Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын зургаан зөвлөхийн нэг буюу Төр, хувийн хэвшил, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг саяхан “Иргэний нисэхийн үндэсний төв” төрийн өмчит компанийн Комплеанс, эрсдэлийн удирдлагын газрын даргаар томилогдсон байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт болон агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлыг хангасан, дэлхийн тэргүүлэх жишигт нийцсэн, эдийн засгийн үр ашигтай агаарын навигаци, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх зорилготой тус компани нь анх 2019 онд Зам, тээврийн хөгжлийн тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа байгууллага болон байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 24 салбар, нэгж, 17 орон нутгийн нисэх буудалтай, нийт 2064 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Н.Баярчимэгтэй утсаар холбогдож, энэ талаар тодруулахад, хотын даргын зөвлөхийн ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн хариулт өгсөн ч НЗДТГ-аас орон тооны зөвлөхийн албаа одоо хүртэл хашиж байгаа гэдэг зөрүүтэй мэдээлэл өгөв. Ямартай ч Н.Баярчимэг нь “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ий газрын даргаар саяхан томилогдсон бөгөөд тус байгууллагын албан ёсны сайтад нэр, утас нь бүртгэгдсэн байна.
Тэрээр өмнө нь 2020-2024 оны НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байхдаа тухайн үеийн Засаг дарга Д.Сумъяабазарын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчоор мөн ажиллаж байсан юм.
Хуульч мэргэжилтэй энэ эмэгтэй Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга, УУХҮЯ-ны мэргэжилтэн, хуулийн хэлтсийн дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хууль зүйн газар хариуцсан дэд захирал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч зэрэг алба хашиж байсан, төрийн албанд мэргэжилтнээс хэлтэс, газрын дарга хүртэл дэвшин ажилласан, төрийн албаны туршлагатай нэгэн аж.
Гэхдээ эрх баригч нам нэг хүнд “давхар дээл өмсгөх” дээрээ тулсан хүний нөөцийн хомсдолд ороо юу аль эсвэл энэ эмэгтэйд ач ивээлээ харамгүй үзүүлэх өртэй юу, энэ нь хууль зөрчөөгүй шийдвэр мөн үү гэдэг асуулт тавигдаж байна.
Энэ тохиолдолд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс уьдчилан сэргийлэх тухай” хуулийн Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг зохицуулсан 18 дугаар зүйлийн 18.5 дах заалтыг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм.
Шинэчлэлийн Засгийн газрын үеэс л “давхар дээлийг тайлуулна” гэх болсон Ардын нам ачир дээрээ өөрсдөө төр барихдаа “давхар дээл өмсөцгөөж”, төрийн албыг данхайлгаж ирсэн. Энэ нь зөвхөн УИХ, ЗГ-аар хязгаарлагдахгүй, дунд шатанд хүртэл ийн газар авч байгааг хүлээн зөвшөөрч болох уу, хотын дарга аа!
Мэдэгдэж байгаа нь л энэ. Өөр хичнээн хүнийг давхар албанд томилон ажиллуулж, давхар цалинжуулж байгаа талаар бид үргэлжлүүлэн сурвалжлан мэдээлэх болно.