Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
2025.02.19 10:58
1958
Л.Амармөрөн: Баталгаагүй, хямд үнэтэй согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Лхагва гарагийн өглөөний зочноор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журмын хэлтсийн дарга Л.Амармөрөн оролцлоо. Сар шинийн баяр тохиож буйтай холбоотой халаасны хулгай болон бусад төрлийн хулгайн хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байна. Мөн цахим орчинд хямд зарна гэх зар байршуулж баталгаагүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулах хэргүүд гарсаар байгаа юм. Тиймээс уншигчдадаа дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. 

-Сар шинийн баяр ойртож буйтай холбоотой хулгайлах төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг.  Энэ жилийн хувьд энэ төрлийн гэмт хэргийн гаралт ямар хэмжээнд байна вэ?

-Жил бүр сар шинийн баярын өмнө буюу 2-3 долоо хоногийн өмнөөс иргэд баярт бэлдэж, хүнс бараагаа цуглуулах бэлтгэл ажлуудаа хийдэг.

Өнгөрсөн 7 хоногийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 35 орчим халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн. Холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийгээд явж байгаа. 

Нийслэлийн засаг даргын тамгын газар, цагдаагийн байгууллага зэрэг бусад холбогдох газрууд хамтран цагаан сарын баяртай холбоотой үзэсгэлэн худалдаанд зориулсан захирамжууд гарсан. Тус захирамжын хүрээнд тодорхой байршлуудад цагдаагийн алба хаагчдыг ажиллуулж байгаа.

Үзэсгэлэн худалдаа болж байгаа газар халаасны хулгайн гэмт хэрэг тасрахгүй гарсаар байгаа. Тиймээс иргэд ч гэсэн сонор сэрэмжтэй байж, болгоомжтой хандах хэрэгтэй.

Ялангуяа амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Энэ үед халаасны хулгайн гэмт хэргүүд гарах нь эрс нэмэгдэж байна. 

Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдтэй уулзаж камерын хяналтыг нь шалгах ажлууд хийгдсэн. 

Үзэсгэлэн худалдаа болж байгаа газарт өдөрт 3-4 хулгайн хэрэг бүртгэгдэж байна. Гэхдээ халаасны хулгайн хэрэг зөвхөн үзэсгэлэн худалдаан дээр бүртгэгдээгүй. Хотын төвийн автобусны буудал, төв гудамж, худалдааны төвийн ойролцоо зэрэг байршлуудад үйлдэгдэж байна. 

Тийм учраас цагдаагийн байгууллагын энгийн хувцастай алба хаагчдаа томилж ажиллуулах, эргүүл нэмж ажиллуулах арга хэмжээг авч ажиллаж байна. 

-Өмнөх жилүүдэд бууз, ууц хулгайлах хэргүүд их гардаг байсан. Одоо багассан ч гэсэн энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна. Энэ жилийн хувьд энэ төрлийн хулгайн хэрэг хэд бүртгэгдсэн байна вэ?

-Сар шинийн баяр бараг 10 хоногийн дараа болох гэж байна. Энэ 7 хоног болон амралтын өдрүүдэд иргэд бууз, хоол хүнс цуглуулах ажлаа хийнэ. Энэ үед иргэд буузаа хийж амбаартаа хадгалдаг. Энэ тохиолдолд шөнийн цагаар хулгай орох магадлал өндөр байдаг. Тийм учраас иргэд хаалга цонхныхоо бэхэлгээгээ сайн хийх шаардлагатай байна. 

Хулгайн гэмт хэрэг ганцхан цагаан сарын өмнө гардаггүй. Иргэд сар шинийн амралтын 3 өдөр золголт хийж хөдөө орон нутгийг их зорьдог. Энэ үед орон байрны хулгай их гардаг. Өнгөрсөн жил баярын үеэр Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт 4-5 орон байрны хулгайн гэмт хэрэг бүртгэгдэж байсан. 

-Баярын өдрүүдэд хямд чанаргүй, хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй архи согтууруулах ундаа гар дээрээс худалдан борлуулах тохиолдол их гардаг. Магадгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй баталгаагүй архийг иргэд худалдаж авах нь ч элбэг байдаг. Тиймээс иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө үү

-Өнгөрсөн 7 хоногоос эхлэн архи, согтууруулах ундааны худалдан борлуулалтад  цагдаагийн байгууллагаас цахим архи худалдаа арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулсан. Цахимаар хямд үнэтэй виски, архи борлуулна гэх зарууд ч их явж байна. Гэвч тус бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтраад хяналт, шалгалтын ажлыг хийж байгаа.  

Өмнөх жилүүдэд ч тодорхой зөрчлүүд илэрч байсан. Харин энэ жил цахимаар худалдаалж байгаа 10 гаруй зөрчлийг илрүүлэн ажиллаж байна. 

-Хууль бусаар архи согтууруулах ундаа худалдан борлуулсан этгээдэд ямар хариуцлага тооцдог вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 6.5-д зааснаар согтууруулах ундаа гар дээрээс худалдан борлуулсан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг. 

Шууд дамжуулалт: