Сүүлийн долоо хоногийн дотор МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Ө.Отгонбаатар болон Zindaa.mn сайтын сэтгүүлч Ж.Болорхажид нар цаг бусаар бурхан зүг одсон гунигт мэдээ сэтгүүл зүйн салбарынхныг цочроов. Нэг нь тавин нас руу дөтөлж явсан бол нөгөө нь дөнгөж 40 шүргэж байсан, хэн хэн нь ид насны залуучууд. Энэ бол коронавирусын эсрэг гэх вакцины үр дагавар хэмээн олон хүн харуусан, байр сууриа илэрхийлж байна.
Тухайлбал, сэтгүүлч Б.Отгон “Монгол залуус ийм залуугаараа нас барж, өвчин зовлонд нэрвэгдээд буйн шалтгааны нэг нь Ковидын вакцин гэж бодож байна. Ковидын хөл хорионы үеэр сэтгүүлчдийг вакцины хоёроос дээш тунгүй бол төрийн аль ч байгууллагад орох эрхгүй болгож, “хүчээр“ вакцин тарьж билээ. Би лав эхний вакцин хийлгэсний дараах хоёр өдөр толгой эргэж уначих гээд байсан. Хэзээ хойно хийлгэсэн вакцин маань цус өтгөрүүлдэг тухай мэдээллийг авч, унах гээд байсан учраа мэдэж билээ.” хэмээн цахим талбартаа бичжээ.
Цусны хорт хавдар хэмээх онош сонссон залуу сэтгүүлч Х.Ганзаяа өчигдөрхөн эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон. Түүний эгч, сэтгүүлч Х.Ган-Ялалт “Ковидын үеэр сэтгүүлчдийг вакцины дөрвн шатлалыг хийлгээгүй бол ордон орж ажиллахыг хязгаарлаж байснаас маш олон сэтгүүлч хүcээгүй алхмаа хийсэн. Миний дүү ч тэдний нэг” хэмээн нүүр номдоо бичсэн байна.
Тэгвэл коронавирусын эсрэг вакцин болон хавдрын хооронд ямар нэг хамаарал байна уу гэдгийг хайж үзлээ. Factcheckh.mn сайтад “Аль ч вакцин хүний ДНХ-тэй харилцан үйлчлэлд орж, ямар нэгэн өөрчлөлт үзүүлэх боломжгүй. Тийм учраас хавдар үүсгэж чадахгүй.” гэсэн Нью-Йорк хот дахь Memorial Sloan Kettering Хавдрын төвийн тайлбарыг онцолсон байна.
Мөн “КОВИД 19-ийн эсрэг вакцин биш, харин коронавирусийн халдвар нь үрэвсэл болон цусны бүлэгнэл бөгөөд зүрхний шигдээсээс эхлээд цус харвалт, эрхтэнүүдийг гэмтээх хүртэл хүндрэл үүсгэдэг.” гэсэн АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон Жон Хопкинсын судлаачдын дүгнэлтийг эх сурвалж болгожээ.
Сэтгүүлчид зуурдаар насан эцэслэж байгаа нь ковидын эсрэг вакцинтай хамаатай гэсэн постуудын дор олон хүн “Сэтгүүлчид та бүхэн вакцины үеэр вакцины хор уршгийг олон нийтэд таниулах ёстой байтал засгийн даалгавраар вакцинд хамрагдахыг уриалж байсан” хэмээн шүүмжлэн буруушаажээ.
Тухайн үед вакцины хоёр ба түүнээс дээш вакцинд хамрагдаагүй бол төрийн байгууллагууд, ялангуяа Төрийн ордонд нэвтрүүлэхгүй байсан болохоор сэтгүүлчдийн тухайд хийлгэхээс өөр сонголтгүй байсан гэхэд болно. Мөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд толгой дараалан дөрвөн тун хийлгэсэн байдаг.
Эмнэлгийнхэн өвчтөнүүдтэй тулж ажилладаг. Харин хэвлэлийнхэн гал, усны аюул гээд бүхий л халуун цэгт хамгийн түрүүнд эмч, цагдаа нартай зэрэгцэн очиж ажилладаг. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж эдгээр салбарт ажиллагсдад вакцины бүрэн тун заавал хийлгэх шаардлага тавьж байсан. Гэхдээ хэн хэн нь шинжлэх ухаанд итгэж найдаж байсан болов уу. Тиймдээ ч олон нийтэд уриалж байсан биз. Ямартай ч “вакцин хэрэгтэй”, “вакцин хортой” гэсэн маргааныг өнөөдөр эцэслэн шүүх нь учир дутагдалтай, хариултыг нь цаг хугацаанд даатгаж орхиё.
