Пүрэв гарагийн өглөөний зочин ярилцлагад УИХ-ын гишүүн Ж.Золжаргал оролцлоо.
Өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан 1.7 их наяд төгрөг их мөнгө үү, бага мөнгө үү?
Замбараагүй их мөнгө. Энэ бол уг нь утааны эсрэг урт хугацааны шийдэлд зарцуулах ёстой мөнгө байсан ч сууриараа худлаа. Богино хугацааны элдэв янзын туршилтад зарцуулж, үрсэн л мөнгө. Урт хугацааны шийдэл гэдэг бол орон байр, дулаан сууц. Мөнгө байгаа юм бол дахиад нүүрсний үйлдвэр биш цахилгаан станцаа барих хэрэгтэй. Эрсдэлтэй зүйлд хэдэн их наядаар нь үрээд байх юм бол угаартаж нас барагсдын тоо өссөөр л байх болно.
2 их наядаар 10 станц барина.
Багануур дээр жишээ нь бүтээн байгуулалт хийх гээд байгаа бол Багануурын уурхайн ам дээр цахилгаан станц барьчихмаар байна. Тэнд чинь бас нүүрсээ борлуулах ажилчид нь ч гэсэн цалин мөнгө нь сайжирна шүү дээ. Тэгээд сүлжээгээ эрчим хүчээ хангана. Гэр хорооллын босоо гол чиглэлүүд дээр 1, 1 цахилгаан станц барихад тэр хавийнх нь айлууд халуун усаар паараа халаана гэсэн үг. Хол байршилтай нь болохоор цахилгаанаар хална. Тэгэхээр 2 их наяд гэдэг бол бүр хангалттай хэмжээний их мөнгө. Цахилгаанаар юм уу, газаар халах тохиолдолд байшин дулаан байх хэрэгтэй. Дулаан байхгүй бол утгагүй бөгөөд маш их зардал гарна. Үндсэндээ манайх чинь тэр барилгын норм дүрэмд заасан түвшинд хүрдэг байшин сав гэж ховор.
Тэгэхээр энэ жилийн нэг яригдаж байгаа зүйл бол яндангүй бүс гэж Улаанбаатарт зарлая гэж байгаа. Энэ бүсэд нүүрс оруулахгүй.
Тэгэхээр хүн бэлдэх хэрэгтэй болно шүү дээ, амьдрах хэрэгтэй. Нүүрс оруулахгүй юм чинь та дулаахан байшин барь, эсвэл байшингаа дулаал. Тэрний зээлийн эх үүсвэр нь бол хамгийн бага хүүтэй, танд өөрт чинь ашигтай байна. Дулаалахгүй ч байж болно. Дулаалахгүй бол 2 жилийн дараа яах вэ гэхээр үнэтэй газ түлнэ, эсвэл би үнэтэй цахилгаанаар халаана гэсэн үг шүү дээ. Тиймээс өөрт нь сонголтыг нь хүн өгөх хэрэгтэй байхгүй юу.
Харин гол нь тэр санал болгож байгаа зээл нь хямдхан. Дулаалга бол хүлэмжийн хийг хамгийн их бууруулдаг юм. Яагаад гэхээр дулаалчих юм бол бага энерги зарцуулна. Энерги үйлдвэрлэхийн цаана хүлэмжийн агаар ялгарч байдаг. Тийм болохоор олон улсын байгууллагууд ногоон санхүүжилтийн эх үүсвэрээс хамгийн бага хүүтэй зээлийг оруулж ирэх боломжтой.
Тэгээд сонголтыг нь өгчхөөд дараа нь би цахилгаан уу, газ уу, эсвэл мод түлэх үү гэдгийг өөрсдөө шийднэ. Тэрнээс биш төр очингуутаа одоо энэ зуухыг ав, эсвэл энэ газыг ав гээд байж болохгүй.
Тэгэхээр өнгөрсөн хугацаанд буюу шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш утаа буурсан гэдэг дээр та хэр санал нийлэх вэ? Дийлэнх иргэдийн зүгээс бол түүхий нүүрсээ түлж байхад хүн угаартайхгүй л байсан шүү дээ гэдэг байр суурьтай хүмүүс байгаа. Өнгөрсөн хугацаанд 779 иргэн угаартаж нас барсан гэдэг ийм тоо гарч ирлээ.
