Пүрэв гарагийн өглөөний зочин ярилцлагад “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн маркетингийн хэлтсийн дарга Ц.Чанцалням оролцлоо.
- Нийтийн тээврээр зорчих өртөгт өөрчлөлт оруулж, өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчдог болсон. Үүнтэй холбоотойгоор картны төхөөрөмж ажиллахгүй байна гэх мэт гомдлууд иргэдээс ирж байгаа асуудалд тайлбар өгөхгүй юу?
- Автобусанд суух үед хоёр төхөөрөмж байгаа. Нэг нь Улаанбаатар смарт карт гэсэн манай компанийн дамжин суултын хөнгөлөлт эдлэх боломжтой төхөөрөмж, нөгөө нь UB карт гэсэн нэртэй буюу банкны карт унших төхөөрөмж. Хэрэв энгийн банкны картаа уншуулсан тохиолдолд буухдаа дамжин суултын төхөөрөмж дээр дарахад ажиллахгүй гэсэн үг. Тодруулбал, та хөнгөлөлтөө эдлэхийг хүсвэл Umoney картаа Улаанбаатар смарт картны төхөөрөмж дээр суухдаа болон буухдаа дарснаар өдөрт дөрвөн удаагийн зорчилтондоо 1000 төгрөгөөр зорчино гэсэн үг юм.
Мөн түүнчлэн зарим тохиолдолд зорчигчид буухдаа картаа дардаг төхөөрөмжийг залгуураар нь салгах тохиолдол гарч байгаа нь төхөөрөмж ажиллахгүй байна гэх гомдол гаргах шалтгаан болж байна. Ямар нэг байдлаар цаанаас нь тохируулж унтраах асуудал бол байдаггүй.
- Тэгэхээр банкны картаар зорчиж байгаа иргэд бол өдөрт хэдэн ч удаа зорчсон 1000 төгрөгөө төлөх буюу хөнгөлөлт эдлэх боломжгүй гэсэн үг үү?
- Банкны энгийн карт болон манайхтай хамтарч гаргасан банкны карт гэж хоёр төрөл байгаа юм. Энгийн банкны картаар төлбөрөө төлсөн тохиолдол бүрт та үндсэн төлбөрөө төлөх бол манайхтай хамтарч гаргасан банкны карт нь umoney карттай адил буюу хөнгөлөлт урамшууллаа эдлээд явах боломжтой. Банкны картыг хэрхэн таних боломжтой вэ гэхээр ард талд нь umoney картын 1615 тоотоор эхэлсэн 16 орон бүхий дугаар байгаа.
- Өдөрт 1000 төгрөгөөр дөрвөн удаагийн зорчилт хийснээр гарч байгаа эерэг үр дүн юу байгаа вэ?
- Анх төсөл хэрэгжүүлж эхэлж байх үед буюу суух, буухдаа дардаг төхөөрөмжийг суурилуулснаар зорчих хөдөлгөөний датаг цуглуулаад хот төлөвлөлтийг хийхэд илүү дөхөм болгох зорилготой байсан. Гэтэл иргэд дамжин суултыг тэр бүр ашигладаггүй буюу өнгөрсөн 10 жилийн хугацаанд буух төхөөрөмж дээр дарч байгаа хувь нийт зорчилтын 10 орчим хувийг эзэлж байсан. Ингэснээр датаг ашиглах боломжгүй байсан. Одоо бол зорчилт болгоны дараа буух төхөөрөмж дээр дарж байж дараагийн зорчилтоо дахин мөнгө төлөхгүй хийх учраас иргэдийн карт даралтын хувь одоогийн байдлаар нийт зорчилтын 40 орчим хувийг эзэлж байна. Тэгэхээр эцсийн дүндээ энэ дата мэдээллээр иргэдийн хамгийн их зорчилт хийдэг газруудад автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, хот төлөвлөлтийг илүү зохион байгуулалттай болгох гэх мэт судалгаанд ашиг тустай байгаа юм.
- Хугацаатай картыг хүчингүй болгох ажил хэзээнээс эхлэх вэ? Энэ нь иргэдийн шүүмжлэлийг багагүй дагуулж байгаа шүү дээ.
- Хугацаатай карт гэдэг бол том хүн сард 25 мянган төгрөгөөр, хүүхэд 8000 төгрөгөөр сунгалт хийгээд тухайн сардаа хязгааргүй зорчих эрхтэй карт байсан. Үүний үйлчилгээг зогсоох тухай чиглэлийг Нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлээд гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон.
Иргэдийн зүгээс тухайн картыг нэгэнт авчихсан учраас цаашид хэвийн цэнэглээд явах боломжтой юу гэх асуултыг ихээр ирүүлж байгаа учраас техникийн хувьд судлаад, тест хийж байгаа. Хариу гарсан үед тодорхой мэдээллүүдийг иргэдэд өгөөд явна.
ШУУД ҮЗЭХ: