Израиль, АНУ хамтдаа Ираны цөмийн зэвсгийн санаархал, түүний Ойрхи Дорнод дахь түрэмгийллийн эсрэг сөрөг зогсоно хэмээн Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзсаныхаа дараа мэдэгдлээ. Вашингтоны дипломат албаны тэргүүн Израильд айлчилж Ерөнхий сайд Нетаньяхутай олон асуудлаар ярилцсаны хамгийн чухал нь Ираны сэдэв байв. “Иран улс цөмийн зэвсэгтэй байх ёсгүй гэдэг дээр бид санал нийлсэн. Бүс нутаг дахь Ираны түрэмгийллийг тогтоож, зогсоох ёстой” хэмээн Биньямин Нетаньяху онцлон тэмдэглэв. “Ойрхи Дорнод дахь террорист бүлэг бүрийн ард Иран зогсож байдаг. Энэ бүс нутгийг орон гэрээ гэж нэрлэдэг сая сая хүний амьдрал, энх тайванд тэд заналхийлж байдгийн таслан зогсоох хэрэгтэй” хэмээн Марко Рубио ярьжээ. Ерөнхийлөгч Трампын хүчтэй удирдлага дор Израиль улс Ираны эсрэг “ажлаа дуусгана” хэмээн Нетаньяху онцлоод АНУ-ын Ерөнхийлөгчийг Израилийн аугаа найз хэмээн нэрлэв. АНУ Сири дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Башар Асадын дэглэм нуран унасан нь ихээхэн итгэл найдвар төрүүлж байгаа ч дахиад нэг үл бүтэх, бүс нутгийг тогтворгүй болгогч этгээдүүд эрх мэдэлд гараад ирвэл сайн зүйл болохгүй хэмээн Вашингтон үзэж байна. Иран улс Израилийн эсрэг үйл ажиллагаа явуулахдаа Сирийг бааз суурь болгон ашиглахыг зөвшөөрөхгүй гэдгийг Нетаньяху анхаарууллаа. Израилийн арми энэ зорилгоор Сири дахь алан хядагчдын байрлалд цохилт өгсөөр байгаа гэдгээ онцолжээ. Нетаньяху Газын зурвасын асуудлаар хамтарсан стратеги боловсруулан ажиллаж байгаа хэмээн мэдэгдээд Трампын дэвшүүлсэн санааг амьдрал дээр хэрэгжүүлэх талаар нухацтай хэлэлцэх болно гэв. Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвасын иргэдийг нүүлгэн шилжүүлж, тус бүс нутгийг АНУ-ын хяналтад авч, Ойрхи Дорнодын диваажин болгон хувиргах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн юм.