Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.11 10:00
2300
М.Говьсайхан: II улиралд эхний 200 айлын орон сууц ашиглалтад орно

НОСК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийн ажил ямар шатанд явж байна вэ? 

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд Улаанбаатар хот бодлогын өөрчлөлт хийсэн. Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал бол цахилгааны хангамж, дулааны эх үүсвэрийн асуудал байдаг. 

Гэр хороололд түшиглэсэн орон сууцжуулалтын ажил эрчимжиж байгаа. Эхний ээлжид Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв, Шархад дэд төвийн хүрээнд дэд бүрэн хийгдсэн орон сууцжуулалтын ажил явагдаж байна. 

Сэлбэ дэд төвийн хувьд 12 мянган айлын орон сууцны зураг төсөл, газар чөлөөлөлт гээд эхлүүлэхэд бэлэн болсон. Сар шинийн баяраас өмнө гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах ажил явагдана. 2024 онд нийтдээ 1670 айлын газрыг нөхөн олговортойгоор бүрэн чөлөөлсөн.Чөлөөлсөн газар дээр барилгажилтын ажилд бэлдэж байгаа. Ингээд 10 мянган айлын орон сууцыг төлөвлөлтэйгөөр эхлүүлэхэд бэлэн болсон гэсэн үг. Дараагийн шат бол Баянхошуу дэд төв дээр 2800 айлын орон сууцны төсөл эхэлнэ. 

2023-2024 онд Шархад, Баянхошуу дэд төвийг түшиглээд 800 айлын орон сууцны ажил эхэлчихсэн явж байна. Энэ оны 2-р улирал гэхэд эхний 200 айлын орон сууц ашиглалтад орно. 

Санхүүжилт яаж шийдэгдэж байна вэ? 

Сэлбэ дэд төвийн хувьд гадаад зах зээлээс бонд босгож байгаа, шийдэгдсэн гэсэн үг. Одоо гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах ОУ-ын нээлттэй тендерийг зарлах дутуу байна. 

Баянхошуу дэд төвийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжилт босгож ажиллана. Мөн Нийслэл дотоод зах зээлээс бонд босгох бүрэн боломжтой байгаа. Зарим барилгууд Азийн хөгжлийн банкны ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдана. 

Дэд бүтцийн хувьд 20 минутын хот концепцтой хэрхэн уялдах вэ? Ер нь Улаанбаатар хотод хийгдэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил бол 20 минутын хот концепцийг бүрэн агуулсан төлөвлөлтүүд хийгдэж байгаа.  Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө 2040 хөтөлбөр ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх гэж байна. Иргэн төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд үйлчилгээний байгууллагууд үндсэн төв замыг огтлохгүй байх зэргээр зураг төслүүд батлагдсан.  Ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн хэмжээг нэмэгдүүлсэн байдлаар зураг төслүүд хийгдэж байгаа. 

Хариуцлагагүй компаниас болж газраа чөлөөлөөд өгчихсөн иргэд хохирох тохиолдол гардаг? 

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд төр оролцдоггүй байсан. Зөвхөн байршлаа зааж өгч иргэн, аж ахуй нэгж хоорондоо тохиролцож төсөл хэрэгждэг байсан.  Санхүүгийн чадваргүй, хариуцлагагүй компаниас болж иргэн хохирох тохиолдол цөөнгүй гарсаар ирсэн. Улмаар төсөл удааширч, дэд бүтэцгүй болдог гэх мэт асуудлууд байсан. 

Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн хувьд зогссон төслүүдийг урагшлуулахын тулд Нийслэлийн төсөв дээр бүрэн шийдвэрлэж өгсөн.  2 байршил дээр иргэдийн хохирсон асуудлыг шийдвэрлэж, нөхөн төлбөрийг олгосон. Цаашид газар чөлөөлтийн ажлыг Нийслэл өөрөө хийж, тухайн төслийг хэрэгжүүлэх бодлого баримталж байгаа.  Газар чөлөөлөлт дээр компаниуд төсөл удаашруулсаар ирсэн. Одоо барилгажуулах ажил эхлэхэд бэлэн болгосны дараа компаниудыг сонгон шалгаруулалтаар урьж байгаа. 

Иргэд газраа хэт өндөр үнээр үнэлдэг асуудал гардаг байсан шүү дээ? Шинээр ямар ямар зохицуулалт орж ирсэн бэ? 

Өнгөрсөн хугацаанд газар чөлөөлөлттэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт байгаагүй. Цөөн тоон иргэд газраа зах зээлийн үнээс давсан маш өндөр дүнгээр үнэлдэг, эсвэл газраа өгөхгүй гэх мэт харилцаанаас болж төсөл удаашрах нөхцөл бүрддэг байсан.

Шинээр батлагдсан хуулийн хүрээнд нөхөн олговортойгоор албадан газар чөлөөлөх зохицуулалтыг тусгаж өгсөн. Тухайн байршилд нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлтөд иргэдийн 70 хувь нь зөвшөөрвөл, үлдсэн 30 хувийг нь жишиг үнэлгээгээр газрыг чөлөөлнө гэдэг зохицуулалт бий. 

Иргэд манай газар хэдээр үнэлэгдэх вэ?, ханш нь ямар байдаг вэ? гэж түгээмэл асуудаг. Мэргэжлийн, хөндлөнгийн, үнэлгээний эрхтэй байгууллагаар дамжуулж үнэлж байгаа. Нэгдүгээрт газрыг, үл хөдлөх хөрөнгийг, тухайн газартаа бизнес эрхэлдэг бол бизнесийн орлогыг тодорхойлон үнэлдэг.  Нүүлгэлтийн зардалд мөн тодорхой хэмжээний дэмжлэгийг шийдвэрлэдэг. 

20-30 жил амьдарсан атал гэрчилгээгээ аваагүй, газрын маргаантай асуудлууд гардаг. Эзэмших эрхтэй, өмчлөх эрхтэй газруудын үнэлгээ өөр өөр байгаа. Иргэд маань нэн түрүүнд өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах, бичиг баримтын зөрчлөө арилгах шаардлагатай. 

Орон сууцууд ашиглалтад орлоо гэхэд хэн, хэрхэн, яаж хамрагдах боломжтой вэ? 

Ипотекийн зээл олголтын журам шинэчлэгдэн батлагдах гэж буйтай холбоотойгоор Нийслэлээс тодорхой саналууд тавьж байгаа. Дэд төвүүдийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцууд дээр ипотекийн зээлийн эх үүсвэр тавьж өгөөч ээ! гэдэг саналыг тусгаж байгаа. Гэр хорооллын орон сууцжуулалтын хөтөлбөрүүд дээр тодорхой эх үүсвэрүүд тавигдах байх гэж найдаж байна. 

Ярилцлага бүтэн үзэх линк: