Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.02.18 13:19
2774
С.Ганбаатар: Иргэд, ААН-үүд эрчим хүчний үнэтэй холбоотой гомдол, саналаа АҮББХ-нд ирүүлээрэй

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр нэмж, иргэд, ААН-үүдийг санхүүгийн дарамтад оруулж байгааг буруутган, холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн талаараа мэдээлэл өглөө.

Тэрээр "УИХ-ын гишүүний хувиар чуулганы завсарлагаанаар 15 аймагт очиж, ард иргэдтэй уулзлаа. Цахилгаан, дулааны үнэ хэрээс хэтэрч байгаа талаар иргэд хэлж байна. УИХ-аас баталсан тарифын нэмэгдлийг яаралтай таслан зогсоохгүй бол Эрчим хүчний яам, Үндэсний хороо, ЭХЗХ-нд хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг байр сууриа илэрхийлж байгаа юм. Миний бие УИХ дээр Төсвийн хуулийг хэлэлцэж байхад, эрчим хүч, дулааны үнийг нэмэх нь монголын ард түмний нуруун дээр дааш давшгүй ачаа болно гэдгийг долоон удаа мэдэгдсэн. Чадан ядан төлж байгаа эрчим хүч, дулааны үнээ бүр төлж чадахааргүй нөхцөл байдалд хүрээд байна. 300 мянган төгрөг төлж байсан айл 1,5 сая төгрөг төлж байна гэх мэт мэдээлэл манай байнгын хороо болон надад олноор ирж байна. Үүнийг бид нягталж үзэх болно.

Үндсэн хуулиар ард иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Дулаан хонох эрхтэй. Ийм ноцтой асуудал дээр холбогдох яамд, ЭХҮХ, ЭХЗХ яаралтай арга хэмжээ авч, хийсэн ажлаа 3 дугаар сарын нэгний өдрийн дотор багтаан, ард иргэдэд мэдээлэхийг шаардан, албан бичиг хүргүүллээ.

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороон дээр иргэд, ААН-үүд эрчим хүчний үнэтэй холбоотой гомдол, саналаа ирүүлэхийг уриалж байна. Байнгын хороон дээр ЭХЯ болон ЭХҮХ, ЭХЗХ-ноос албаны хүмүүсийг ирүүлэн мэдээлэл авч, энэхүү гажуудлыг таслан зогсоох болно" гэлээ.