Э.Ирэхбаяр
Редактор
Нийгэм
2025.02.24 13:55
1114
ХУДАЛДААЧДЫН ӨЛГИЙ ИВҮ ХОТОД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ

Улаанбаатараас Замын-Үүд-БНХАУ-ын Эрээн-Ивү гэсэн маршрутаар талдаа 3000, нийт 6000 км аялсан тэмдэглэлээ хуваалцсу.

Аяллын групп маань нийслэлээс галт тэргэнд сууж Замын-Үүд орсон ч манай гэр бүлийн тухайд өөрсдийн унаагаар Замын-Үүд оров. Эрээнээс унтлагын автобусанд сууцгаалаа. Аялал эхлэхээс хэд хоногийн өмнө хөтөч маань биднээс бүрэн унтлага, хагас унтлагын автобусны алийг нь сонгох вэ гэж асуухад бүгд л дуу нэгтэй бүтэн унлагын автобус сонгосон юм. Автобусанд ортол гурван эгнээ, хоёр давхарласан, нийт 30 ор байна. Тэдгээр ор нь нугарч сандал болдоггүй, зөвхөн хэвтэх зориулалттай.

Миний хувьд Солонгосын унтлагын ортой автобусанд хэд хэдэн удаа сууж байсан бөгөөд тэдгээр нь онгоцны бизнес зэрэглэлийн суудал шиг л тухтай байдаг болохоор тиймэрхүү төсөөлөлтэй ирсэн болохоор цааш яаж тийм урт замыг туулна аа хэмээн халширсан ч энэ хүртэл ирчихээд буцалтай биш хэмээн аргагүйн эрхэнд нөхцөл байдалтай эвлэрэв. Гэтэл эрхбиш хэвтээгээрээ явсан тулдаа замын уртыг ер ажирсангүй, ядарсангүй.

Зүүн Хятадын Төв Жэжян мужийн Жинхуагийн харьяанд байдаг хошууны түвшний Ивү хот нь Эрээнээс 2600 км, Шанхайгаас 300 км зайд оршдог аж. Эрээнээс 14 цагийн үед хөдөлсөн бид маргааш орой нь 24 цагийн үед очсон юм. Хэдий хурдны зам ч гэлээ цагт 90 км-ээс илүү хурдалж болохгүй. Дээр нь замдаа хоёроос гурван цаг тутамд амрах зогсоол дээр буудалладаг болохоор тийн 30 гаруй цаг үргэлжилсэн хэрэг.

Тэдгээр зогсоол нь нэлээд том талбайг хамардаг, замын машинд зогсоол олдохгүй гэх зовлонгүй. Зоогийн газар, дэлгүүр болон ариун цэврийн байгууламж зэрэг үйлчилгээтэй. Манай гэр хорооллын гоожуур шиг савнаас халуун, хүйтэн ус хүссэн хэмжээгээрээ үнэгүй авах боломжтой.

Хоолны тухайд, багийнхан маань элдэв үг яриа гаргаагүйг бодоход дажгүй л байсан байх. Миний хувьд урд зүгийн хоол хүнсэнд тааруу болохоор Улаанбаатараас авч гарсан хүнсээ л  идэж явлаа.

Ариун цэврийн байгууламж нь замын олон хүн дугаарлаж зогсохооргүй, хангалттай хүрэлцээтэй, дээр нь голдуу явган суултууртай нь авууштай ч 00-ын цаас, саван зэрэг наад захын хэрэглээ байхгүй, дээр нь хүйтэн устай, бас үнэр танар хэцүүхэн байв. Ер алив улсын хөгжлийг нийтийн эзэмшлийн талбай, үйлчилгээний газрууд дахь ариун цэврийн байгууламжаар нь хэмжиж болдог доо. Тэгэхээр энэ тухайтад би хувьдаа дунд гэсэн үнэлгээ өгсөн.

Өвөр монголын нутгаар явахад зам зуур байсхийгээд л салхин сэнс болон нарны панель таарна. Ямар ч байсан сэргээгдэх эрчим хүч хэрэглэх тал дээр анхаарал тавьж байгаа нь анзаарагдав.

Олон улсын худалдааны төвийг “дайлаар мордоцгоов”

Хотоос гарснаас хойш хоёр дахь үдэш нь бид зорьсон газартаа ирэв. Бидний байрласан буудал “Yiwu international trade market” худалдааны төвд ойрхон байсан нь аялагчдын сэтгэлд нийцэв. Учир нь энэ аялал бизнес аялал байсан бөгөөд багийн гишүүдийн дийлэнх нь худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс байсан болохоор таатай байлгүй яах вэ.

Маргааш өглөө нь хөтөч маань биднийг дагуулан дээрх худалдааны төвд очив. Үнэхээр том зах аж. 8-9 км орчим үргэлжлэх нэг том байгууламжид байх энэхүү худалдааны төв нь бараагаараа төрөлжсөн таван үндсэн дүүрэг /district гэж нэрлэдэг юм билээ/-т хуваагддаг. Нийт 75 мянга гаруй тасагтай. Тус бүрдээ ямар нэг үйлдвэрийн төлөөний газар, албан ёсны дэлгүүр гэж хэлж болно. Тэдгээр тасагт бичиг хэрэг, хүүхдийн тоглоом, гоо сайхан, хүнс, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, барилгын материал гээд нийт 2.1 сая орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн зарагддаг гэж байгаа. Ерөнхийдөө сонголт хийгээд чанар нь боломжийн санагдсан. Харин ширхэгээр бараагаа өгдөг газар ховор юм билээ. Барааныхаа онцлогоос шалтгаалаад доод хязгаар нь өөр өөр. Овор хэмжээ ихтэй, өндөр үнэтэй барааг борлуулах доод хэмжээ арай цөөхөн тоогоор яригддаг бол жижиг бараануудыг хэдэн зуугаас эхлээд хэдэн мянгаар зарна гэх. Тогтсон доод хязгаартай гэсэн үг. За тэгээд бүх лангуугаар орно гэвэл хэдэн сар зарцуулахаар.

Тус худалдааны төв нь гаднаасаа ордог 112 хаалгатай. Үүдэн хаалганы хажууханд уг төвийн бүдүүвч зураг харагдана. Дотуур нь явахад эгнээ бүр, тасаг бүр дугаартай ч яг эрсэн зүйлээ хаанаас хэрхэн олох вэ гэдэг нь тийм ч ойлгомжтой биш тул авна гээд харсан зүйлээ шууд авахгүй бол эргэж олоход амаргүй. Нөхөр бид хоёр охинтойгоо явсан тулдаа зүг чигээ олоход ч тэр, хэл нэвтрэлцэхэд ч тэр асуудал гарсангүй. Хэдийгээр хөтөч маань хүн болгонд хүрч ажиллахыг хичээж байсан ч ганцаараа болохоор 30 хүнийг нэг бүрчлэн дагуулж явах боломжгүй байлаа. Зарим аялагч “Тэнэг хүнийг тэнгэр ивээдэг гэгчээр харсан зүгтээ явж байгаад л хайсан юмаа олоод байна” гэлцэж байв. 

Олон улсын худалдааны төв гэдэг статусдаа нийцүүлж, лангуу бүрд англи хэлтэй худалдагч зогсоно. Жилд 500 мянга орчим гадаадын худалдаачид болон жуулчид зорин очдог болохоор арга ч үгүй биз. Олон орны худалдаа эрхлэгчид тус төвөөс бараа бүтээгдэхүүнээ сонгон авдаг юм билээ.

Хөтөч бүсгүй биднийг “Интернэт” зах дээр мөн аваачсан. Нэг томоохон хорооллын байруудын нэг давхрыг бүхэлд нь эзэгнэсэн энэ зах барааны сонголт тааруухан, дээр нь худалдагч нар нь англи хэлгүй болохоор тийш очих нь дэмий цаг үрсэн ажил болсныг дараагийн аялагчид анхаарна биз ээ.

