Үндэсний ууган үйлдвэрийн нэг “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.
-Сүү хувьцаат компани анх хэрхэн үйл ажиллагаагаа эхэлж байсан бэ?
Анх 1959 онд Зөвлөлт холбоот улсын хөрөнгө оруулалтаар өдрийн 30 тонн сүүг боловсруулах хүчин чадалтай иж бүрэн үйлдвэр байгуулагдсан. 1984 онд одоогийн энэ байршил буюу таван шард нүүж ирээд 200 тонн сүүг боловсруулах хүчин чадалтай үйлдвэр болж өргөжсөн. Энэ жил 67 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа Монгол улсны ууган үйлдвэр юм.
-Өнөөдрийн байдлаар нийт хэдэн ажилтантай болж хүрээгээ тэлсэн бэ? Мөн өдөрт хэдэн тонн сүүг нийлүүлж байгаа бол?
Одоогийн байдлаар 720 ажилтан, албан хаагчтай ажиллаж байна. Хоногт 100 мянган литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байна.
10 жилийн өмнө бид шингэн сүүгээ хүртэл импортоор оруулж ирдэг байсан бол одоо дотоодын нийт сүүний хэрэглээний 80 хувийг хангаж байгаа. Монгол улсад сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа. Бид сүү сүүн бүтээгдэхүүний өндөр хэрэглээтэй гэж боддог боловч дэлхийн дунджаас хоёр дахин бага хэрэглээтэй байна. Энэ хэрэглээ эргээд сэргээд ирэхээр худалдан авалт нэмэгдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд манай борлуулалт 10 дахин нэмэгдсэн. Сүүн бүтээгдэхүүнээр дамжуулж авах ёстой амин дэм, эрдэс баялгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-Сүү хувьцаат компани нийт хэчнээн төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байгаа вэ?
Өнөөдрийн байдлаар сүү, тараг, аарц, цөцгийн тос, ааруул, зайрмаг гэх мэт 150 орчим нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж байна.
Сүүлийн жилүүдэд олон төрлийн бүтээгдэхүүнээр хүрээгээ тэлж байна. Зайрмагийн нэр төрөл нэлээн нэмэгдсэн. Он гарснаас хойш Boujee гээд кофе, карамелтэй шинэ зайрмагаа худалдаанд гаргасан. Удахгүй шинэ бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн эрүүл мэндэд тустай пробиотиктой Hifit, Profit, Gofit зэрэг бүтээгдэхүүнийг худалдаанд гаргасан.
-Монголд үйлдвэрлэл эрхлэхэд хүндрэлтэй зүйл юу вэ?
Манай улс хоёр том үйлдвэрлэгч улсын голд оршдог. Хөрш орнуудад хэдэн сая ширхгээр үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүн маш өртөг багатайгаар худалдаанд гардаг. Тэрийг манай улс руу 5 хувийн импортын татвар төлөөд оруулж ирж зардаг. Олноор үйлдвэрлээд татвар багатай оруулж ирсэн бараа хямдхан худалдаалагдана.
Тэдгээр хямдхан бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөхүйц хэмжээний үнэтэй худалдаалж байж дотоодын үйлдвэрлэл бүтээгдэхүүнээ хөгжүүлээд, өргөжүүлээд гаргах боломж үүсдэг. Энэ нь үйлдвэрлэл хөгжихөд хамгийн том хүндрэл болдог болов уу гэж бодож байна.
Дараагийн асуудал нь дэд бүтэц. Манай улсад сүүлийн 30 жилийн хугацаанд шинээр цахилгаан станц нэмж баригдаагүй. Үйлдвэрлэл гэдэг бол цахилгааны тогтвортой байдал, дулаан, уур гээд хэрэглээний зүйлс тогтвортой байж байж үйлдвэрлэл хөгждөг. Гэтэл нэг өдөр нь засвартай эсвэл тог тасардаг, ус тасардаг, уур нь тасардаг, уурынх нь даралт байнга хэлбэлзээд байвал тухайн үйлдвэрлэл тогтвортой явах боломжгүй.
Гуравт нь санхүүжилтийн асуудал, хөрөнгө оруулалт. Манай улсын санхүүжилтийн систем тэр чигтээ арилжаан дээр тогтсон. Бид 1990 онд зах зээлийн нийгэмтэй танилцах үедээ л арилжаа наймаагаар эхэлсэн. Нэг талаасаа татвар үйлдвэрлэлийг бус арилжаа наймааг дэмждэг. Үйлдвэрлэл эрхлэхээс илүү юм авч ирээд зарах нь илүү хялбар, ажиллагаа багатай, биед зовлогогүй, бага хөрөнгө оруулалт ордог. Үйлдвэрлэсэн бэлэн зүйлийг авч ирж зараад ашгаа оллоо, дахиад авч ирж зардаг. Энэ нь нэг талаасаа долларын эрэлтийг маш их бий болгож байдаг, маш бага ажлын байрыг бий болгодог.
Банкнууд нэг жилийн хугацаатай арилжааны зээл өгдөг. Харин үйлдвэрлэл бол тоног төхөөрөмжөө авч ирээд, угсраад ажиллагаанд оруулаад бүтээгдэхүүнээ нэвтрүүлээд, хэрэглэгчид хүргэхэд дор хаяж 2-3 жилийн дараа зээлээ эргүүлж төлөх боломж бүрддэг. Гэтэл зээлийн хугацаа урт байхаар хүү нь өндөр болдог. Иймээс үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж хязгаарлагдмал байдаг.
-Эхлэх хөрөнгө мэдээж асуудал. Гадаадын хөрөнгө оруулалтын тусламжаар үйл ажиллагаагаа эхлүүлдэг компани олон бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг та юу гэж боддог вэ?
Мэдээж аливаа нэг бизнесийн үйл ажиллагааг явуулахад эхлэх хөрөнгө хэрэгтэй. Ихэнх бизнес худалдаа, наймаагаар эхлэж тодорхой хэмжээний хөрөнгө хуримтлуулаад тэрүүгээрээ үйлдвэрлэлийн салбар руу ордог нийтлэг урсгал харагдаад байдаг. Энэ нь нэг талаасаа маш их цаг хугацаа шаардсан. Ялангуяа дотоодын зах зээлд олон компаниуд үйл ажиллагаа явуулаад, хоорондоо өрсөлдөж байгаа энэ үед цаг хугацааг хэмнэх, богино хугацаанд үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт татах боломж нь гадаадын шууд болон шууд бус хөрөнгө оруулалт гэж боддог.
2011 онд манай компани Олон улсын санхүүгийн корпаци, Францын пропарко гээд хөгжлийн санхүүжүүлэгч, Баяо гээд хөгжлийн банкнаас хамтарсан 6 сая долларын зээлийг аваад 2017 онд эргүүлэн төлж байсан. Үүний дараа Европийн сэргээн босголт хөгжлийн банкнаас зээл авч байсан. Одоо ч аваад явж байгаа. Францын экспортыг дэмжих банкнаас мөн санхүүжилт авдаг. Ихэнхдээ зээлийн санхүүжилт аваад үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ихэвчлэн уул уурхай, банканд олгодог. Бусад салбар гадаадын хөрөнгө оруулалтаас шууд бусаар үр өгөөж хүртэж байна.
Ханган нийлүүлэгчийн хувьд бид гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэгч нарт зах зээлийг нь нэмж өгдөг давуу талтай.
Гадаадын шууд хөрөнгө оруулалттай компаниуд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүх бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс авдаг. Мөн ажлын байрыг бий болгож эдийн засгийн эргэлтийг сэргээж байна.
Оюу толгойн жишээн дээр авч үзэхэд тэр хэмжээний том төслийг эхлүүлэхэд бидэнд хэр их хэмжээний мөнгө, цаг хугацаа хэрэгтэй вэ? Эргээд Оюу- толгойд дотоодын үйлдвэрлэгчид ханган нийлүүлэлт хийж байгаа. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт асар их цаг хугацааг хэмнэж байгаа.
- Импортоор орж ирж байгаа сүү сүүн бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацаа нь удаан байдаг. Харин дотоодын үйлдвэрлэлээ сонгох нь илүү найдвартай, хадгалах хугацаа богино байдаг шүү дээ. Ер нь дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн ач холбогдол юу вэ?
Импортоор орж ирсэн бүтээгдэхүүнийг худалдан авснаар тухайн мөнгөний 80 орчим хувь нь тухайн улс руу гардаг. Бүтээгдэхүүнийг худалдаж авахын тулд доллар юм уу юань хэрэг болно. Тэгэхээр төгрөгийн хэрэгцээ байхгүй болчхож байгаа юм. Бид нар хоорондоо л мөнгөө солилцоно уу гэхээс гадагшаа худалдаа хийхэд төгрөгийг ашиглахгүй болохоор тэр мөнгө шууд гараад явчихна. Дотоодын үйлдвэрлэл хөгжсөнөөр гадагшаа гардаг байсан мөнгө монголдоо үлдэнэ.
-Танай компани сар шинийн бэлгийн багц гаргасан байсан. Үнийн хувьд ямар байгаа вэ?
Сар шинийн баяртай холбоотойгоор цагаан идээний үнэ хөөрөгддөг асуудал байдаг. Манай компанийн хувьд зах зээлийн үнийг барих бодлого хэрэгжүүлдэг. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ёстой гэдгийг тогтвортой үнээр мэдрэх ёстой. Тиймээс бид үнээ тогтвортойгоор баримтлаад явж байгаа.
Урдаас авсан хэрэглэх эсэх нь тодорхойгүй бэлэг өгч байснаас шинэ жилээ угтан үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бэлэг, сүү цагаан идээгээ бэлэгдэл болгон бэлэглээрэй гэж хэлмээр байна.
-Баярлалаа.