Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд автозамын ачааллыг бууруулах үүднээс тэгш сондгой дугаарын хязгаарлалт мөрдүүлэхээр Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан.
Ердийн өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнд автомашинуудын 20 хувь нь оролцдоггүй бол тэгш, сондгой дугаарын хязгарлалт хийснээр 50 хувь нь оролцохгүй байх нөхцөл бүрдсэн. Энэ хэмжээгээр замын хөдөлгөөний ачаалал буурах ёстой ч өнгөрсөн өдрүүдэд нөхцөл байдал урьдын хэвээр байлаа.
Өнөө өглөө ч ялгаагүй, хязгаарлалтын бүс нутагт сондгой дугаараар төгссөн авто машинууд хаа сайгүй, чөлөөтэй зорчиж байгаа харагдав. Цагдаа нар ч харагдсангүй.
Сар шинэ болох гээд хэн хүний явдал суудал ихсэж, амжуулах ажил, хөөцөлдөх зүйл өч төчнөөн байгаа нь үнэн. Гэхдээ арвуулаа нэг зам дээр түгжирч, цагаа уяж байснаас тавуулаа чөлөөтэй давхиж, илүү их ажил амжуулчихаад маргааш нь ажил гэрийн хооронд автобусаар явж аль эсвэл гэртээ амарч байх нь дээр биш гэж үү?
Хүний нийгэмд хууль тогтоомж, дүрэм, журам гэж байгаагүй сэн бол ямар их эмх замбараагүй байдал үүсэх байсныг төсөөлөхөд ч бэрх. Нэгэнт олонхын шийдвэрээр дүрэм журмаа баталсан бол түүнийг дагаж мөрдөх нь зайлшгүй үүрэг. Одоо хоёрхон өдөр үлдлээ. Хэдүүлээ оногдсон өдөртөө ажлаа амжуулаад, хориглосон өдөр нь бусдыгаа хүндэтгээд авто машинтайгаа замын хөдөлгөөнд оролцохоос татгалзацгаая.