“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-"Эрдэнэс тавантолгой" компанийн 2024 оны санхүүгийн тайланд хэдэн төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бэ, хэдэн тонн нүүрс экспортлов?
-Өнгөрсөн онд манайх 29.6 сая тонн нүүрс борлуулсан. 30.4 сая тонн нүүрс хилээр гаргасан. Үүгээр бид нийт гурван тэрбум ам.долларын буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өчигдөр манай ТУЗ хуралдаад , 2024 оны цэвэр ашгаас иргэддээ 1072 ш хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөг , үүнээс 2024 онд урьдчилгаа хэлбэрээр олгосныг хасаад үлдсэн 193 мянга орчим төгрөгийг хоёр хувааж олгохоор шийдвэрлэсэн. Цагаан сарын өмнө буюу энэ сарын 28-нд 1072 ш хувьцаатай иргэнд 100 мянган төгрөг, дөрөвдүгээр сард тайлан баланс эцэслэгдээд аудитын дүгнэлт гарсны дараа үлдсэн 93 мянга орчмыг олгохоор компанийн ТУЗ шийдсэн.
-Цэвэр ашгийн 86.6 хувийг хувьцааны ногдол ашиг хэлбэрээр олгох юм байна. Иргэдэд ногдол ашиг байдлаар тарааснаас нэгдсэн том үйлдвэр барьсан бол, томоохон бүтээн байгуулалт хийж болох байсан гэх шүүмжлэл жил бүр гардаг шүү дээ?
-2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Баялагтай юм бол баялгаасаа бид өгөөж хүртдэг байх ёстой гэдэг зарчмаар хууль батлагдсан. Үүний дагуу бид иргэдэд буюу хувьцаа эзэмшигчиддээ байгалийн баялгаас хүртэх ёстой өгөөжийг нь буюу ногдол ашгийг олгож байгаа. Бид ямар нэгэн томоохон төсөл хөтөлбөрөө хойш нь тавиад оронд нь иргэдэд ногдол ашиг олгосон зүйл байхгүй. Компаниас төлөх ёстой, санхүүжүүлэх ёстой бүх төсөл хөтөлбөрөө санхүүжүүлээд үлдсэн мөнгөөр нь буюу 86.7 хувийг нь ногдол ашиг хэлбэрээр тарааж байна. Өмнө нь 2019, 2022, 2023 онд мөн ногдол ашиг тараасан. Тэр гурван тохиолдолд 100 хувь ногдол ашиг тараасан. Харин энэ жил бид тодорхой хэмжээнд эрсдлээ тооцоолоод үйл ажиллагааны зардал, хөрөнгийн зардлаа гаргаад үлдсэн хэмжээнд ногдол ашиг тарааж байна.
-Одоогийн байдлаар нүүрсний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 44 хувиар унасан үзүүлэлттэй байна. Нүүрсний үнэ ханш цаашид ямар байх вэ?
-Хятад улс дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 50 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Нүүрсний үйлдвэрлэлийн 50 орчим хувийг мөн дангаараа хэрэглэдэг. Одоогоор дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаад байна. Манайх нэг том сорилттой тулгарч байгаа нь урд хөршийн Шааньси муж , хойд Өвөрмонголын болон Австралийн нүүрстэй өрсөлдөх болж байна. Үнийн хувьд оны эхний хагаст сэргэх төлөв ажиглагдахгүй, оны сүүлийн хагаст сэргэх болов уу гэсэн хүлээлттэй ажиллаж байна.
-Ганцмод боомтоор нэг ч тонн нүүрс гарахгүй байна, төсөв тасрах эрсдэл үүслээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явж байгаа. Тэгвэл "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьд нүүрсээ хэвийн экспортолж байгаа юм байна тийм үү?
-Бид 2024 он гарснаас хойш бүх нүүрсээ зөвхөн биржээр зарж байна. Бид хил нөхцлөөр буюу экспортолсон нүүрсээ Ганцмод боомт дээр хүргэж өгөх үүрэг хүлээж байгаа. Үүний дагуу компани нүүрсээ гаргаж буй. Хэдийгээр үнэ унасан ч бид үүрэг хүлээж, нүүрсээ экспортолсоор буй. Экспорт зогссон асуудал байхгүй. Үнэ өнгөрсөн оныхоос бага зэрэг буурсан ч ямар ч байсан экспорт гаргадгаараа гаргаж байна.
-Компанийн хувьд тулгарч буй эрсдлийг даван туулах ямар төлөвлөгөөтэй ажиллах вэ. Нүүрсний үнэ унасан үед гаргаж буй биет хэмжээ ихсэх ч төсөв төвлөрүүлэх орлогод хүрэхгүй нөхцөл үүсэх үү?
-Бид нүүрсээ хямдруулж борлуулаагүй. Бид бирж дээр борлуулах доод үнээ тавиад компаниуд худалдан авч байна. Бид авахгүй байна гээд үнээ буулгасан тохиолдол байхгүй. Үнэ 2024 оны нэгдүгээр улирлаас энэ оны нэгдүгээр улирал хүртэл 44 хувиар буурсан. Зах зээлийн үнэ буурч байгаагаас мэдээж борлуулалтын орлого буурна. Гэхдээ бид ямар нэг хямдрал хөнгөлөлт үзүүлээгүй. Бид өөр худалдаж авах боломжтой өөр зах зээлийг эрэлхийлж байна. Нөгөөтэйгүүр бид экспортлох хэмжээгээ нэмэх бодлого баримтална. Хэмжээний өсөлтөөр борлуулалтын орлогоо хэвийн хадгалж үлдэх зорилт тавьсан.