Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.02.12 11:31
3667
А.Бат-Эрдэнэ: Цахилгааны тариф 2-3 дахин нэмэгдээгүй, иргэдийн хэрэглээнээс нь хамаарч байгаа

Лхагва гарагийн өглөөний зочноор Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүч хэмнэлтийн газрын дарга А.Бат-Эрдэнэ оролцлоо. Тэрээр эрчим хүчний үнэ тарифын мэдээлэл болон гэр байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулснаар цахилгааны төлбөрөө багасгах боломжтой талаар зөвлөгөө өглөө. 

- Өнгөрсөн жилийн 11 сард эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоож нэмэгдүүлсэн. Үүнтэй холбогдуулан цахилгаанаар халаалтаа шийдсэн өрхүүдэд хүндрэл гарч, төлбөр нь өндөр гарч байна. Тиймээс буцаад гал түлэхээс өөр аргагүйд хүрч байгаа талаараа ярьж байна. Төлбөрөө бууруулахын тулд айл өрхүүд ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

- Эхлээд үнэ тариф ямар байдлаар нэмсэн талаар товч мэдээлэл өгье. Нийт 780 гаруй мянган айл өрх Монгол Улсад эрчим хүч хэрэглэж байна.

Үүний 45 хувь нь 150 кВт цаг хүртэл хэрэглээтэй хэрэглэгчид байгаа. Харин 40 хувь 150-300 хүртэл хэрэглээтэй байгаа бол үлдсэн 15 хувь нь 300 кВт цагаас дээш хэрэглээтэй өрхүүд байдаг.

Эрчим хүчний 1 кВт цагийн өртөг нь  285 төгрөг байгаа. Нийт хэрэглэгчийн үнийг 140-285 руу буюу 2 дахин нэмэх асуудал үүсэж байсан. Хэрэглэгчдээ бодож, өнөөгийн нөхцөл байдлыг нь харгалзан шаталсан тарифын ангиллыг гаргасан. 

150-300 хүртэлх нь арай бага, 300 кВт цагаас их хэрэглэдэг нь их төлнө гэсэн олон улсын зарчмаараа үнийг нь арай өндөр байдлаар тогтоосон байгаа. 

Төлбөр нэмэгдсэнтэй холбоотой хэрэглэгчид миний төлбөр өмнөх жилээс 2, 3 дахин нэмэгдлээ гэж ярьж байна. Бид газар дээр нь буюу Улаанбаатар цахилгаан сүлжээ түгээхтэй хамтран ажиллаж байгаа. Очоод үзэхээр цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд өндөр хэрэглээтэй байгаа. 

Тус айлууд 2000-2500 кВт цаг, дундаж хэрэглээ нь 250 кВт цаг байгаа. 1 айлын хэрэглээнээс 10 дахин хэрэглээг тэр айл өрхүүд хэрэглэж байна. Үүнээс шалтгаалж төлбөр өндөр гарч байна.

Өмнөх жилийн хэрэглээнээс цахилгааны хэрэглээ 2-3 дахин нэмэгдсэн. Дээрээс нь одоо байгаа тарифын өсөлт орж ирэхээр хүмүүс миний төлбөр өмнөх жилээс, өмнөх сараас 2, 3 дахин нэмэгдлээ гэж ярьж байна. 

Яг газар дээр нь очоод үзэхээр хэрэглээнээс нь шалтгаалж төлбөр нь 2, 3 дахин нэмэгдсэн байдаг. Түүнээс тарифаар нэмэгдсэн үнэ нь тийм биш.

300 кВт цаг хүртэлх нь дунджаар 30 хувь, 300-аас дээш нь 50-70 орчим хувиар нэмэгдсэн байгаа. Түүнээс 2, 3 дахин нэмэгдсэн зүйл байхгүй. 

Эдгээр хэрэглэгчид төлбөрөө хэрхэн бага гаргах вэ гэвэл 2 тарифт тоолуураас 3 тарифт тоолуур руу шилжих юм бол тухайн хэрэглэгчийн төлбөр дунджаар 20-иос багагүй хувиар буурах боломжтой.  Мөн айл өрхүүд нэг сарын хэрэглээнийхээ 70-80 хувийг цахилгаан халаалтдаа зарцуулж байна. Барилгын дулаан алдагдал, норм 50 орчим хувийн дулаан алдагдалтай байна.

Тэгэхээр 2,000 кВт цаг хэрэглэдэг хэрэглэгчийн дулаан алдагдлаас шалтгаалж агаарт цацагдаж байгаа энерги нь мянган кВт цаг нь байгаа.Тиймээс дулаан алдагдлаа бууруулах юм бол төлбөр нь буурах боломж байна. 

- Дулаан алдагдлаа айл өрхүүд хэрхэн бууруулах боломжтой вэ?

-Дулаан алдагдлаа мэргэжлийн аудитор юм уу барилгын инженер нараар хэмждэг багажаар нь хэмжүүлдэг. Хана, цонх, шал, тааз хаагуураа дулаан алдаж байгаагаа тогтоолгох боломжтой. Үүний дагуу арга хэмжээгээ авах хэрэгтэй. Цонхноосоо хамгийн их дулаан алддаг айлууд их байна. Тиймээс заавал дулаарахыг хүлээхгүйгээр цонхны жийргэвчээ солих, янзлах арга хэмжээг авбал эрчим хүчний хэрэглээ нь буураад л ирнэ. Зарим дүүргүүд дээр дулаалгын аян өрнүүлсэн байгаа.

Цахилгаан хэрэглэдэг айлуудаас гадна түлш түлж байгаа өрхүүд барилгаа дулаалчих юм бол түлшний зарцуулалт, утаа 50 хувь буурах боломжтой.

Шууд дамжуулалт: