Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.19 14:53
1830
Н.Учрал: Засгийн газраас ногдол ашгийг улирал тутамд хуваарилах санал оруулсан

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ийн дарга Н.Учрал танилцууллаа. 

Тэрээр "Зөвшөөрлийн хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь гарсан байсан журмуудыг цуцлах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд 2006 оны байгаль орчны салбарын журмыг Засгийн газрын тогтоолоор цуцалж байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийтдээ 7 яамны 36 журмыг цуцалсан. Үлдсэн яамдууд, төрийн захиргааны байгууллагууд хууль давсан журмаа цуцлах журмыг тухай бүрд нь хүргүүлж байна. Зөвшөөрлийн зөвлөлийг өчигдөр хуралдуулсан. Хариу арга хэмжээ авахгүй байгаа яамдуудад мэргэжлийн шинжээч томилох, ажлын хэсэг байгуулах, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулах асуудлыг шийдвэрлэсэн. 

Байгаль орчны салбарын энэ журмыг цуцалснаар тусгай зөвшөөрөлд тооцогдож байсан нэг зөвшөөрлийг долоон зөвшөөрөл болгож салгасан байсан журмыг цуцалсан. Мөн зөвшөөрөл гэж нэрлээгүй гэрчилгээ гэх нэртэй зөвшөөрлийн шинж чанарыг агуулсан гэрчилгээг цуцалсан.

ХУР системээс 801 мэдээллийг төр иргэнээсээ заавал шаардахгүй байх боломжийг бүрдүүлсэн учраас И Монголиа систем дээр татдаг эдгээр мэдээллийн жагсаалтыг иргэнээс нэхэхгүй байх шаардлагыг хүргүүлээд холбогдох журмуудыг цуцалсан. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 1072 хувьцаанаас ногдол ашиг хуваарилах талаар холбогдох газрын удирдлагуудын танилцуулгыг сонслоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн ногдол ашгийг хэрхэн иргэдэд хуваарилах талаар мэдээлэл авсан. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн хувьцаа эзэмшигчийн хувиар тодорхой байр суурь илэрхийлсэн. Эцсийн шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргана.

Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд борлуулалтын орлого нэмэгдсэнээр ногдол ашгийг хуваарилахдаа урьдчилгаа хэлбэрээр эхлээд 100 мянга орчим төгрөг хуваарилах боломж байна гэсэн учраас урьдчилгааг олгосон. Одоо бол улирал тутамд ногдол ашгийг шатлалтайгаар хуваарилах нь зохистой. Ингэснээр инфляци өдөөхгүй байхад ач холбогдолтой учраас уг арга хэмжээг авах ёстой.

1072 хувьцааны 27 орчим хувийг иргэд эзэмшдэг. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн иргэдэд ногдол ашиг олгож байгаа. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж, ногдол ашгийг хуваарилах компанийн хуулийн зохицуулалттай. Эрх үүрэг нь ТУЗ-д хадгалагдаж байгаа. Тийм учраас Засгийн газар улирал тутамд ногдол ашгийг хуваарилах санал оруулсан.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаад ногдол ашгаа хуваарилах ёстой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхний урьдчилгааг олгох үед 350 мянган төгрөгийг 2024 оны ногдол ашиг болгон олгох боломжтой гэдэг саналыг “Эрдэнэс Тавантолгой” компани илэрхийлсэн.

Энэ хүрээндээ үлдэж байгаа 200 мянган төгрөгийн 100 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, үлдсэн 100 мянган төгрөгийг дараа улиралд хувааж олгох нь зохимжтой гэж үзэж байна. 

Мөн ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлалын дансанд хийх үү, хандив өгөх үү гэсэн сонголтыг И-Монголиагаар дамжуулан өгч байна" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: