Сэтгэл гутрал, сэтгэлийн эрүүл мэндийн асуудлаар Сэтгэл зүйч Ж.Үйлсттэй ярилцлаа.
-Хүмүүс сэтгэл гутралд орсон байгаагаа мэддэг хэдий ч хэрхэн, хаанаас эхлэхээ мэддэггүй шүү дээ. Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?
Манайхан асуудал нь бүр хоолой дээр нь тулчихаар сэтгэл зүйчид ханддаг. Тэгээд би нэг удаа зөвлөгөө аваад зүгээр болох уу гэж асуудаг. Сэтгэл зүйч лам, бөө шиг амьдралыг нь шууд зааж өгдөг хүн юм шиг ойлголттой хүмүүс нэлээн түгээмэл байдаг. Бид эхлээд нөхцөл байдлыг нь үнэлдэг. Асуудлын үндсэн шалтгаан, нөлөөлж байгаа хүчин зүйл, явц болон хүндрэл юу вэ гэдгийг судлаад нэг сэтгэл зүйн тулгамдсан асуудал байна уу эсвэл нэлээн хэдэн асуудал байна уу гэдгийг тогтоодог. Эхний 1-3 уулзалт тухайн хүнээс мэдээлэл цуглуулах уулзалт болдог.
-Сэтгэл гутралд орж байгаа гэдгээ мэдэхгүй зүгээр л бүх юм утгагүй санагдаад залхах үе байдаг. Энэ нь хэр хүндэрсэн шат вэ?
Сэтгэл гутралыг үнэлэх 9 асуулт бий. Үүний хамгийн гол хоёр асуулт бол та юуг ч сонирхож таалахаа больсон уу, таны амьдралын идэвх суларч байна уу гэдэг асуулт.
Юуг ч таалахаа болих гэдэг нь өмнө нь сонирхдог байсан зүйлдээ дургүй болох, энгийн зүйлээс аз жаргал мэдрэхгүй байхыг хэлдэг бол амьдралын идэвх сулрах гэдэгт өдөр тутмын амьдралдаа бүх зүйлийг хүчилж хийдэг болчихсон байдаг. Утсаар ярих, хүнтэй холбоо тогтоохоос ч цааргалж эхэлдэг. Бүр усанд орох, нүүрээ гоё будах, дэлгүүр хэсэх ч сонирхолгүй болчихдог. Хөндлөнгийн хүмүүс бол энэ залхуураад байна гэж хардаг. Гэтэл тэр хүн юунаас ч таашаал авч чадахаа больчихсон, сэтгэл зүйн гүн хямралд орсон байж болно. Энэ хоёр асуултад тийм гэж хариулаад үлдсэн долоон асуултад тийм гэж хариулбал сэтгэл гутралын шинж тэмдэг харагдаж байна. Энэ асуудал хоёр сараас дээш хугацаанд үргэлжилсэн бол онош тавих хэмжээнд очсон гэсэн үг. Харин хөнгөн, дунд, хүнд аль хэлбэрт байгааг сэтгэл зүйч болон сэтгэцийн эмч тодорхойлно.
-Сэтгэл гутралаас хэрхэн гарах ёстой вэ?
Сэтгэл гутралыг угт нь тултал буюу үндсэн асуудлынх нь учир шалтгаантай нь хамт эмчлэхгүй л бол наана нь арга хэмжээ аваад нөлөөлөхгүй.
Хүмүүс ажлаа солих, нөхөр эхнэрээ солих ч юм уу амьдралдаа нэг том өөрчлөлт хийчихвэл энэ намайг аварна гэж боддог. Гэтэл тухайн асуудал тэр үедээ намжаад арай дээрдсэн мэт мэдрэмж төрж болно. Эсвэл үнэхээр өөрчлөгдсөн юм шиг ч санагдаж болно. Гэтэл хэсэг хугацааны дараа дахиад л нөгөө байдал давтагддаг. Тэгэхээр хүмүүс би өдийд л ингээд байдаг гээд өөртөө онош тогтоочихдог. Энэ нь тухайн асуудлыг үндэс сууриар нь эмчлээгүйтэй холбоотой.
Би сэтгэл гутралд орчихлоо гэхээр “Өө би бол сэтгэл гутрал гэж мэдээгүй өслөө, сэтгэл гутралд орох завгүй явлаа” гэдэг ч юмуу янз бүрээр хэлдэг. Гэтэл сэтгэл гутрал нийгмийн олон талт асуудлаас болж бий болдог.
Асуудал тулгарах үед тухайн хүн бие, сэтгэлийн хувьд ямар байгаатай сэтгэл гутрал хамааралтай.
Жишээ нь нэгэн ээж сэтгэл гутралд ороод нэлээн олон сар болчихсон. Шөнө бүр хүүхдээ хөхүүлээд нойргүй хонодог, хөл хүнд, төрхийн хүндрэл үүссэн, нийгмийн харилцаанд орохгүй байгаа, санхүүгийн хувьд нэг хүнээс хамааралтай, ойрхон төрсөн байж болно. Энэ бол нэг хүний хувьд даахад маш хүнд асуудал.
Дээр үе болон одоо үе хоёрт ялгаатай зүйл байна. Дээр үед хүүхэд хүнстэйгээ ирдэг, өөрөө өсчихдөг гэдэг ойлголттой байсан бол одоо хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, сэтгэл зүй нь ямар байх вэ гэдэг дээр хүүхдээ харж байгаа хүний тархи байнгын ажиллаж байдаг. Яг түргэний тэрэг шиг тархи нь үргэлж ачаалж, улаан гэрэл анивчиж байдаг.
Ер нь сэтгэл зүйн өвчин гэдэг бол нийгмийн өвчин.
Нийгэм олуулаа болоод шахагдах тусам хүнд хувийн орон зай байхгүй болчхож байгаа юм. Зүгээр л малаа маллаад амьдардаг хүнд хувийн орон зай их байдаг бол хотод амьдарч байгаа хүмүүсийн хооронд олон асуудал бий.
Хэрвээ бидний бие өвдвөл шууд эмнэлэгт очдог бол сэтгэл зүй нь хэвтэрт орчхоод байхад яваад л байдаг. Өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг зугаа цэнгэл, ажлын ачааллаар түр зур намдаагаад л яваад байдаг. Углуургаар нь асуудлыг шийддэггүй.
Би ч бас хоёр дахь хүүхдээ гаргахдаа сэтгэл гутралд орж байсан. Гэхдээ тэр үеийн зураг ч мөн адил инээсэн Үйлст л байдаг. Сэтгэл зүй хэцүү байвал заавал царай алддаг гэж боддог ч сэтгэл гутрал бол гаднаа харагддаггүй. Уналтад орсон байгаа сэтгэл зүйгээс босож ирнэ гэдэг асар их эрч хүчийг зарцуулдаг.
-Та сэтгэл гутралаасаа хэрхэн гарч байв. Ийм асуудал тулгарсан байгаа ээжүүдэд бас хэрэгтэй байх.
Сэтгэл гутралыг даван туулахад хүрээлэн буй орчин чухал. Сэтгэл гутралд орсон байгаа хүний ар гэр тухайн асуудлыг хамтдаа даван туулдаг.
Би 10 жилийн турш сэтгэл гутралын тухай ярьж байхад над дээр ирж байгаа хүмүүс ямар ч мэдээлэлгүй байдаг. Сэтгэл гутралаас гарахад мэдээлэл маш чухал. Мэдээлэлгүйгээс болоод энэ асуудалдаа маш удаан гацдаг. Сэтгэл гутрал зөвхөн тэр хүний асуудал гээд хаядаг ч тухайн гэр бүлийн амьдралын түвшин хамт унаж байдаг.
Сэтгэл гутралд орсон гэж бодож л байвал заавал мэргэжлийн хүн дээр очих ёстой. Бүх зүйл болоод байгаа юм шиг хэр нь цаагуураа л нэг зүйл болохгүй байгаад байдаг. Болохгүй байгаа асуудлаа шийдэхэд л сэтгэл зүйч хөтөч хийдэг.
-Сэтгэлийн эрүүл мэндээ хамгаалах, дархлаагаа унагахгүй байхын тулд юунд анхаарах ёстой вэ?
Өдөр тутмын хэвшлээ алдах нь сэтгэл гутралд оруулах магадлалтай. Нэг том зорилгыг тавиад тэрэндээ хүрчих юм бол бүх асуудал шийдэгдэнэ гэж боддог. Гэтэл жижиг алхам, зөв хэвшил хамгийн чухал байдаг. Хэрвээ та гүйдэг болъё гэж бодож байгаа бол эхлээд хаалганыхаа гадаа гарчих. Гэрээсээ гарсан хүн ядаж байшингийн булан руу алхаад буцаад ирнэ биз дээ. Сэтгэл гутралаас шууд үсрээд гарах боломжгүй. Бага багаар урагшлах хэрэгтэй. Мөн өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвших чухал.
-Баярлалаа.
Шууд дамжуулалтыг үзэх: