Цагаан сар болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ. Нийтээрээ сар шинэдээ бэлтгэсэн энэ өдрүүдэд бид энэ баяраар хичнээн төгрөг зарцуулдаг юм бол хэмээн тоо бодож үзлээ.
2019 онд Ю.Батзоригт, Ч.Тунгалаг нарын хийсэн судалгаанд нийт өрхийн 64 хувь нь бие даан цагаан сар тэмдэглэдэг гэсэн байна. Монгол Улсын хэмжээнд 2023 оны байдлаар 984 мянган өрх бүртгэгдсэн байдаг. Үүний 60 орчим хувь нь цагаан сар тэмдэглэнэ гэж үзвэл ойролцоогоор 600 мянган өрхөөр тооцож болох нь ээ.
Шүүс зоогоос эхэлье. Энэ жил хонины ууц 300-600 мянга, үхрийн өвчүү 250-300 мянган төгрөгийн ханштай байна. Дээрх 600 мянган өрхийн 200 мянга нь залуу гэр бүл бөгөөд ууц тавьдаггүй гэж үзье. Үлдсэн 400 мянган өрх дунджаар 300 мянган төгрөгийн үнэтэй ууц эсвэл өвчүү баярын ширээн дээрээ тавина гэж тооцоход 120 тэрбум төгрөгийг шүүсэнд зарцуулж байна.
Тавгийн идээний тухайд, дээрх 600 мянган өрх дунджаар 15 ширхэг хэвийн боовоор идээ засна гэж тооцъё. Энэ жил хэвийн боов 5000-8000 төгрөгийн хооронд үнэтэй худалдаалагдаж буй. Дунджаар 6000 төгрөгөөр тооцохоор нэг өрхийн идээний боов 90 мянган төгрөг болно. Үүн дээр хоёр килограмм ааруул тавилаа гэхэд дунджаар 80 мянган төгрөг нэмэгдэнэ. Нэг килограмм ааруул энэ жил 32-55 мянгатай байгаа бөгөөд дундажлан 40 мянгаар тооцсон болно. Ингээд тавгийн идээнд нэг айл дунджаар 170 мянга, нийт 600 мянган өрх 102 тэрбум төгрөг зарцуулах нь байна.
Архины тухайд, 600 мянган өрх тус бүр дунджаар гурван шил архи хэрэглэнэ гэж бодъё. Дотоодын үйлдвэрүүдийн архи 15-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Дунджаар 35 мянгаар бодоход, нэг өрх 105 мянга, 600 мянган өрх 63 тэрбум төгрөг архинд зарцуулахаар байна.
Дээрх 600 мянган өрх дунджаар 500ш бууз хийнэ гэж тооцъё. Том, жижгээсээ шалтгаалаад ширхэг буузанд 20-30гр мах ордог, дунджаар 25 гр гэж бодвол 1 кг махнаас 40 бууз гарна. Нэг кг маханд 0,5 кг гурил орно гэж тооцвол ойролцоогоор 2000 төгрөг болно. Үхрийн цул мах одоогийн байдлаар 22 мянган төгрөг байгаа ч ихэнх айл намар худалдаж авсан идэшнийхээ махаар бууз хийдэг тул махны өртгийг дунджаар 15 мянган төгрөгөөр тооцож болох юм. Гурилтайгаа нийлээд 40ш буузны өртөг 17 мянга, нэг бүрийн өртөг 425 төгрөг болохоор байна. Үүнийг 500 ширхэгээр үржүүлэхээр 212,500 мянган төгрөг болж байгаа юм. 600 мянган өрхөөр тооцохоор 127,5 тэрбум төгрөг болж байна.
Ингээд ууц, тавгийн идээ, бууз, архи гэх мэт баярын ширээний гол зүйлсийн дүн 1,087,500 төгрөг болж байна. Энэ бол нэг айлын зардал. Харин нийт 600 мянган өрхөөр тооцвол 454,5 тэрбум төгрөг болох нь ээ. Бидний монголчууд хагас их наяд төгрөгийн хүнсийг баярын өдрүүдэд зооглодог байх нь.Энэ нь бас ч гэж дотооддоо үлдэх мөнгө.
Үүнээс гадна төрөл бүрийн жимс, чихэр гэх мэт импортын бараагаар ширээгээ нэмж чимэглэдэг. Эдгээрт нэг өрх дунджаар 200 мянган төгрөг зарцуулна гэж үзвэл 600 мянган өрх 120 тэрбум төгрөгийг гадагшаа урсгахаар байна.
2019 онд хийгдсэн дээрх судалгаагаар монголчууд бэлгийнхээ 80 хувийг импортын бараагаар шийддэг гэсэн байна. Сүүлийн жилүүдэд бэлгэнд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүдийг сонгоё, эсвэл бэлэн мөнгө өгдөг байя гэсэн санал санаачилга, уриалга хэн хүнгүй гаргах болсон, энэ нь улсынхаа эдийн засагт хэрэгтэй гэдгийг иргэд ухамсарладаг болсон болохоор дээрх 80 хувь гэсэн үзүүлэлт 50 хувь руу орсон байх магадлалтай юм. Нэг өрх бэлгэнд дунджаар 500 мянган төгрөг зарцуулдаг гэж үзвэл 600 мянган өрх 300 тэрбум төгрөгийн барааг бусдад бэлэглэх нь. Үүний 50 хувь буюу 150 тэрбум нь мөн импортын бараанд зарцуулагдана.
Тэгэхээр монголчууд цагаан сард зориулж, нийт 270 тэрбум орчим төгрөгийг гадагшаа урсгадаг гэж үзэж болох юм.
Үүн дээр золголтын зардал нэг өрхөд мөн л дунджаар 500 мянган төгрөг нэмэгдэнэ.
Эдгээрийг дүгнээд үзэхэд, нэг өрх дунджаар 2,3 сая төгрөгийг цагаан сарын баярт зарцуулах дүр зураг харагдаж байна. Харин улс даяараа 1.2 их наяд төгрөгийг сар шинийн өдрүүдэд саараар хэлбэл “устгалд оруулж”, сайнаар хэлбэл эдийн засгийн эргэлтэд оруулах нь байна.