m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.02.11 11:10
523
Илон Маск OpenAI компанийг 97.4 тэрбум доллараар худалдаж авах санал тавьжээ

 

Илон Маск тэргүүтэй хөрөнгө оруулагчдын консорциум ChatGPT-г зохион бүтээсэн OpenAI компанийг 97.4 тэрбум доллараар худалдаж авах санал тавьжээ. Бүх активыг худалдаж авах саналыг өчигдөр OpenAI технологийн компанийн удирдах зөвлөлд хүргүүлсэн хэмээн дэлхийн тэргүүн баяны өмгөөлөгч Марк Тоберофф батлан мэдэгдлээ. Энэхүү санал нь X Space, Tesla-гийн босс Илон Маск, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх байр суурьтай Open AI-ийн гүйцэтгэх захирал Сам Альтманы хооронд өрнөөд буй ширүүн тулаанд огцом эргэлт авчирч байна. Альтман Х сүлжээгээр дамжуулан хариу өгөхдөө “Үгүй ээ, баярлалаа. Харин та өөрөө хүсвэл бид нар Х сүлжээг чинь 9.7 тэрбум доллараар худалдаж авъя” хэмээн бичжээ. Маск 2022 оны аравдугаар сард Х сүлжээг (Хуучин Твиттер) 44 тэрбум доллараар худалдаж авсан юм. Альтман 9.7 тэрбумаар худалдаж авъя гэсэн нь Open AI-д өгсөн үнийн саналыг (97.4 тэрбум) даапаалсан хэрэг бололтой. OpenAI аппликейшн хиймэл оюун ухааны хөгжлийг шинэ шатанд гаргаж, энэ салбарт асар их хөрөнгө оруулалтыг татаж чадсан юм. Маск, Альтман нар 2015 онд ашгийн бус старт-ап компани байгуулж байсан ч удалгүй харилцаа муудаж Tesla-гий босс 2018 онд компанийг орхин гарчээ. Альтман компанийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, ашгийн бус удирдах зөвлөлийг тарааж, ашгийн төлөөх байгууллага болгон хувиргасан. OpenAI компани ийнхүү анх байгуулагдахдаа хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэсэн уриа, даалгавраа хаясан хэмээн Маск үздэг аж. Гэвч OpenAI-ийг ашгийн төлөөх байгууллага болгосноор хиймэл оюун ухааны хамгийн шилдэг загварыг хөгжүүлэх хөрөнгө мөнгийг босгож чадсан хэмээн Альтман тайлбарлаж байна. “Илон Маск OpenAI компанийг хамтран байгуулсан, тэр бол орчин үеийн технологийн үйлдвэрлэлийн лидер. OpenAI технологийг хамгаалж, хөгжүүлэх хамгийн зөв хүн бол Маск” хэмээн түүний өмгөөлөгч ярилаа. ChatGPT-ийг зохион бүтээгч OpenAI компани Япон болон Арабын нэгдсэн эмират улсын хөрөнгө оруулалттай АНУ-ын Oracle компанитай нэгдэж магадгүй гэсэн яриа гарчээ. Oracle компани АНУ-ын хиймэл оюун ухааны дэд бүтцийн салбарт 500 тэрбум долларын хөрөнгө оруулах арга замыг эрэлхийлж буйгаа мэдэгдээд байна.