Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дайны гурван жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчидтэй уулзжээ. Тэрээр энх тайвны төлөө, эсвэл Украиныг НАТО-д элсүүлбэл огцроход бэлэн гэдгээ мэдэгдээд, харин Киев АНУ-ын өмнө өртэй гэдгийг хүлээн зөвшөөрсөнгүй. “Хэрвээ Украинд хамгийн их хэрэгтэй байгаа энх тайван бий болно гэвэл би албан тушаалаа орхиход бэлэн. Манай улс аюулгүй байдлын баталгаа олж аваад, эсвэл манайхыг НАТО-д элсүүлнэ гэж амлавал би шууд огцорлоо” хэмээн Зеленский мэдэгдэв. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-нд дууссан. Гэвч дайны байдал, бүх нийтийн дайчилгаатай байна хэмээн Украины Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украинд үлдсэн цорын ганц хууль ёсны эрх мэдэл парламент болон Радын спикерт байгаа. Дайны байдал нь Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах үндэслэл биш” хэмээн үзэж буйгаа хэд хэдэн удаа мэдэгджээ. В.Зеленский “Дайны байдлыг цуцалсны дараа сонгууль болно” хэмээн хэвлэлийн бага хурал дээр амлав. “Би эрх мэдэлд арван жил болох бодолгүй байна. Өнөөдөр улс орны аюулгүй байдал л чухал. Аюулгүй байдлын талаар өнөөдөр ярихгүй бол 20 жилийн дараа ярина гэж байхгүй. Би АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт итгэж байна, тэр дайныг дуусгаж чадна гэж бодож байна. Вашингтон манай талд зогсоосой гэж хүсч байна” хэмээн Киевийн лидер онцоллоо. АНУ 2025 онд дайныг зогсоох зорилго тавьсан, гэхдээ Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхгүй бол дайны гал зогсохгүй гэсэн байр сууриа тэрээр дахин илэрхийлэв. Аюулгүй байдлын баталгаа болгож Европын холбоонд элсүүлэх, Украины газар нутаг дээр энхийг сахиулагч 800 мянган цэрэг байрлуулах, Украины армид санхүүгийн тусламж үзүүлэхийг шаардаж байна. Хоёрдугаар сарын 24-нд Киевт Европын лидерүүд оролцсон дээд хэмжээний уулзалт болно хэмээн Зеленский зарлав. Уулзалтаар Украины хямралыг зохицуулах асуудлыг голлон хэлэлцэж, чухал шийдвэр гаргах боломжтой хэмээн тэрээр нэмж хэллээ. Энхийн яриа хэлэлцээнд Украин, АНУ, Европ, ОХУ оролцох ёстой хэмээн Киевийн лидер дахин сануулав. Д.Трамп түүнийг дарангуйлагч гэж хэлсэн талаар сэтгүүлч асуухад “Хэрвээ би үнэхээр дарангуйлагч байсан бол Трампын хэлсэн үгэнд гомдоно. Тэр зүгээр л ийм үг хэрэглэчихсэн байх. Би сонгогчдын 73 хувийн санал авч сонгогдсон Ерөнхийлөгч. Трампын хэлсэн үгэнд гомдоллоод байх юм алга. АНУ-тай ямар нэг байдлаар харилцаж, амьдарч л таарна. Миний тухай манай улсын иргэд юу гэж бодож байгаа нь чухал. Одоо миний нэр хүнд 65 хувьтай байгаа. Трамп дөрвөн хувь гэж хэлсэн. Тэр бол оросуудын тараасан цуурхал. Тийм болохоор би Трамптай шууд яриа хэлэлцээ хийе гээд байгаа. Дөрвөн хувь, 65 хувь гэдэг том ялгаа” хэмээн Зеленский ярьжээ. АНУ Украинд 500 тэрбум долларын тусламж үзүүлсэн, энэ тусламжийг буцааж төлөх ёстой гэдэг яриа гарч байгаа талаар тэрээр санаа бодлоо илэрхийлэв. “АНУ 500 тэрбум долларын тусламж үзүүлсэн гэдгийг би хүлээн зөвшөөрмөөргүй байна. 100 тэрбумыг ч хүлээн зөвшөөрөхгүй. Бид Ерөнхийлөгч Байдентай тохиролцсон, энэ бол тусламж, баталгаа гэж. Тусламжийг буцаан төлөх үүрэг байхгүй. Трампын хэлснийг зөвшөөрвөл Украины ард түмэн арван үеэрээ энэ мөнгийг төлөх хэрэгтэй болно. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ” хэмээн Зеленский хэллээ.