УИХ-ын хаврын чуулганаар Татварын багц хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Энэ хүрээнд иргэн, ААН-үүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авч байгаа. Хуулийн төсөлд бичил, жижиг ААН-ийн санал орхигдож буй талаар, НӨАТ-ын босго хэтэрхий нам байгаагаас бичил бизнес эрхлэгчид шударгаар өрсөлдөж чадахгүй байгаа талаар ҮЭ, бизнес эрхлэгчид дуугарч эхэлсэн. Тэгвэл ЗГ-аас боловсруулсан НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулга, гуравдугаар бүлэг, долдугаар зүйлд НӨАТ-ын босгыг үйл ажиллагааны борлуулалтын орлого жилийн дотор 400 сая төгрөг байхаар тусгажээ. Мөн хуулийн төслийн 23-р зүйл Шилжилтийн үеийн зохицуулалт 23.2 хэсэгт “Үндсэн хөрөнгийн худалдан авалтын хүрээнд хувь тэнцүүлэн хасагдуулж байсан татварын авлагыг энэ хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөх өдрөөс хойш тайлагнах эхний сарын тайланд хасагдаагүй үлдсэн дүнгээр бүрэн хасагдуулж тооцно” гэх өөрчлөлт орж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө хэмээн тусгажээ. Энэхүү хуулийн төслийг өргөн бариагүй бөгөөд одоо иргэд, ААН-ээс санал асуулга явуулах шатанд яваа юм.