Б.Нарангоо
Ерөнхий редактор
Гадаад мэдээ
2025.02.15 19:26
3546
Клое Кардашиан Ламар Одомын амийг аварчээ

Клое Кардашиан экс нөхөр Ламар Одомыг үхлээс хэрхэн аварсан тухайгаа “The Kardashians” реалити шоунд оролцох үеэрээ ярьж бүгдийг ангайлгаж орхив. Сагсан бөмбөгийн Лос Анжелес Лейкерс багийн тоглогч Ламар Одом 2015 онд нэгэн улаан дэнлүүний газар хар тамхины тун хэтрүүлээд ухаангүй болж эмнэлэгт хүргэгдэн амьсгалын аппарат залгаастай байх үед Одомын эцэг нь аппаратыг салгахыг хүссэн аж. 2009-2016 онд ханилж байсан Клое, Ламар хоёр салснаасаа хойш саяхан анх удаа уулзахдаа өнгөрснөө дурсан илэн далангүй ярилцсан байна. Клое “Чамайг ухаангүй, аппарат залгаастай байхад аав чинь амь насны даатгалын мөнгийг чинь авах гээд аппаратыг салга гэж хэлж байсан. Харин би салгахыг зөвшөөрөөгүй, үргэлж чиний дэргэд байсан” гэж Ламар Одомд хэлжээ.


Одомын зүрх зургаан удаа зогсож, тархинаас нь цус алдаж байхад Клое Кардашианаас гадна Ким Кардашиан, Крис Женнер нар байнга сахиж байсан аж. “Би чамайг дөрвөн сар сахисан. Эмнэлэгт удаан амьдарсан болохоор арьсны халдвар авч эмчлүүлсэн. Уушгинд чинь мэс засал хийх гэж байхад багийн чинь анд Коби Брайант эргэж ирсэн” хэмээн Клое өгүүлэв. 
2009, 2010 онд NBA-гийн аварга болж явсан Ламар Одом өнөөдөр Odom Wellness Treatment Center хэмээх мансууруулах бодист донтсон хүмүүст туслах, донгоос нь ангижруулах төв ажиллуулсан шиг амьдарч байна.