Дашваанжил ХХК-ийн газ тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол маркийн суудлын тэрэгтэй шүргэлцэж, газ дэлбэрсэн осол 2024 онд болсон.
Үүнээс хойш 1 жил 1 сарын хугацаа өнгөрчээ. Гэвч өнөөдрийг хүртэл тус хэрэг шийдэгдээгүй, хохирсон иргэд хохирлоо барагдуулж чадаагүй байгаа. Тус хэрэг шүүхэд шилжсэн гэх мэдээллийг өнгөрсөн сард дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны оршин суугчдад өгсөн байдаг.
Гэвч үүнээс хойш тэдэнд ямар ч мэдээлэл өгөөгүйн дээр хэргийн хавтаст хэрэгтэй танилцуулаагүй байна. Улмаар 207-р байрны оршин суугчид өмгөөлөгч авч, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцжээ. Харин өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж гарч ирээд оршин суугчдад ноцтой мэдээлэл өгсөн талаар хохирогч иргэн утсаар холбогдож мэдээлэл өгөөд байна.
Хохирогч иргэд, Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржавыг эд хөрөнгөө бусдын нэр дээр шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл үүссэн. Учир нь Н.Баатаржав нэг орон сууц, 1 портер машинтай гэж мэдүүлсэн. Харин тус компанийн жолооч Ч.Ренцэндорж орон сууц, хашаа байшин байхгүй. Нэг тээврийн хэрэгсэлтэй гэж мэдүүлсэн байна. Мөн анхаарал татаж байгаа нэг зүйл нь Дашваанжил ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2024 оны 12-р сарын 30-ны өдөр Л.Мөнхжаргалыг томилж Н.Баатаржавыг хассан байна. Мөн тус дэлбэрэлтийн улмаас байр нь шатаж гэр оронгүй болсон хохирогч иргэдийг хавтаст хэрэгт нэхэмжлэгч гэж оруулсан байгаа зэрэг нь олон зүйлийг хардах үндэслэл болж байгаа талаараа мэдээлсэн юм.
Тиймээс Opendata хуудаснаас Дашваанжил ХХК-ийн мэдээллийг харахад, Дашваанжил ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Н.Баатаржав хэвээр байгаа ч гүйцэтгэх захирлын албан тушаалаа бусдад шилжүүлэн өгсөн байгаа нь харагдаж байлаа.
Зам тээврийн осол гаргасан патрол машины жолооч Э.Мөнхнаран ор сураггүй болов уу гэлтэй түүний талаар хэн ч дурсахгүй байна. Түүний талаар ямар нэгэн мэдээлэл өнөөдрийг хүртэл байхгүй байгаа нь мөн л анхаарал татаж байна. Тэрээр уснаас хуурай гарав уу?
Үүний араас Дашваанжил ХХК-ийн захирал Н.Баатаржав болон жолооч Ц.Ренцэндорж нар уснаас хуурай гарах магадлал ч өндөр болж байна гэж оршин суугчид үзэж байгаагаа илэрхийлж байна.
Тиймээс бид тус асуудлын талаар эргэн сурвалжлах болно.