Гэр бүлээс гадуурх харилцаатай холбогдуулан Гэр бүл судлаач Н.Амарсанаатай ярилцлаа.
-Гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй асуудал сүүлийн үед өндрийг авч байна. Гуравдагч этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох тухай асуудал ч яригдаж байна. Энэ талаар та ямар байх суурьтай байна вэ?
Араар тавилт бол хосуудын хооронд үүсдэг том зөрчлүүдийн нэг. Зөвхөн над дээр ирж зөвлөгөө авдаг хүмүүсийн хувьд авч үзвэл 2023 онд гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаатай холбоотой зөвлөгөө авч байсан хүмүүс 73% байсан бол өнгөрсөн онд 83% болж өссөн.
Манай улсад араар тавилтыг хуулиар зохицуулдаггүй учраас гэр бүлээс гадуурх харилцаа гаарч байна.
Хэрэв эхнэр юм уу нөхөртөө хууртсанаа мэдээд цахим орчинд зургийг нь нийтэлж, болсон явдлыг бичсэн тохиолдолд эргээд өөрөө хүний нэр төрд халдсан хэргээр хуулийн өмнө хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсдэг хуулийн системтэй улсад бид амьдарч байна.
1990-ээд онд гэр бүлийн тухай хууль батлагдсан. Салбарын эрдэмтэд энэ хуулийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн бариад дөрөв дэх Засгийн газрын нүүрийг үзсэн ч, одоог хүртэл батлагдаагүй байна. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн боловч хэлэлцээгүй.
Хуулийн зохицуулалтгүйгээс болоод бараг эхнэр, нөхөртэй нь хардах тохиолдол ч байдаг. Энэ бол хүний нийгмийн хамгийн том доройтол. Ийм асуудал үүссэн үед хүүхдүүдээ, нэр хүндээ бодоод тэвчих тохиолдол элбэг байдаг. Бие биедээ хайртай тохиолдолд энэ асуудлыг шийдэж гарах боломжтой. Энийг ул суурьтай шийдэхийн тулд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах чухал. Над дээр ирдэг хүмүүсийн 50 гаруй хувь нь харилцааны асуудлаа шийдээд явж байгаа. Харин хүүхэд, эд хөрөнгө дээр тогтож байгаа харилцаа хол явдаггүй. Үнэнч байна гэдэг хосуудын харилцаанд ямар чухал гэдгийг ойлгоосой. Үнэнч бус харилцаа үүрдийн харамслыг авч ирдэг. Асуудал үүслээ гэхэд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, хоорондоо маш сайн ярилцаж зөвөөр шийдэх хэрэгтэй.
-Гэр бүлээс гадуурх харилцааны хамгийн гол хохирогч нь хүүхэд шүү дээ. Гэр бүлийн харилцаагаа хэрхэн эрүүл байлгах вэ?
Гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааг хүүхэд мэдэх нь маш их хор хөнөөлтэй. Гэр бүл саллаа гэж бодоход аав ээжийгээ үзэн ядах, сэтгэл зүй нь гэмтэх эрсдэл өндөр.
2023 онд авсан судалгаагаар эрчүүдийн араар тавих байдал 90%, эмэгтэйчүүд 10% байсан бол өнгөрсөн онд эрчүүд 80%, эмэгтэйчүүд 20% болж өөрчлөгдсөн.
Хосуудын харилцаанд ямар ч зөрчил үүсэж болно. Харин түүнийг хурцдахаас өмнө шийдэх хэрэгтэй.
-Залуу хосуудад тулгамддаг хамгийн түгээмэл асуудал юу вэ?
Манай улсад залуу хосуудад хамгийн их тулгамддаг асуудал бол орон байрны хэрэгцээ. Үүнээс үүдэлтэй хадам бэрийн харилцаа муудах, хосууд хоорондоо үл ойлголцох асуудал их байдаг. Тиймээс гэр бүл төлөвлөлт хамгийн чухал. Эхнэр нь гэртээ хүүхдээ хараад сууж байхад нөхөр нь архи ууж шоудаж алга болох, найзуудтайгаа уулзаад хоногоор ирэхгүй байх гэх мэт асуудал их байдаг.
Тиймээс эхлээд өөрөө төлөвшөөд би бэлэн боллоо гэж үзсэн үедээ амьдрал зохиох хэрэгтэй.
-Өнөөгийн нийгэм их стресстэй байна. Ажил дээрээ авсан стрессээ гэртээ ирээд гаргах тохиолдол элбэг шүү дээ. Яаж гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг эвдэхгүй байх ёстой вэ?
Манай улсад стрессийн түвшин маш их. Би л болж байвал гэдэг хандлагатай. Стрессийн нөхцөл байдал хүний эрүүл мэндтэй их хамааралтай. Тийм учраас унтах ёстой цагтаа унтах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, цагийн зөв төлөвлөлттэй байх маш чухал.
-Харилцаа нь асуудалтай байгаа болон шинэ хосууддаа хандаж юу гэж хэлмээр байна?
Таны нүд өвдлөө гэхэд нүдний эмчид, шүд өвдлөө гэхэд шүдний эмч дээр очдог шиг хоорондоо ярилцаад асуудлаа шийдэж чадахгүй хэцүү байгаа бол мэргэжлийн хүнд заавал хандаарай. Шинжлэх ухаан ч байдлаар амьдралдаа хандах чухал. Фейсбүүк дээрээс уншсан, хэн нэгнээс сонссон баталгаагүй зүйлд битгий итгээрэй. Аливаа мэдээллийг сонслоо гэхэд шууд амьдралдаа хэрэгжүүлэх биш шүүлтүүртэй хандаарай гэж хэлмээр байна. Батаа, Цэцгээ хоёрын харилцааны асуудал таны амьдралаас өөр шүү дээ. Хосын харилцаа дан ганц эхнэрийн эсвэл нөхрийн нуруун дээр байдаг харилцаа биш.
Шууд дамжуулалтыг үзэх: