Төрийн алба хаагчид CU дэлгүүр буюу “Премиум нэксус” ХК-ийн компанийн урилга, зардлаар БНСУ-д аялж ирсэн талаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-ынхан олон нийтэд зарласнаар энэ асуудал нийгмийн анхааралд төвд орж ирэн, хэд хоногийн турш маргаан дагуулж байна.
Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга нар гээд нэр бүхий 15 албан хаагч ажлын өдрүүдэд аялаад нисэх дээр буухад нь дээрх холбооныхон гардаж авсан. Гэвч өөрсдөө хувийн зардлаар явсан хэмээн мэдэгдэж, эхнээсээ дансны хуулгаа ч дэлгэсэн байна.
Юуны өмнө CU дэлгүүр Монгол Улсын эдийн засагт хэр үр өгөөжтэй байгаа талаар сонирхож үзлээ.
Тус сүлжээ дэлгүүр нь анх 1990 онд БНСУ-д байгуулагдсан бөгөөд өдгөө азийн 20 гаруй оронд хэдэн мянган салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй. Монголд анх 2017 онд “Сентрал экспрес си ви эс” ХК /сүүлд нэрээ “Премиум нэксус” болгон өөрчилсөн/ франчайз эрхтэйгээр оруулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 445 салбартай, 3400 гаруй ажилтантай, 600 орчим харилцагч, түнштэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улсын конвиниенс дэлгүүрийн зах зээлийн 60 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм байна. Англиар convenience store хэмээгддэг энэ төрлийн дэлгүүрүүд нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд өргөн хэрэглээний, өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнүүд борлуулдаг.
CU сүлжээг оруулж ирсэн “Премиум нэксус” ХК нь 2023 онд МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад дөрвөн удаа багтсан бөгөөд 2023 онд 8-р байранд бичигдэж байж. Гэхдээ эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тийм ч далайцтай биш харагдаж байна. 2024 оны эхний гурван улирлын тайланг нь харахад, 434 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой, 26.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Тэгэхээр оны эцэст аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 300 гаруй сая төгрөг төлсөн болов уу. Ямартай ч 3400 гаруй ажлын байр бий болгож, нийгмийн даатгалын санг бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа нь яамай даа.
Нөгөөтэйгүүр, тус сүлжээ дэлгүүр нь ТҮЦ ажиллуулж, жижиглэнгээр худалдаа эрхэлдэг иргэдийн бизнесийн орон зайг хумьж, амь зуулга нь тасалдахад хүргэж байгаа нь ч үнэний хувьтай. “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” ТББ-ын зүгээс CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдийн лоббигоор ТҮЦ-ийг зах зээлээс шахан зайлуулах оролдлого хийж ирсэн хэмээн буруутгадаг.
Худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан тэдгээр иргэд сурсан, дадсан ажлаа хийж, амьдралаа залгуулахыг илүүд үзэж байгааг буруутгах аргагүй юм. Гэхдээ ТҮЦ-үүд нь орчны бохирдол үүсгэж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа талаар иргэд шүүмжлэлтэй ханддагийг ч анхаарахгүй орхиж болохгүй. Тэгэхээр ТҮЦ эрхлэгчид өөрсдөө орчин үеийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажлын байр, орчин бүрдүүлж ажиллах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, өдрөө аргацаасан амь зуулгаа зоригтой хаяж, хоорондоо нэгдэн, кастингийн системд шилжиж, CU, GS25 шиг үндэсний хэмжээний сүлжээ үүсгэн байгуулж яагаад болохгүй гэж?
Өөр нэг хувилбар нь гадны сүлжээ дэлгүүрүүдийн франчайз эрхийг худалдаж авах замаар салбар дэлгүүр нээн ажиллуулж болох юм. Тухайлбал, “Премиум нэксус” ХК нь 445 салбарынхаа 78-ыг бусад аж ахуйн нэгж болон иргэдэд түрээслүүлж байгаа аж. Тэгэхээр зах зээлд монополь байдлаар оролцож байгаа гадны сүлжээ дэлгүүрүүдэд нийт салбарынхаа тодорхой хувийг Монгол Улсын иргэдэд түрээслүүлэх шаардлага тавин журамлаж бас болох юм.
CU дэлгүүрийн тухайд, 10 мянга орчим хувьцаа эзэмшигчтэй ч нийт хувьцааны 71.8 хувийг “Премиум нэксус” ХК болон гурван иргэн эзэмшиж буй аж. “Премиум нэксус” ХК-ийн эзэн буюу ТУЗ-ийн дарга Gary Stephen Biondo нь АНУ-ын иргэн байна. Үлдсэн 28.2 хувийг 9600 гаруй иргэн эзэмшиж байна.
Тэгэхээр цаашид гадны аливаа сүлжээ дэлгүүр болон үйлчилгээний газруудад нийт хувьцааныхаа 49 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй борлуулах мөн борлуулж буй нийт бараа бүтээгдэхүүний 50-аас доошгүй хувь нь Монгол Улсад үйлдвэрлэгдсэн байх зэрэг зохицуулалт хийгээд өгчихвөл үндэсний үйлдвэрлэгчид болон худалдаачдаа орхигдуулахгүй байх байх боломжтой юм.