Украины хямралыг зохицуулах яриа хэлэлцээнд Ерөнхийлөгч Володимир Зеленский уригдана хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. “Тийм ээ, тэр яриа хэлэлцээнд оролцоно” хэмээн Трамп Fox News телевизэд ярилцлага өгөхдөө онцлов. Путинтэй хийх уулзалт тун удахгүй Саудын Арабт болно хэмээн тэрээр баталж байна. Орос, Америкийн лидерүүд энэ сарын сүүлчээр Саудын Арабын Эр-Рияд хотод уулзах нь тодорхой болж байна. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн яриа хэлэлцээ ирэх долоо хоногт Эр-Риядад болно хэмээн Newsweek мэдээлэв. “Путин дайн байлдааныг зогсоохыг хүсэж байна. Оросын лидер яриа хэлэлцээнд орохгүй гэвэл энэ нь АНУ-ын хувьд том бэрхшээл болно. Орос улс НАТО-той байлдах гэж байна гэдэгт би итгэхгүй байна” хэмээн Трамп ярилаа. Тэрээр Украинд энх тайван тогтох болно, зуучлагчдаар дамжуулан Киевт зэвсэг нийлүүлнэ хэмээн амлажээ. Европын орнууд Украинд нийлүүлэх зэвсэг, цэргийн техник төхөөрөмжийг АНУ-аас худалдан авахыг зөвшөөрнө гэдгээ илэрхийлэв. Үүний өмнөхөн Пентагоны тэргүүн Пит Хегсет “Киевт үзүүлэх цэрэг, санхүүгийн тусламжийг Европын орнууд хариуцах ёстой. АНУ-ын засаг захиргаа ийм байр суурьтай байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Хэдийгээр дайныг зогсоох асуудлыг хэлэлцэх яриа хэлэлцээнд Зеленский уригдсан ч Саудын Арабт болох Орос-Америкийн дээд хэмжээний уулзалтад Киев оролцохгүй гэдгээ ойлгуулжээ. Украины нэгдүгээр хүн Зеленский төдийгүй Тамгын газрын дарга Андрей Ермак болон Украины төлөөлөгчид яриа хэлэлцээнд оролцохгүй гэсэн аж. АНУ Европын холбоотой хамтарч хямралын төлөвлөгөө боловсруулсан нөхцөлд л Путинтэй уулзана хэмээн Зеленский болзол тулгаж байна. Тэрээр мөн цэрэг, дайны замаар мөргөлдөөнд ялалт байгуулах боломж Киевт байгаа хэмээн мэдэгджээ.