Нутгийн оршин суугчдын хөрөнгө оруулсан “Шилэн гүүр”

Ийнхүү манай худалдаачид өдөртөө үндсэн ажлаа амжуулаад оройдоо Ивү хоттой танилцах аялал хийж байлаа. Тухайлбал, Ивү хотыг бүхэлд нь тольдон харуулдаг Гэрэлт сүм, далайн гаралтай хоолны үзэсгэлэн худалдаа бүхий Шөнийн гудамж, Турк гудамжийг оройдоо үзэж сонирхсон бол өдөр нь Ивүгээс 30 мин орчим зайд байх Шилэн гүүр болон Virtual center-т нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүлсэн юм.

Шилэн гүүрний тухайд газраас дээш 70 м өндөрт байрласан бөгөөд уртаашаа 200м үргэлжлэх жижигхэн хэдий ч түүх нь маш сонирхолтой юм билээ. Нутгийн оршин суугчид өөрсдөө санаачилж, гурав хоногийн дотор 400 мянган юань босгож, уг гүүрийг барьсан бөгөөд 2018 онд ашиглалтад оруулсан байна. Гүүрийг нээсэн эхний өдөртөө 1700 юаний орлого олжээ. Өдгөө тус гүүрийг босгосон өртгөө хэдийнэ нөхчихсөн, нутгийн иргэд хөрөнгө оруулсан хувь хэмжээгээрээ цэвэр ашгаа хуваан аж төрж сууна.

Шилэн гүүр рүү гарахын өмнө Virtual танхимд бид зочилсон юм. Шал, тааз, хана бүхэлдээ шилэн дэлгэцтэй, цаана нь далайн амьтад, загаснууд наадаж, өлмий дороос цэцэгс дэлгэрч, ус цалгиж, яг л далайн гүнд эсвэл томоохон аквариум дотор ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ийн явсаар нэгэн танхимд орж ирэхэд биднийг сандал дээр суулгаж, 3D нүдний шил зүүлгэлээ. Тэр мөчөөс эхлэн цавчим өндөр уул толгодоор дүүлэн нисэж, ус голыг гаталж, элдэв араатан амьтад, жигүүртэн шувуудтай таарч, мөн ч их адал явдалтай тулгарав. Энэ бүхэн бодит биш гэдгийг мэдэж байгаа ч хамаг чадлаараа биеэ хурааж, орилж хашгиран, инээхдээ инээж байлаа, бид. Арван минут хэртэй л болсон байх.

Энэ бүхнийг хязгаар нутгийн ардууд хийж чадаж байхад бид яагаад чадахгүй гэж гэсэн цагаахан атаархал төрж байв. Монголчууд бид өөрсдөө унаган төрхөө алдаагүй, онгон зэрлэг байгальтай хэмээн чээжээ дэлддэг ч үнэндээ манай улсыг зорин ирж буй жуулчдын тоо дэндүү  чамламаар. Дээр дурдсанчлан ганцхан худалдааны төвийг зорьж, жилд 500 мянган жуулчин ирж байна. Гэтэл манайх бүхэл бүтэн улс байж, бүтэн жилийн турш 500-600 мянга орчим жуулчин хүлээж авдаг байсан, саяханыг хүртэл. Өнгөрөгч онд анх удаа 853 мянган жуулчин хүлээж авсан нь түүхэн дээд амжилт.

Дэд бүтэц, ариун цэврийн байгууламж, баазуудын үйлчилгээ муу болохоор ирсэн тоотой хэдэн жуулчин нь найз нөхдөдөө санал болгохгүй байх магадлалтай. Мөн жуулчдыг татаж болох цөөхөн хэдэн эвентээ ч олигтой сурталчилдаггүй. Дээр нь жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрөл цөөхөн. Тэгвэл заавал төр болон томоохон компаниудыг харалгүйгээр иргэд өөрсдөө нэгдээд, энэ мэт бүтээн байгуулалт хийвэл манайд одоохондоо орон зай нь байна, зах зээл нь ч яваандаа тэлэх биз.

Ивүд очсон хүмүүс заавал үзэх ёстой газрын нэг нь тус хотоос нэг цагийн зайд орших дэлхийн хамгийн том кино, телевизийн зураг авалтын бааз, Хятад дахь Холливуд гэж хэлж болох Hengdian World Studio нь юм. 

