЗД, Налайх дүүрэгт бүртгэгдсэн менингококкын тархалт буурсан бөгөөд вирусын эх үүсвэрийг тогтоох зорилгоор Солонгосын лабораториудад шинжилгээ хийлгэхээр явуулсан, хариуг нь хүлээж байгаа. Одоо илэрч байгаа шинж тэмдгүүд дээр тулгуурлаж ямар вакцин хийх вэ, ямар эмчилгээ хийх вэ гэдэг эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гараад явж байгаа хэмээн мэдэгдсэн юм.