Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2025.02.12 17:24
2804
Б.Гантулга:Орлогын албан татварыг тэглээд оронд нь импортын барааны татварыг 15 хувь болгочих

Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой "Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа. 

-Татварын багц хуулийн төслийн шинэчлэл ирэх хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Ажил олгогчдын зүгээс татварын хувь хэмжээ, ялангуяа НДШ дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл ажилтнаас 11.5 хувь, ажил олгогчоос 12.5 хувь буюу нийт  24 хувийн татвар ногдуулдаг. Төлөөгүй компаниудын данс хаах юм уу дарамтлах асуудал үүсээд байгаа юм. Ажил олгогчдын зүгээс харахад НДШ-ийн 24 хувийг балансдаа цалингийн зардал, хүний нөөцийн зардал гэж бүртгэдэг юм. Тэгэхээр энэ нь ажил олгогчоос төлж буй, энэ нь ажил олгогчоос гэж огт ялгадаггүй.

Энэ татвар, шимтгэл багасвал ажилтны гар дээр очих мөнгөн дүн нэмэгдэнэ. Нөгөө талаас цалингаа нэмэхэд дагалдах зардал дагаад өсдөг байвал  өөрчлөгдөнө. Нөгөө талаас НДШ-ийн үр өгөөж бага байгаа учраас ажилтан уурлаад, ажил олгогч уурлаад байгаа юм. Үүнийг сайжруулах боломж бол байгаа.

Төр засаг НДШ-ийн үр өгөөжийг сайжруулна гэж хэд дэх жилдээ ярьж байна. Татварын асуудлыг шинэчилнэ гэж хэд хэд жилдээ ярьж байгаа билээ. Шинэчлэл явахгүй, асуудлаа шийдвэрлэхгүй яваад л байдаг энэ нь эргээд нийгэмд, бизнес эрхлэгчдээ хүлээлт үүсгэдэг. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчид гаднаас ажиглаад,  хараад л сууж байгаа. Гэтэл гадны хөрөнгө оруулалт татах байтугай дотоодын залуучууд монголдоо бизнес эрхлэх сонирхолгүй болж байна. Гадаад руу их явж байна. Тэнд бизнес эрхэлж байна. Гэтэл тэдгээр залуучууд монголдоо үлдэж, монголдоо бизнес эрхэлж байж Монгол Улс хөгжинө шүү дээ.

ЭМДШ дөрвөн хувь байгаа. Ийм бага шимтгэл дээр тогтдог эрүүл мэндийн тогтолцоо дэлхийн хаана ч байхгүй. Энэ шимтгэл хамгийн багадаа найман хувь байх ёстой. Тэгвэл НДШ-ээ нэмэх ёстой юм уу гэхээр үгүй. 24 хувийн татварын дөрвөн хувийг найман хувь болгоод ЭМД руу оруулж шилжүүлээд , нөгөө талд 17 хувийн тэтгэврийн даатгалын шимтгэл байгааг 13 хувь болгох хэрэгтэй. ЭМДШ-ээс иргэд рүү чиглэсэн хамгаалалт үйлчилгээг нь 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой. Орлогыг хоёр дахин нэмчихээр шууд утгаараа хамгаалах хамгаалалт нь тэр хэмжээгээр өсөх боломжтой. Иргэдийн авч буй эрүүл мэндийн чанар өөрөө 2-3 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ эргээд НДШ төлж байгаа иргэний, ажил олгогчийн сэтгэл ханамжийг өсгөнө. Хувь хэмжээ бууруулахгүйгээр дотор нь зөв хуваарилалт , тооцоолол хийх боломж байгаа.

-Дотоодын үйлдвэрлэлээ татварын бодлогоор хэрхэн дэмжих вэ. Татварын орчинг хэрхэн таатай болгож, сайжруулах вэ?

- Өнгөрсөн хугацаанд худалдааны л бизнесийг дэмжлээ. Арилжаа, наймааны салбар хөгжлөө. Үүнийг дагаад арилжааны банкууд хөгжлөө. Тэгвэл бусад салбараа яаж хөгжүүлэх вэ. Орлогын албан татварыг 0 болгоод, татваргүй бүс болгох хэрэгтэй. Тэгж байж алслагдсан, цоожлогдсон орчныг хөдөлгөж, бизнесийн орчноо таатай болгоно. Хүн мөнгө олох, бизнес хийхийг нь чөлөөтэй болгоод татвар авахаа болиулчихъя. Орлогын албан татвараас 2023 оны байдлаар 6 их наяд төгрөгийн татвар цугладаг юм билээ. Энэ мөнгийг эргүүлээд импортын барааны албан татвараас нөхөх боломжтой. Одоогийн байдлаар импортын барааны татвар 5 хувь байгаа.