Одоо 800 болчихлоо шүү дээ. 2019 онд түлш өөрчлөөд, тортог буурсан ч угаарталт өссөн. Гэхдээ тортог бууралт нь 50% ч гэж төр яриад байсан шүү дээ. Буураагүй, энэ бол улс төрийн мэдэгдэл гэж би 19 онд нүүрсний мэргэжилтний хувьд хэлж байсан.
Яагаад бүгдээрээ баярлаад байхад чи ингээд сөрөг юм яриад байгаа юм гээд л асуудал тавьдаг л байсан. Тэр нь илэрхий байсан байхгүй юу. Тавантолгойн нүүрсийг түлэх юм бол угаасаа утаа бага гарна. 2 дахь нэг чухал зүйл нь нүүрс жигдхэн ширхэгтэй байх хэрэгтэй. Жигд ширхэгтэй юм чинь шаталт нь илүү жигдхэн явагдана, утаа бага гарна, том жижиг байгаад байх юм бол уугиад байдаг...
Тэгэхээр бид нар дунд зэргийн чанартай нүүрсийг баяжуулах үйлдвэрээс нь хямдхан аваад шахмал түлш үйлдвэрлэсэн. Дунд зэргийн чанартай нүүрс гэдэг нь гучаад хувийн үнс тэгээд дээрээс нь чийглэг нэмэгдэнэ. Тэгэхээр энэ чинь 40 орчим хувь нь шатдаггүй материал. Зууханд орж байгаа материал чинь 40% нь шатдаггүй материал орж байна гэсэн үг байхгүй юу. Шатахгүй материал буюу өөрөө дэгддэг тос багатай хар нүүрс учраас илүү их агаар өгч, үлээж байж сайн шатна. Тийм агаар өгөх боломж нь нөгөө муу хуучин зууханд чинь байхгүй.
Тэгэхээр яадаг вэ гэхээр дутуу шатна. Дутуу агаар өгөхөөр угаарын хий үүсдэг. Мэргэжлийн утгаараа тэр нүүрсхүчлийн дутуу исэл буюу угаарын хий гэдэг чинь өөрөө үнэр байхгүй, өнгөгүй, дутуу шаталтаас үүсээд зуухан дотор үүсчхээд яндангаар сорохгүй, наашаа гарах юм бол хүн алдаг ийм л зүйл.
Энэ дунд зэргийн мидлингийг Энержи Ресурсээс үнэгүй аваад хэрэглэх нь яг стандартын хувьд зөв байсан юм уу?
Миний үзэж байгаагаар масс хэрэглээнд тохирохгүй. Энийг 19 онд нэвтрүүлээд шууд угаарталт өссөн шүү дээ.
Цаашдаа нарийвчлан судалгаа хийх хэрэгтэй гэж ярьж байсан юм. Гол нь гадаа үзэгдэх утаа буунгуут хүмүүс баярлаад ерөөсөө тэрийг хүлээж авах боломжгүй байсан. Угаартсан шалтгааныг нүүрснээс болсон уу, эсвэл яндан цоорхой юм уу зуухаараа дүгнэх, тогтоох боломж бараг байхгүй. Яаж дүгнэж болох вэ гэхээр масс хэрэглээний статистик тооноос л харах хэрэгтэй. Огцом өсөлттэй байсан. Тэгэхээр энэ тоон дээрээ бид нар дүгнэлт хийх юм бол түлш бол угаарталтад маш сөргөөр нөлөөлж байна гэдгийг харж болно. Тэр нь онолын үндэслэлтэй.
Статистик байна. Та бүхэн ажлаа хийгээд, ЗГ нь шийдвэр гаргах хэрэгтэй. 800 хүн угаарталтаар нас барчихсан, тоо нь өсөөд байдаг. Хариуцлагыг хэрхэн яаж ярьх вэ?
Сонсгол бол хүн барьж авч, шоронд хийх биш. Тэгэхээр мэдээлэл өгөх ажлаа бол би боломжийн хийсэн гэж бодож байгаа. Үнэн мэдээллийг гаргаж тавьж байж дараа нь яах вэ гэдгээ шийднэ. Дүгнэлт нь буруу байх юм бол дараагийн шийдвэр нь буруу...
ШУУД ҮЗЭХ: