Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2025.02.24 12:43
1939
Хамаатнуудаараа нийлж сар шинээ ресторанд тэмдэглэхийг илүүд үздэг болжээ

Их хотын түгжрэлтэй, завгүй амьдралд цаг нартай уралдан яваа иргэдийн зарим хэсэг нь сар шинийн баяраа хамаатан саднаараа ресторанд тэмдэглэн өнгөрүүлэх сонирхолтой болжээ. 

Билгийн тооллын XVII жарны "Элдэв Эрдэнэт" хэмээх могой жилийн цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд эхэлнэ. Энэ жил шинийн нэгэн тасарсан учир хоёрдугаар сарын 28-нд битүүн, гуравдугаар сарын 1-нд шинийн 2-ний өдөр тохиож байна. 

Өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяраа Монголчууд ёслол төгөлдөр, өөр өөрсдийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж ахмад буурлаа хүндэтгэн золгож, идээ будаагаа дээдлэн засаж урин хавартайгаа золгодог. 

Улаанбаатар хотын түгжрэлтэй нөхцөлд иргэдийн зарим нь гэртээ зочин хүлээн авч, айл хэсэж явснаас илүү ресторанд тэмдэглэн өнгөрүүлэхийг илүүд үздэг болсон байна. Тэр ч утгаараа томоохон хүлээн авалтын захиалга авдаг ресторануудын цаг дүүрчээ. 

Бишрэлт, Туушин, Баянгол, Тугтан зэрэг ресторануудаас тодруулахад захиалга дүүрсэн гэдгийг онцолж байлаа. 

Төлөөлөл болгож иргэн Б.Бат-Очирын гэр бүлээс тодруулахад "Бид хамаатан саднаараа нийлж сүүлийн хоёр жил сар шинийн баяраа ресторанд тэмдэглэн өнгөрүүлж байна. Хамаагүй зардал багтай, дээрээс нь замын түгжрэлд ихэнх цагаа өнгөрүүлэхгүй амар байдаг.

Нэг гэр бүлээс 400-500 мянган төгрөг ордог. Энэ жилийн хувьд эдийн засгаа дагаад нэг айлаас 600 мянган төгрөг орж байгаа. Гэртээ зочин хүлээн авч сар шинийн баярын өдрүүдээ тэмдэглэхэд ойролцоогоор 3-5 сая төгрөг ордог байсан.

Тэр тусмаа баярын өдрүүдээр түгжрэл нэмэгддэг учраас энэ нь бидэнд стрессгүй амар байдаг" гэв. 

Ресторануудын хувьд золголтын меню нь нэг хүний 115 мянга, 65 мянга, 80 мянга зэрэг янз бүр байна. Ихэнх ресторануудын шинийн 2-ний захиалга дүүрчээ. 

Бишрэлт рестораны зохион байгуулагчаас тодруулахад "Бүх захиалга дүүрсэн. Шинийн 2-нд ч цаг байхгүй гэв. Харин Тугтан event hall-ийн хувьд шинийн 2-нд өглөөний цаг дүүрсэн үдээс хойш цаг байгаа" гэв.