“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, санхүүжилтийн хэлтсийн дарга Л.Ганзултай ярилцлаа.
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдах товтой байна. Хэзээ хуралдах вэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар ямар ямар асуудал хэлэлцэх вэ?
-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ ирэх долоо хоногийн эхээр буюу 17, 18, 19-ний аль нэг өдөр хуралдахаар байгаа. ТУЗ-ийн хурлаар тус компанийн ногдол ашгийг хуваарилах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
-2024 оны 12-р сард хувьцааны ногдол ашиг гэж иргэн бүрийн дансанд 135 мянган төгрөг тараасан. Энэ нь хууль ёсны мөн байсан, хууль бус гэх маргаан сошиалаар их өрнөсөн. Энэ нь хууль ёсных байсан уу?
-“Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь төр буюу ЗГ өөрөө. Түүний эрхийг хэрэгжүүлэгч буюу манай толгой компани “Эрдэнэс монгол” ХХК байдаг. Нийт хувьцааны 73 хувийг эзэмшдэг. ЗГ том хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргасан. Тиймээс ногдол ашиг авах нь хуульд нийцэж байгаа. “Эрдэнэс тавантолгой” хувьцаат компанийн борлуулалт, цэвэр ашгийн хэмжээ , санхүүгийн үзүүлэлтүүд өнгөрсөн 12-р сард гарчихсан байсан. Он дуусахад арваад хоног л дутуу байсан. Гүйцэтгэлээр ямар хэмжээний ашигтай ажиллах нь тодорхой байсан. Ногдол ашгийг компанийн тухай хуулиар санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоног дотор ТУЗ хуралдаж, ногдол ашиг олгох эсэх, ямар хэмжээний ногдол ашиг олгох талаар шийддэг заалттай. Манайх ашигтай ажилласан нь тодорхой байснаас урьдчилгаа хэлбэрээр ногдол ашиг олгосон. Хууль зөрчсөн зүйл байхгүй.
-2024 онд хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ. Ногдол ашигт хэдэн төгрөг хуваарилахаар байгаа вэ?
-“Эрдэнэс тавантолгой” компани 2024 оны жилийн эцсийн тайлангаар 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ирэх долоо хоногт хуралдах ТУЗ-ийн хурлаар нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох талаар шийдвэр гаргана.
Оны өмнө 1072 ш хувьцаатай иргэдэд 135 мянган төгрөг олгосон бол 536 хувьцаатай иргэдийн ногдол ашиг багасна. Тэгэхээр хэдэн төгрөг олгох зохих шийд гарсны дараа өмнө олгосон 135 мянган төгрөгийг хасаад үлдсэн ногдол ашиг шилжинэ гэсэн үг.
-Гадаадад байгаа иргэд нэрийн дансаа нээж, ногдол ашгаа авч байгаа юу?
-Иргэдэд ногдол ашгийг олгох асуудлыг ҮЦТТТХТ-тэй хамтарсан гэрээний дагуу бид ногдол ашгийг төвлөрүүлж, олгодог. Иргэдийн нэрийн данс ҮЦТТТХТ-д бүртггэдсэн байх ёстой. Ялангуяа гадаадад байгаа иргэд данс нь байгаа эсэхийг иргэд өөрсдөө асууж тодруулах, байхгүй бол данс нээлгэх хэрэгтэй. Дийлэнх иргэд данстай ногдол ашгаа аваад явж байгаа бол цөөн тооны иргэн дансгүй, ногдол ашиг нь “Эрдэнэс тавантолгой” компанид хуримтлагдаад явж байгаа.
-Нэрийн дансаа нээсэн тохиолдолд өмнөх хуримтлагдсан ногдол ашиг нь ороод ирэх юм байна тийм үү?
-Дансны мэдээлэл нь тодорхой болвол ямар ч асуудалгүй шилжиж орно.
-“Эрдэнэс тавантолгой” компани 2024 онд дотоодод гаргасан бондын эргэн төлөлтийг цаг тухайд нь төлж дууссан. Энэхүү мөнгөөр ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?
-Бондын санхүүжилтийн хүрээнд ЭТТ компани 495.6 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Энэ мөнгөөр арав орчим төслийг санхүүжүүлсэн. "Эрдэнэс тавантолгой" компаниийн ашиг орлого сүүлийн жилүүдэд байнга өсч байгаа. Энэ ашгаас ногдол ашиг тараахаас гадна ТУЗ-ийн шийдвэрээр шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна.
-Энэ онд танай компани ямар ажил хийхээр төлөвлөж байна? Хил холболтын төмөр замын асуудал шийдэгдэх гэж байна. Үүний үр дүн хэзээнээс гарч эхлэх вэ?
-Хил холболтын төмөр замыг холбох шийд гараад , хэрэгжээд явбал ЭТТ компанийн цэвэр ашгаас 979 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөж байна. Төмөр зам хийгдээд ,ашиглалтад орвол нүүрсний борлуулалт ихэсч, борлуулалт, ашгийн хэмжээ нэмэгдэнэ.
-Одоогийн байдлаар нүүрсээ биржээр худалдахгүй, нүүрсний үнэ унасан байна шүү дээ. Ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Зах зээлийн үнэ өөрөө хэрэглэгч, нийлүүлэгчийн харилцан уялдаанаас тогтоно. Биржийн үнэ бидний зүгээс шууд хамаарахгүй. Үнийн савалгаа үүсч болно. Урт хугацаандаа зах зээлийн зарчмаар шийдэгдээд явна байх. Компани төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөний дагуу төлөвлөгөөндөө хүрэхийн төлөө ажиллана.
-2025 оны төсөвт 80 сая тонн нүүрс экспортлохоор тусгасан. Энэ дүр зургаараа энэ хэмжээнд хүртэл нүүрс экспортлох уу?
-2024 онд нүүрсний экспорт энэ тоонд хүрсэн. Энэ онд ч төлөвлөгөөндөө хүрэхээр зорьж ажилна.
-Бид төлөвлөгөөндөө хүрэхээр зорьж байгаа ч биднээс шалтгаалахгүй гадаад орчин , гадаад зах зээл ямар байна вэ?
-Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгч гол нийлүүлэгч нь Австрали байна. Аль аль тал нь нүүрс нийлүүлэх төлөвлөгөөндөө хүрэхийн төлөө зорьж ажиллаж байгаа. Өнөөдөр үүнийг тодорхойлж хэлэхэд төвөгтэй л дөө.
-ТУЗ хуралдаад ногдол ашиг олгох шийд гаргасан тохиолдолд иргэдийн дансанд хэзээ шилжиж орох вэ?
-Компанийн тухай хуулиар ногдол ашиг олгох өдөр бүх мэдээллийг ТУЗ өөрөө шийдвэрлэнэ. ТУЗ ямар шийд гаргана тэр дагуу саадгүй ногдол ашиг тараана.