2017 онд хүнсний таван нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээлийг хамгаалахын тулд импортын татварыг  15 хувь болгосон. Мах, сүү, өндөг гэхчилэн таван нэр төрлөөр эхэлсэн энэ бодлого өнөөдөр зургаан нэр төрөл болж, дотоодын энэ чиглэлийн үйлдвэрүүд хөгжих боломж өгсөн. Сүүний салбарт гэхэд импортын шар сүү дэлгүүрийн лангуур дээр битүү өрөөтэй байдаг байсан бол одоо дотоодын үйлдвэрийн сүү битүү өрөөтэй байгаа.

Үүний ижил арга хэмжээ авах буюу орлогын албан татвараа тэглээд оронд нь импортын барааны татварын 15 хувь болгочих. Дубай өөрөө энэ зарчмаар явдаг. Татварыг цогцоор нь өөрчлөх, тохируулга хийх шаардлага байгаа.

-Татварын бааз сууриа нэмэх тал дээр та ямар байр суурьтай байна вэ. НӨАТ-ын босго 50 сая төгрөг байгаагаас жижиг ААН орохгүйн тулд баримт хэвлэж өгөхгүй байх. Энэ нь эргээд эрүүлээр  өрсөлдөх чадварыг нь сулруулах сул тал болоод байна?

-Татвар өөрөө эрх тэгш баймаар байгаа юм. Хоёр нэрийн барааны дэлгүүрийн нэг нь татвар төлж дарамтад ороод байдаг. Нөгөөх нь татвараас зайлсхийж зүгээр яваад байдаг. Гэтэл татварын байцаагч татвараас зугтаад байгаа нөхрийг шийтгэх биш татвараа төлж байгаа дээр нь очоод дарамтлаад байдаг. Гэтэл ямар ч татварын зардал шингээгүй дэлгүүрийн зарж байгаа бүтээгдэхүүн хямд , иргэд түүгээр үйлчлүүлээд байдаг. Гэтэл татварын зардал орсон дэлгүүрийх илүү үнэтэй өрсөлдөж чаддаггүй. Үнэхээр жижиг бизнесээ дэмжье гэж байгаа бол тэр нэг хувийн хялбаршуулсан журмаа больчих л доо. Татваргүй л болгочих. Нэг хувиа авахын тулд баахан дэд бүтэц зардал гаргаад ямар ч бүтээмжгүй ажлын байр бий болгоод, зүгээр л дарамталдаг хүмүүсийг л бий болгож байна. Жижиг ААН-үүдээс нэг хувийн татвар цуглуулаад эргүүлээд тэр мөнгөөрөө төрийн албан хаагч, татварын байцаагч нарыг цалинжуулаад хиймлээр татварын байцаагч нарын тоог нэмээд байна.

-Албан татварын хувь хэмжээ хэр оновчтой байгаа вэ. Тухайлбал, зургаан тэрбумаас дээш төгрөгийн ашигтай ажилласан том ААН дээр 25 хувийн татвар ногдуулж байгаа шүү дээ?

-Шаталсан татварын хувь хэмжээг мөн эргэж харах цаг болсон. Зургаан тэрбум төгрөгөөс дээш ашигтай ажиллаж байгаа компаниудад 25 хувийн татвар ногдуулдаг. Том компаниудад илүү их татвар ногдуулах ёстой, хариуцлагатай байх ёстой гэх талаас явж байна. Гэтэл бодит байдал дээр компаниуд задарч байна. Ашиг орлого нэмэгдээд ирэхээр компаниуд задарч, охин компаниуд байгуулчихдаг. Төрөөс жижиг компани дэмжиж байгаа бол жижигрэе гэх хандлага руу явж байна. Энэ нь өөрөө олон улсаас хөрөнгө оруулалт татах боломжгүй болгож байна. Жижгэрсэн охин компаниуд жижигдэж байна. Үүнийг дагасан ямар ч бүтээмжгүй олон захирлууд, нягтлангууд болж байна.

Тиймээс зургаан тэрбум гэх тоог нэмэх хэрэгтэй. Мөн 10 хувийн татвараас шууд 25 хувийн татвар авдгийг эргэж харах хэрэгтэй. арван тэрбумаас дээш бол 15, хорин таван тэрбумаас дээш бол 20 , гучин тэрбумаас дээш бол 25 гэх байдлаар шаталсан байх хэрэгтэй.