m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2025.02.18 15:53
1039
Нүүрсний экспорт буурч, төсөв тасалдах эрсдэл үүсэв үү?

ҮСХ-ноос он гарсаар эхний нэг сарын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг танилцуулсан. Үүнд сонирхол татахуйц мэдээлэл байсан нь манай гадаад худалдаа, нүүрсний экспорт байлаа. Өнгөрсөн 1 дүгээр сард нийт 108 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт хоёр тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт нэг тэрбум ам.доллар, үүний 920 сая нь БНХАУ руу нүүрс, зэс буюу уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлжээ. Импорт 973.2 сая ам.долларт хүрснийг задалж үзвэл урд хөршөөсөө 320 сая ам.доллар, ОХУ, Японоос хамгийн их худалдан авалт хийжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард нийт дүнгээр гадаад худалдааны тэнцэл 46.0 сая ам.долларын ашигтай гарчээ.

Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнээ шүтсэнээр бусад салбараа хөгжүүлдэггүй баялгийн хараал хүртэх нь хэмээн олон жил бид ярьсан ч ярихаас цааш хэтэрсэнгүй. Экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрөл сайжирсангүй, эдийн засгаа төрөлжүүлж амжсангүй. Дээгүүрээ бид улс төр, сандал ширээгээ булаалцалдаж хэрэлдэх зуур эдийн засгийн тоо  гашуун үнэнийг өгүүлж байна.

Бид энэ оны төсөвт 83 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж, тонн тутмыг нь 129 ам.доллараар төсөвлөсөн. Хэт өөдрөг төсөөлөл байна гэх шүүмжлэлийг үл тоон баталсан төсөв тасалдаж ч магадгүй дүр зураг өнөөдөр ажиглагдаж эхэллээ. Эдийн засагчдын хэлж буйгаар өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн нүүрсээ хөрөнгийн биржээр арилжаагүй. Худалдан авагч байхгүйгээс нүүрсний үнэ буурч байгааг мэдээллээ. ҮСХ-ны мэдээлснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны нэгдүгээр сард 492.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь өвдөхийн өмнө халуурдаг шиг л эдийн засагт ч мөн дохио өгч байна. Гэтэл нэг жилийн өмнө 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байжээ. 

Төвбанкны мэдээлсэн төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш өнгөрсөн оны гуравдугаар сард 3374.97 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар энэ ханш 3459,57 төгрөгтэй тэнцэж байна. Төвбанк, Эрдэнэсийн сангийн гадаад валютын албан нөөц нэг сарын дотор 11 хувиар багасч, албан нөөц 4.8 тэрбум ам.доллар болж буурчээ. 

Цагаан сар дөхсөн эдгээр өдрүүдэд бэлэг сэлтээс эхлээд иргэд нь түрүйвчээ сэгсэрч байгаа бол гадаад валютын нөөцөө Төвбанк суйлуулж байна. Гадаад дотоод орчин нөхцөл, эрэлтээс үүдэлтэй гадаад валютын эрэлт ч их, ханш ч өндөр байна. 

Нүүрсний үнэ буусан нь олон улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай ч холбоотой хэмээн тайлбарлаж буй ч гаднаас ямар ч цохилт өгсөн манай эдийн засаг ганхахааргүй бат бэх байх ёстой. Үүний тулд дотоодын үйлдвэрлэлээ, өөрсдийн харьцангуй давуу талаа ашиглан экспортын бараа бүтээгдэхүүнээ дэмжих, дотоодын зах зээлээ хамгаалах бодлого явуулах хэрэгтэйг бизнес эрхлэгчид сануулдаг. 

Хэрэв нүүрсний экспорт тасалдсан энэ байдал удаан үргэлжилбэл, гадаад валютын албан нөөц дундрах, энэ нь эргээд хэрэглэгч орны хувьд импортын бараа бүтээгдэхүүн өсөх, инфляцид нөлөөлөх, төсвийн орлого тасалдах эргээд бид баталсан төсвөө задлах эрсдэл биднийг хүлээж байна.