m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.02.13 10:23
2850
Петр Порошенко Украинд буцаж иржээ

Петр Порошенко Украинд буцаж иржээ Украины Ерөнхийлөгч асан, сөрөг хүчний “Европын эв нэгдэл” намын лидер Петр Порошенко гадаадаас эх орондоо буцаж ирснээ Телеграм сувгаараа дамжуулан зарлав. Украинд бүх зүйл хяналтаас гарсан, тийшээ буцаж очоод хэрэггүй хэмээн түүнд сануулж байсан ч тэр буцаж иржээ. “Варшав, Берлин, Парис, Вашингтон, Брюсселээр томилолтоор явж байгаад ирлээ. Намайг битгий буцаж оч, гадааддаа үлд хэмээн зөвлөж байсан. Би эх оронтойгоо хамт байх ёстой учраас буцаж ирлээ” хэмээн Порошенко мэдэгдэв. Украины Батлан хамгаалах, аюулгүй байдлын үндэсний зөвлөл түүний эсрэг хориг тавьсан нь өдөөн хатгалга, гэмт хэрэг хэмээн экс Ерөнхийлөгч үзэж байна. Порошенко одоогийн Ерөнхийлөгч Зеленскийг авлигад автагдсан, өөрийнхөө алдааг өмнөх үе рүүгээ тохох гэж оролдож байгаа хэмээн ярьжээ. Петр Порошенко 2014-2019 онд Украины Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан. Чихэр, амттан үйлдвэрлэгч ROSHEN корпорацын эзэн. ROSHEN нь Украин болон Зүүн Европын амттаны томоохон үйлдвэрийн нэг, дэлхийн эхний 30-д багтдаг. Тус корпорац Казахстан, Кавказын орнууд, Ази, Европын холбоо, АНУ, Молдав, Хятад, Иордан, Япон зэрэг дэлхийн 30 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Forbes сэтгүүл түүний хөрөнгийг 1.6 тэрбум доллар хэмээн үнэлж байв.