ХУД-ийн эрүүл мэндийн төвийн дарга асан А.Сувдаа очсон газар бүртээ хууль бус үйл ажиллагаа явуулдаг байх магадлалтай байна. Учир нь ажилчдынхаа цалинг тасалдуулдаг, нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй, эмчилгээний багаж хэрэгсэл тасалддаг зэрэг асуудлууд яригдаж ажилчид нь эсэргүүцэл илэрхийлж байсан удаатай.
Улмаар А.Сувдааг "Энэрэл" эмнэлгийн даргаар аравдугаар сарын 23-нд томилсон байдаг.
Томилогдоод удаагүй дахин асуудал гаргаж, ажилчид нь эсэргүүцлээ илэрхийлэв.
"Энэрэл" эмнэлгийн ажилчдын зүгээс "дарамт шахалт байгаа төдийгүй жирийн ажилчдыг халж, өөрийн хамаарал бүхий хүмүүсээ томилсон. Мөн өөрийн томилсон хүмүүстээ цалингийн 25 хувийн нэмэгдэл олгож, сувилагч эмч нарынхаа нэмэгдэл цалинг огт олгохгүй байгааг" хэллээ.
Одоогоор тус эмнэлгийн дарга А.Сувдааг нийслэлээс шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Ажилчдын зүгээс гэм буруутай эсэхийг нь тогтоож, холбогдох арга хэмжээг нь авахгүй бол дахин эсэргүүцлээ илэрхийлнэ гэв.
Энэ мэтчилэн хэний томилгооны хүн нь мэдэгдэхгүй дарга нар эмнэлгийн үйл ажиллагааг удаа дараа тасалдуулж буй нь ноцтой зөрчил...
Өмнөх асуудалдаа хариуцлага хүлээхгүй атал дахин нэг эмнэлгийн даргаар сонгогдож ажилчдаа дарамталж, хууль бус томилгоо хийж байгаа нь хариуцлага уу? хайр уу?
Энэ мэт албан тушаалын солилцооноос болж эрүүл мэндийн ажилчид, эмнэлгийн үйлчилгээ авах ёстой эмзэг бүлгийнхэн хохирсоор байна...