Миний бие энэхүү бичвэрээр цус харвалт болон хорт хавдар нь вакцины үр дагавар мөн эсэхэд хариулт хайхаас илүүтэй нийгмийн бүхий л салбар дахь болохгүй, бүтэхгүй зүйлсийг уудлан илчилж, нийтийн сайн сайхны төлөө ажилладаг сэтгүүл зүйн салбарынхан өөрсдийгөө хаячихдаг нийтлэг дутагдалтайг хэлэхийг хүсэж байна.
Амьдралд нь хүрэлцдэггүй цалингаа нэмүүлье гэж дуугардаггүй, ажил олгогч нь нийгмийн даатгалыг нь төлөлгүй удчихаад байхад шаардахгүй явсаар хохирдог, эрүүл мэндийнхээ төлөө, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө цаг гаргаж чаддаггүй гэх мэт сул тал түгээмэл ажиглагддаг.
Цусны хорт хавдар гэсэн онош сонссон сэтгүүлч Х.Ганзаяа МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэгт өгсөн ярилцлагадаа энэ талаар онцлон хэлснийг сийрүүлэн хүргэе. Тэрээр “Би залуучууддаа уриалмаар байгаа юм. Ялангуяа сэтгүүлчиддээ. Энэ салбарт маш олон эмэгтэйчүүд гэр бүлээ аваад, хүүхдүүдээ өсгөөд, бүсээ чанга бүслээд, жирийж явдаг. Хэнд ч гомдол хэлэхгүй, хэнээс ч тусламж хүлээхгүй, жирийгээд л, жирийгээд л. Ажлаа ч хийж, амьдралаа ч босгоод л, цаг наргүй амьдралын төлөө зүтгэж байгаа. Хамгийн гол нь өөрсдийгөө хаячихдаг. Зүгээр л хамгийн ойрын эмнэлэг рүү очоод “эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаарай” гэж би тэднийгээ уриалж байна.
Бид “Хүмүүс ээ, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаарай” гээд л мэдээгээ бичээд байдаг атлаа өөрсдөө очдоггүй юм байна. Өвдөж зовсон, аргагүй байдалд орсон хүмүүсийг сурвалжлаад л, тэдэнд туслах гээд энд тэндээс тусламж эрээд гүйдэг. Өөрсдийгөө хаячихдаг. Ингэж явж болохгүй юм байна. Тиймээс өөрсдөө шинжилгээндээ хамрагдаарай. Битгий хойш нь тавиарай гэж аминчлан гуймаар байна.
Даралт чинь хэлбэлзээд байвал, хамраас чинь цус гарвал, бие чинь сулраад хүндрээд байвал эмнэлэг рүү шууд яв. Шинжилгээнд хамрагдаад эмчид үзүүл, өөрсдөө шинжилгээгээ сайн унш, нарийвчлаад хар, шинжилгээ яаж уншиж болохыг интернэтээр дүүрэн зөвлөсөн зөвлөгөө оруулсан байгаа. Тэрнээс харж байгаад өөрсдийн шинжилгээгээ нарийн унш гэж хэлмээр байна. Ядраад, ямар нэгэн байдлаар биед тань өөрчлөлт орвол шууд эмнэлэг явах ёстой юм байна шүү. Үүнийг битгий мартаарай” хэмээн захьжээ.
Өрөөлийн төлөө өөрийгөө элээнэ гэгчээр чухам л олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө өөрсдөө чичлүүлэн байж зүтгэдэг, ажил мэргэжилдээ хайртайдаа л салбартаа хөдөлмөрлөсөөр байгаа анд нөхөд, ахан дүүс минь мэргэжил нэгтнийхээ энэ захиасыг санаж, хэрэгжүүлж байгаасай, эрүүл энх байж, хань ижил, үр хүүхдүүдтэйгээ хамт олон жил жаргаж амьдраасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж, үг дайж буй минь энэ буюу.