Нийслэлийн Захирагчийн ажлын алба АНУ-ын Азийн сантай хамтран Улаанбаатар хотын хогны менежментийг сайжруулах тал дээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд загвар хогийн цэгийг байгуулахаар болжээ. Иргэдийн хувьд гуу, жалгад хогоо ил задгай хаядаг бөгөөд энэ байдлыг халж, хогоо зориулалтын цэг дээр хаяхаас гадна хоёрдогч түүхий эдийн цэгийг хажууд байрлуулах юм. Ингэснээр иргэд хогоо хаяахдаа хоёрдогч түүхий эдээ тушаан мөнгөтэй болох боломжтой аж. Түүнчлэн тухайн хог хаядаг гуу жалгын эргэн тойрныг цэвэрлэн тохижуулах гэнэ. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд загвар хогийн цэгийг байгуулахаар болсон юм. Тухайн хогийн цэгийг байгуулснаар 200 метрийн дотор оршин суугаа иргэд хогоо зориулалтын цэгт хаях ажээ. Уг арга хэмжээ амжилттай хэрэгжих бол цаашид нийт 87 гэр хорооллын газарт байгуулах гэнэ.