УИХ-ын гишүүн Д.Бум-Очиртой ярилцлаа.
Таны хувьд намрын чуулганыг хэрхэн дүгнэв?
Ажил хэрэгч чуулган байсан. Би анх удаа сонгогдсон гишүүн учраас дотор нь юу болдгийг мэддэггүй байсан. Өмнөх их хурлуудаас илүү ширүүн чуулган байна гэдгийг УИХ-ын тамгын газрынхан илэрхийлж байсан. Маш олон байр суурь гарч ирсэн, баргын асуудлыг хажуугаараа өнгөрөөхгүй ажил хэрэгч чуулган байсан. Шинэ гишүүдийг юм уншихгүй байна гэж шүүмжилж байсан боловч харьцангуй уншиж судалж, дугарч байсан.
Жагсаалтаар орсон гишүүдийг кнопчид гэх нь ч бий, зүгээр нэг кноп дараад суух гишүүн байхгүй гэж харсан.
Үлдсэн насандаа үнэт зүйлээсээ ухрах эрх надад байхгүй. Надад их хуралд уягдах зүйл байхгүй учраас байгаа зүйлийг байгаагаар нь хэлж байгаад л 4 жилийг өнгөрөөнө гэж бодож байгаа. Алдаж, онох харамсах зүйл байхгүй учраас 4 жилээ дорвитойхон ашиглана.
Манай улсын соёлын салбар ямар түвшинд байна гэж харж байна вэ?
Бие даасан соёлын яамтай болсноор соёлын салбарын бодлого цэгцтэй болж байгаа. Бие даасан яамтай байх ч ёстой. Соёлын үр нөлөө шууд ил мэдэгддэггүй учраас тоохгүй яваад байвал алсдаа маш хортой. Нийгмийн орчин дахь соёлын хүчин зүйлийг өндөр түвшинд барьж байх ёстой.
Нэг зүйл таалагдахгүй байгаа. Соёлыг улс төрийн хэрэгсэл, зэвсэг болгож ашиглаад байна. Нэг асуудлыг намжаах гэж соёлын салбарыг ашиглаж байна. Монголчууд түүх соёлдоо хайртай учраас мэднэ. Соёлоо ариун нандин, дархан байлгах ёстой. Хэсэг бүлэг улс төрчдийн ашиг сонирхлын хэрэгсэл болгож хэзээ ч болохгүй.
Хурдан морины уралдаантай холбоотой өв соёлын асуудал яригдлаа. Та ямар байр суурьтай байна вэ?
Хүйтний улиралд морь уралдуулна гэдгийг ахмадууд цээрлэдэг байсан. Би биш бүх хүн мэдэж байгаа. Хүүхдийн эрхийг ярина гэвэл өвөл байтугай зун уралдуулж болох уу? гэдгийг сөхөх хэрэгтэй.
Хүйтний улиралд морь уралдуулна гэсэн асуудал маргаантай явж ирсэн. Ер нь ахмадууд эртнээс таашааж байгаагүй учраас бодолцож үзэх хэрэгтэй. Хавар зун морь уралдаж л байгаа шүү дээ. Огт тасарчих гээд, устах гээд байгаа асуудал биш. Би хувьдаа дэмжихгүй байгаа.
Цагаан сарын амралт яагаад урт байх ёстой вэ?
Одоо байгаа хуулиар бол 3 хоног амарна. Л.Энх-Амгалан гишүүний өргөн барих гэж байгаа хуулиар 7-10 хоног амрах зохицуулалт яригдаж байгаа. Энэ жил яах вэ? гэдэг асуудал хөндөгдөнө.
Миний хувьд цагаан сараар аль болох 7-10 хоног амрах нь зүйтэй гэж үзэж байгаа. Маш хариуцлагатай амралт. Өв соёлоо үр хүүхдэдээ зааж сургаж, өвлүүлж үлдээдэг.
Ядаж монголоо хайрлах, бахархах, өв соёлоо авч үлдэх ёстой юм байна гэдэг ойлголтыг үлдээдэг. Цагаан сар дотор маш олон зүйл байгаа, наад зах нь хүнийг хүндэлж сурдаг. Зөвхөн ахмад настнаа хүндэтгэхийг тэндээс сураагүй, нийгмийн харилцааны суурь хүчин зүйлүүдийг суралцдаг. Зүгээр нэг амралт биш, томоохон сургалт явж байдаг шүү. Тиймээс би цагаан сарыг том сэтгэл засал гэж илэрхийлж байгаа.
365 хоногт 7-10 хоногийг өв соёлдоо зарцуулах хэрэгтэй. Тэртээ тэргүй түгжрэл, утаа гээд бухимдах, стрессдэх олон хүчин зүйл байна.
Нэг хоног амардаг бүх нийтийн амралтуудыг танах тал дээр ямар байр суурьтай байна?
Танах амралт бараг л байхгүй дээ. Үндэсний хэмжээний баярын амралтыг хэн нэгэн зохиогоод шийдчихсэн юм биш. Зүгээр нэг санамсаргүй өдөр гаргаагүй.
Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ Монголчууд залхуу гэдэг үгээр харлуулж болохгүй. Тунг нь тааруулахгүй бол, нийгмийн харилцаанд орохдоо бухимдал үүсгэнэ. Амралт харин ч эерэг нөлөөтэй.
Ярилцлагынхаа төгсгөлд иргэддээ хандаж уриалга дэвшүүлэхгүй юу?
Иргэд маань цагаан сараа илүү их мэдэрч,учир утга, ач холбогдлыг нь илүү их үнэлж тэмдэглээсэй гэж хүсэж байна. Ядаж шинийн 2,3,4-нд тайван амгалан байгаасай гэж хүсэж байна. Аль болох муу юм бодохгүй, хоорондоо муудалцахгүй, өөрийнхөө болон бусдын төлөө цагаан сар гэдэг нэрдээ тохируулж шинэлцгээе гэж уриалж байна. Түмэн олондоо сар шинийн мэнд дэвшүүлье!
Ярилцсанд баярлалаа.
Ярилцлага үзэх линк: