Энэ удаагийн “Масс зочин” буланд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа уригдан өөрийн сонирхдог зүйлс хийгээд үзэл бодлоо хуваалцсан юм.
-Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхлэх үү. Багадаа ямар хүүхэд байв, хүүхэд насаа хаана өнгөрүүлсэн бэ?
-Би Говь-Алтай аймагт төрсөн. Эцэг, эх маань Говь-Алтайн уугуул. Гэхдээ би ой гарантай байхдаа хотод ирсэн. Бусдын л адил цэцэрлэгээр хүмүүжиж, сургуульд сурсан. Хүүхэд нас маань бага тойрогт өнгөрсөн. 23 дугаар дунд сургуульд сурдаг байлаа. Зундаа зусланд, бусад үед байрныхаа гадаа эрэгтэй хүүхдүүд юу тоглодог, тэр бүгдийг л тоглож өссөн. Гэхдээ “гардан байлдаан”-д их сайн байсан шүү. Ахдаа үүрүүлдэг болохоор баатар нь болдог байсан юм байлгүй, өөртөө их л итгэлтэй байлддаг байсан санагдаж байна.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Дөрвүүлээ. Бүгдээрээ хөвгүүд. Би нэг ахтай, дороо хоёр дүүтэй. Ойрхон төрсөн болохоор дээд, доод айлынхнаа ч зүгээр байлгадаггүй хөдөлгөөнтэй хүүхдүүд байлаа. Их л зодоон, нүдээн хийдэг. Тэр үеийнхэн мэдэх байх, “бариа” гэж. Гэхдээ битгий буруугаар ойлгоорой. Буруу замаар явж байсан юм огт биш. Хажуугаар жаахан эвгүй харж зөрсөн ч юм уу, эсвэл харагдаж үзэгдээгүй хүүхэд явахыг хараад шоглох, за мөн ангийнхаа сул дорой нэгнийг өмөөрөх зэргээс болоод зодоон хийчихдэг байлаа. Бас болоогүй ээ, ангийн “атаман” гэж байгаа. Гэхдээ бусад “атаман”-уудыг бодвол онц сурлагатай “атаман” юм шүү.
-Охидод хэр олон захиа өгч байв?
-Өгч ч байгаагүй, авч ч байгаагүй. Би тэр талдаа маруухан байсан.
-Тэр үеийн хүүхдүүд бүжиг их сонирхдог байсан. Таны хувьд?
-Тийм шүү. Янз бүрийн хамтлаг их гардаг байсан. Гэхдээ би урлагт ёстой муу. Нэг их бүжиг дуу гээд яваад байдаггүй байсан.
-Сахилагагүй хүүхэд байсан гэлээ. Хэзээнээс томоожиж эхлэв?
-Би зургадугаар ангиасаа “Оточ маарамба”-ын сургуульд шилжин орсон. Тэнд хичээлийн араас гарах хэцүү. Цаг, наргүй л хичээлээ давтана. Юм их цээжлэх хэрэгтэй. Тэгээд л “атаман”-аа хийх завгүй болсон юм болов уу даа. Тэр үеэс л тэвчээртэй болсон, хатуужсан.
-Хүүхэд болгон бага байхдаа тийм хүн болно, ийм хүн болно гэж ярьдаг. Та ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байв?
-Бага байхдаа зураач болохыг мөрөөддөг байлаа. Тэгсэн нэг өдөр гэнэт муу хүмүүсийг барьдаг мөрдөн байцаагч болмоор санагдаад явчихсан. Тэгж байснаа жүжигчин ч дажгүй юм шиг бодогдоод л нэг мэдэхэд эмч болчихон.
-Эхнэртэйгээ хэзээ танилцсан бэ. Хүүхдүүдийнхээ талаар бас ярьж өгөхгүй юу?
-Магистрт сурч байхдаа танилцсан. Бид хоёр хүүхэдтэй. Жирийн л гэр бүл. Би ер нь гэр бүлийнхээ талаар ярих дургүй л дээ. Тэднийгээ олны хараанаас хол байлгахыг хүсдэг.
-Гэр бүлдээ хэр зав гаргаж байна?
-Маш бага. Өглөө эрт гарна. Орой 22.00 цагаас өмнө орох нь ховор. Уг нь амралтын өдөр эхнэр хүүхдүүдээ аваад салхинд гарах, хоолонд орох юмсан гэж их боддог. Даанч зав гарахгүй юм.
-Эмч хүн яаж яваад улс төр лүү орчихсон юм бэ?
-Анх Ардчилсан залуучуудын холбооны үйл ажиллагаанд оролцдог байлаа. Тэгж яваад л намд элсэх шийдвэр гаргаж улс төртэй холбогдсон юм. 2011 онд батламжаа авсан.
-Энэ ажлыг аваад багаүй хугацаа өнгөрлөө. Эрүүл мэндийн дэд сайд болсон явдал амьдралд тань хэр нөлөөлсөн бэ?
-Дэлгүүрт ороход л мэдрэгддэг. Худалдагч нь таньдаг нүдээр харах ч юм уу. Алхах гишгэх, хэлж ярих үгээ хүртэл хянаж байх хэрэгтэй болсон. Гэр бүлдээ зарцуулах цаг хомс боллоо. Найз нөхдийн хүрээ хумигдлаа. Ер нь л өөрчлөгдсөн дөө.
-Сайдын ажлаас шантрах үе байсан уу?
-Нэг биш хэд хэдэн удаа шантрах үе байсан. Яг өөрийнхөөрөө асуудлыг шийдэж чаддаггүй. Тухайн салбарынх нь сайд эрх мэдлийг зөвхөн өөр дээрээ авах нь миний хувьд хязгаарлагдмал санагдаж, юу ч хийж чадахгүй, хуулиараа болохгүй үед шантарч байсан. Одоо бол харьцангүй гайгүй болсон. Бүхэн эрхийн маань хугацаа ч талдаа орчихлоо. Одоо шантарч буцах эрх надад байхгүй.
-Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг. Таны хувьд ямар зан чанарыг эрхэмлэдэг вэ?
-Хэлсэндээ хүрдэг, эхэлснээ дуусгадаг, үнэнч хүнийг хүндэлдэг.
-Энэ чанарууд танд бий юу?
-Болж өгвөл худлаа хэлэхгүйг хичээдэг. Амласан зүйл маань надаас шалтгаалахгүйгээр намайг худалч болгоход жаахан гутардаг. Түүнээс биш чадах зүйлээ л хүнд амладаг даа. Тэгэхээр хэлсэндээ хүрдэг гэж болох байх. Мөн өдийг хүртэл өөрт минь байсан чанар бол махруу зан. Заавал эхэлсэн зүйлээ дуусгах гээд суучихдаг. Үнэнч зан бол бас л надад байдаг сайн чанаруудын нэг.
-Таны сул тал юу вэ?
-Ёстой ноцтой нэг сул тал бол хүнд “үгүй” гэж хэлж чаддагүй. Хүнд туслах дуртай мөртлөө гуйлтыг нь биелүүлж чадахгүй бол өөрөө дагаад гутардаг тал бий. Зарим хүмүүс энэ занг минь ч сайн мэддэг болчихсон юм шиг байна лээ. Янз бүрийн гуйлт орж ирнэ, хэцүү шүү дээ.
-Шүүмжлэл хэр хүлээн авдаг вэ?
-Хүлээн авнаа авна. Гаднаа эсэргүүцэж байсан ч дотроо их боддог. Гэхдээ шүүмжлэл гэхээс илүү зөвлөгөөг маш сайн хүлээн авдаг.
...Эмч хүний хувьд салбарынхаа сайд болохыг хүсэлгүй яахав. Тэр зэргийн амбицгүй хүн дэд сайд хийнэ гэж байхгүй шүү дээ. Салбарын сайд болохын төлөө цаашдаа ч ажиллана гэж бодож байгаа...
-Та хэр олон найзтай вэ?
-Би нэг их олон найзтай биш. Хэвийн харилцаатай найзууд бол зөндөө бий. Дотны найз ховор. Бүр их итгэлтэй найз бол гурав дөрөвхөн л бий. Миний хэлэх дуртай “Кто всем друг, тот ничей друг” гэдэг үг бий. Хүн болгоны найз бол хэний ч найз биш гэж. Энэ үгний цаана маш том философи явж байдаг.
-Итгэлтэй цөөхөн найзтайгаа уулзах зав гаргаж амжиж байна уу?
-Өмнө нь найзуудтайгаа караокед орвол дуулчихдаг, хааяа шөнийн клубт ороод бүжиглэчихдэг байсан. Дэд сайд болоод энэ бүгдийг мартсан. Угаасаа ч архи огт уудаггүй хүн л дээ би. Харин сүүлийн үед улаан вино ууж сурдаг юм билүү гэж бодоод байгаа. Зайлшгүй ёслол, арга хэмжээний үеэр ч тэр, эрүүл мэндийн хувьд ч тэр улаан вино бага зэрэг уух хэрэгтэй юм шиг байна лээ.
-Залуу хүн өсөн дэвших нь гарцаагүй. Тэр ч утгаараа зорилго тавьдаг. Таны хувьд энэ салбартаа тавьж байгаа зорилго юу вэ?
-Эмч хүний хувьд салбарынхаа сайд болохыг хүсэлгүй яахав. Тэр зэргийн амбицгүй хүн дэд сайд хийнэ гэж байхгүй шүү дээ. Салбарын сайд болохын төлөө цаашдаа ч ажиллана гэж бодож байгаа. Тогтолцоог ойлголоо, тодорхой хэмжээнд туршлага суулаа, тодорхой хугацаанд сайдыг орлож үзлээ, юм ойлголоо. Сайдын алба хашихад ямар хүндрэл тулгардаг, ямар давуу талууд байдаг, мөн эрх мэдлийн ялгаа, ямар боломж байдгийг мэдэрлээ.
-Интернэт ертөнц, тэр тусмаа фэйсбүүк, твиттер хэр ашигладаг вэ?
-Маш бага. Уг нь хэрэглэдэг байсан. Гэхдээ бүгдийг нь хаачихсан. Тэднийг ашиглах зав ч гарахгүй юм.
-Дэд сайдын хувиар биш, иргэн Ж.Амарсанаагийн нүдээр харахад улс төр ямар харагдах бол?
-Олон хүний амьралыг өөрчилж чадах асар том боломж гэдгийг харж байна. Нөгөө утгаараа улс төр ямар бохир юм гэдгийг харж, хааяа харамсдаг.
-Та АН-ын гишүүн. АН-ыг хүмүүс сайнтай, муутай янз бүрээр хүлээж авдаг. Таны хувьд намынхаа үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?
-Ер нь бол ажил урагштай яваа. Харин эв нэгдэл үгүйлэгдэж байна уу даа гэж хардаг. Манай нам эвтэй л байвал амжилт хүлээж байгаа. Задрах тусам хүнд жилүүд харагдаж байдаг. Гэхдээ энэ эв нэгдэл, хагарал гэдэг чинь ардчилал л гэсэн үг шүү дээ. Энэ бол дотоод ардчилал. Үүнийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.
-Таны ирээдүйн улс төрийн карьер ямар байх бол?
-Улс төрөөр дор хаяж найман жил явна гэж бодож байна. Дараа нь байдлыг харна. Ирээдүй харагдахгүй бол эмчийнхээ ажлыг хийнэ гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.