m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.02.10 09:18
7957
В.Зеленский: “Путин бидний эсрэг дахин дайн өдөөхгүй болтол бүхнийг хийх ёстой. Дайны үед сонгууль явуулахгүй”

Ерөнхийлөгч Володимир Зеленский Британийн ITV телевизэд ярилцлага өгөхдөө, Украин улс Европ, Америктай нэг тал болох ёстой, Орос улс заналхийлсэн хэвээр байгаа тул бид хүчээ нэгтгэж европуудыг хамгаалах ёстой хэмээн ярьжээ. “Та Путинтэй уулзахад бэлэн үү” хэмээн сурвалжлагч асуухад Киевийн лидер “Америк, Европ хоёр биднийг хаяхгүй, биднийг дэмжинэ, аюулгүй байдлын баталгаа өгнө гэдэг итгэл үнэмшил төрвөл би ямар ч хэлбэрээр яриа хэлэлцээ хийхэд бэлэн. Дайныг зогсооход Трампт амаргүй байх нь ойлгомжтой. Гэхдээ тэр үүнийг хийх ёстой, Путин бидний эсрэг дахин дайн өдөөхгүй болтол бүхнийг хийх ёстой. Энэ онд дайн дуусна гэдэгт найдаж байна. Трамп дайныг хурдан дуусгахыг хүсэж байгаа. Гэхдээ үүн дээр европуудтай эрс шийдэмгий хамтран ажиллах хэрэгтэй” хэмээн хариулжээ. Украинд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах эсэх талаар асуухад “Бүгд яаж сонгуульд оролцох вэ? Цэргийнхэн яаж санал өгөх юм? Хилийн гадна байгаа хэдэн сая украин иргэнийг яах вэ? Эзлэгдсэн газар нутаг дээр байгаа хэдэн сая хүн яаж сонгуульд оролцох вэ?” хэмээн тэрээр асуултыг асуултаар хариулав. Оросууд Украинд сонгууль явуулж, улс орныг тогтворгүй болгохыг хүсэж байгаа, тиймээс дайны үед сонгууль явуулахгүй хэмээн тэрээр хэлжээ.