Худалдаачдын өлгий хот түгжрэлээ хэрхэн шийдсэн бэ

Ивү хотын газар нь үржил шим муутай тул нутгийн ардууд эрт үеэсээ худалдаа наймаа эрхлэн амьдарч иржээ. Социализмын үед худалдаа нь нэг хэсэг далд байдалд шилжсэн ч 1978 онд Мао Дэн Сяопины эдийн засгийн шинэчлэл хийсний дараачаас тус хотод чөлөөт худалдаа наймаа цэцэглэн хөгжиж, БНХАУ-ын түүхэн дэх анхны чөлөөт зах зээл бүхий хотын нэг болсон байна.  Тиймдээ ч эдийн засгийн хүчин чадлаараа 1995 онд бүх хятадын хамгийн хүчирхэг 100 муж/хотын 47-д жагсаж байсан бол мөн 2001 онд Хятадын бүх хошуунаас 19 дүгээр байранд жагсаж байжээ.  Ивү хот хоёр сая орчим хүн амтай ч манай Улаанбаатар шиг түгжрэл тэнд алга. Биднийг очиход цагаан сарын баярын амралт нь хараахан дуусаагүй байсан нь ч нөлөөлсөн биз. Гэсэн хэдий ч худалдааны төвүүд нээгдсэн, байгууллагууд нь эхнээсээ ажиллаад эхэлчихсэн байсан үе. Ямартай ч тэнд суурин амьдардагш хүний ярианаас бусад үед ч ер нь түгжрээд байдагггүй гэхийг сонсоод түгжрэлээ хэрхэн шийдсэнийг нь сонирхон судаллаа.

 1. Замуудаа өргөтгөж, шинэ зам тавих зэргээр дэд бүтцээ сайжруулсан;

2. Өндөр хурдны автобус, метро, дугуйн зам зэрэг олон төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ бий болгосон;

3. Ухаалаг тээврийн системийг амжилттай нэвтрүүлсэн байна. Тэдний хотын тээврийн хяналтын төвүүд нь жишээлбэл, жолоочид болон зорчигчдыг замын нөхцөл, түгжрэлтэй бүсүүдийн талаар мэдээлж, замын ачааллыг зохицуулдаг;

4. Тодорхой хэсэгт болон тодорхой цаг үед автомашинуудын тоог хязгаарлах, эсвэл өргөтгөсөн авто зогсоолын ашиглах гэх мэт арга хэмжээ авдаг аж.

Бас нэг анхаарал татсан зүйл гэвэл таксины үнэ хямд юм билээ. Уг нь бензин нь манайхаас арай үнэтэй, тухайлбал, АИ92 шатахуун 3850 орчим төгрөг бол АИ95 нь 4150 орчим төгрөг аж. Гэсэн хэдий ч хаашаа ч явсан ихэнхдээ л 15 юань /7500 төгрөг/ дотор багтах бөгөөд ихдээ л 20 гаруй юань болох аж.

Ийнхүү “Мандуул аялал, карго” ХХК-аас зохион байгуулж, Ивү хотод дөрвөн шөнө, таван өдрийг өнгөрүүлж, ирж буцахтайгаа нийлээд  найман шөнө, есөн өдөр үргэлжилсэн бизнес аялал маань буцаад Эрээн хотод ирснээр өндөрлөсөн юм.

Бизнес биш аялал хийхээр зорьсон манай гэр бүлийн тухайд Солонгост амьдардаг охинтойгоо Ивү хотод болзсон юм. Ивү хотын иргэд, ялангуяа залуус нь замын улсад найрсаг хандаж, чадахаараа тусалдаг юм билээ. Гэхдээ 2018 оноос хойш өмнөд хөршид хөл тавиагүй миний тухайд явсан, суусан улсын яриа хөөрөө болон мэдээллийн хэрэгслүүдээс их л өндөр хүлээлттэй очсон болоод тэр үү хөгжил нь санаанд арай л хүрээгүйг нуух юун.

Эрээнээс цааш Бээжин, Шанхай, Ивүг чиглэсэн автобуснуудтай  зам зуур зогсоолууд дээр таарахад тэдгээрийн зорчигчдын дийлэнх нь монгол хүмүүс байна билээ. Ивү хотын тухайд монголчууд, ялангуяа худалдаачид сүүлийн жилүүдэд олноороо зорин очих болсон юм.