Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.02.14 11:08
3964
П.Наранбаяр: Цахим орчинд халдлагад өртсөн хүүхдүүдийн 60 хувь нь эцэг эхдээ хэлдэггүй

Цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг Боловсролын яамнаас эхлүүлсэн байна. Тус асуудлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Д.Гантулга нар мэдээлэл хийлээ.

П.Наранбаяр Боловсролын сайд: 2024 оны 11-р сарын 29-ны өдөр Австрали улс цахим орчинд буюу фэйсбүүк, тик ток, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд 16 нас хүртэлх хүүхдийг орохыг орохыг хориглосон. Тус хууль дэлхий дахины анхаарлыг татаж байна. 

Тиймээс тус хуулийг судлах, үр нөлөөг нь нягтлах, манай улсад олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх хүүхдийг орохыг хориглох хязгаарлах хуулийн заалтыг оруулж ирж судлах судалгааны ажлын хэсэг ажилдаа орсон. Энэхүү өөрчлөлтийг хийхийн тулд судалгаа маш их шаардана. Мөн нийгэм, олон нийтийн хүрээнд нийгмээрээ хэлэлцэж зөвшилцөлд хүрэх шаардлагатай байна. 

Эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүхий л нийгмийн бүлгүүдтэй бид уулзана. Гэхдээ бид үр дүнд хүрэх ёстой. 

2020 онд хүүхдийн аюулгүй байдлын талаарх үндэсний суурь судалгаанаас харахад эцэг эхчүүдийн  91 хувь нь хүүхдүүд цахим орчинд халдлагад өртөж байгаагүй гэх ойлголттой байгаа. Гэтэл хүүхдүүдийн хувьд үүнээс өөр байна. Хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчинд ямар нэгэн хэлбэрийн халдлагад өртсөн, 60 хувь нь эцэг эхдээ хэлээгүй гэх судалгаа байна. 

Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээгээр зохисгүй контентууд явж хүүхдийн хүүхэд насанд тохироогүй зүйлүүд гарч, цахим дээрэлхэл үүсэх зэрэг олон асуудлууд гарч байна. Үүнээс хүүхдээ хамгаалах нь бидний үүрэг. Мөн цахим орчинд соёлтой боловсон оролцох нь манай нийгэмд ямар хэрэгтэй байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Австрали улсын тус хуулийг судлах ёстой гэж бодож байна.