Дональд Трампын засаг захиргаа Хятадаас орж ирж буй бараа бүтээгдэхүүнээс 10 хувийн гаалийн татвар авах шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсний дараа Хятадын тал хариу арга хэмжээ болгож АНУ-ын бараанаас гаалийн татвар авахаар болсон. АНУ-ын нүүрс, шингэрүүлсэн байгалийн хийнээс 15, түүхий нефть, хөдөө аж ахуйн машин, техник, пикап автомашин, спорт автомашинаас 10 хувийн татвар авах Бээжингийн шийдвэр өчигдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байна. Үүний өмнөхөн Цагаан ордны тэргүүн АНУ-д импортоор орж ирж буй төмөр, цайраас 25 хувийн татвар авах зарлигт гарын үсэг зуржээ. Хэнд ч ямар ч хөнгөлөлт байхгүй хэмээн мэдэгдэж, энэ төрлийн бүх импортоос 25 хувийн гаалийн татвар авахаар болж байна.
Хоёр их гүрний хооронд ийнхүү гаалийн татварын дайн өрнөж, хүчээ авч байх хооронд Бээжингийн Засгийн газар “Худалдааны дайнд ялагч гэж байдаггүй. Протекционист бодлогод (Гадаадын бараа бүтээгдэхүүний өмнө үндэсний бүтээгдэхээ хамгаалах) гарц байхгүй” хэмээн мэдэгдлээ.
Хятадын эдийн засагчдын батлан хэлж буйгаар, төмөр, цайрын импортын талаарх Вашингтоны түрэмгий алхам нь Хойд Америкийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварт аюул учруулаад зогсохгүй, хоёр талын хууль дүрэм, чөлөөт худалдааны суурийг ганхуулж магадгүй. Трампын засаг захиргаа бусад улс орныг татварын бодлогоор дарамталж, гаалийн татварыг зэвсэг мэт ашиглаж байна хэмээн Global Times сонинд бичжээ. Төмрийн экспортоор дэлхийд тэргүүлдэг Хятад улс 2024 онд 100 сая тн төмөр экспортлосон ч гол худалдан авагчдынх нь дотор АНУ байсангүй. Өнгөрсөн онд Хятадын экспортын төмрийн дөнгөж 1.8 хувь нь АНУ-д ногджээ. Харин америкууд цайрын импортынхоо 3 хувийг Хятадаас авсан байна. Трамп эхний бүрэн эрхийнхээ хугацаанд төмрийн импортод 25, цайрын импортод 10 хувийн татвар оноох шийдвэр гаргаж Европын холбоо, Канад, Мексик зэрэг холбоотнуудынхаа эгдүүцлийг төрүүлж байв.
Вашингтоны гааль, татварын түрэмгий бодлого том гүрнүүдийн хооронд төдийгүй дэлхийн эдийн засаг, импорт, экспортын тэнцвэрийг алдагдуулж, ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд анхааруулж байна.