m.mn
түрүүлж мэдээлнэ
Гадаад мэдээ
2025.02.14 13:17
3095
Канье Уэст, Бианка Сенсори хоёр салж байгаа юу?

 Канье Уэст (47), Бианка Сенсори (30) нар 2025 оны Грэммийн улаан хивсний ёслол дээр ирж дэлхийг дэлдийлгэж байв. Арга хэмжээнд уригдаагүй байж хөгжмийн одод алхдаг улаан хивсэн дээр гарч ирсэн нь бүгдийг гайхшруулсан юм. Загвар зохион бүтээгч австрали бүсгүйн хувцаслалт, шинэ төрх бүхнийг ангайлгаж, эцэс төгсгөлгүй тайлбар, сэтгэгдэл, маргаан дэгдэж байв. Энэхүү үзэгдлээс хойш аравхан хоногийн дараа тэд салж байгаа гэсэн яриа хүчтэй тархаж эхэлжээ.

Гэрлэлт цуцлах хууль ёсны, шүүхийн бичиг цаасны ажил ойрын өдрүүдэд эхэлнэ хэмээн Америкийн дуулианд дуртай хэвлэлүүд бичиж байна. Канье Уэст, Бианка Сенсори нар 2023 онд Сан Францискогийн Пало Альтод хамгийн цомхон хүрээнд, хөндлөнгийн ямар ч гэрчгүйгээр гэрлэсэн гэдэг.

Алдарт рэппер дундаасаа дөрвөн хүүхэдтэй Ким Кардашианаас албан ёсоор салснаас дөнгөж 20 хоногийн дараа Сенсорид “Тийм ээ, би хүсэж байна” гэж хэлсэн нь бас нэг дуулиан болсон юм. Одоогоор Канье, Бианка хоёр аман тохироо хийж, салсны дараа бүсгүй таван сая доллар авахаар болсон аж. Ямар ч байсан Сенсори салах үйл явц дуусах хүртэл Беверли Хиллсийн тансаг дүүрэгт байдаг 34 сая долларын үнэтэй дундын байшиндаа амьдрахаар болжээ.

Цуутай хос салж байна гэдэг мэдээллийг анх Daily Mail цацаж, хэвлэлүүд өлгөн авч давалгаалав. Үүний дараа рэппер Уэстийн төлөөлөгч Мило Яннопулос гарч ирж “Тэдний хувийн амьдралын талаарх мэдээлэл зөвхөн тэднээс, өөрсдөөс нь гарах учиртай. Шар хэвлэлүүдийн эх сурвалжгүй мэдээлэлд итгэх хэрэггүй. Тэд салж байгаа гэсэн цуу яриа тав, зураа дахь удаагаа гарч байна” хэмээн ярьжээ.

Гэвч энэ яриа улам хүчээ авсаар. Канье Уэст өөрийн хүслээр сонин сонин хувцас өмс гэж тулгадаг, мөн хувцаслалтын талаар таагүй үг чулууддаг гэсэн шалтгаанаар Бианка Сенсори салах өргөдлөө өгсөн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна.