Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2025.02.25 10:14
1485
Төр та! Хувийн хэвшил рүү ноцож, нэр хүндийг нь зэрэмдэглэж хаяхаа зогсооно уу!

Өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр мэдээлэл хийх үеэрээ хувийн хэвшлийн нэр хүндэд шууд халдсан удвайгүй үйлдэлд эдийн засагчид, хуульчид шүүмжлэлтэй хандаж байна.

Тодруулбал, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны хийх ёстой ажлаа хийгээгүйн төлөө хувийн хэвшлийг нэр цохон дурдаж, бизнесийн нэр хүндэд нь ноцтой хохирол учрууллаа.

Тэрбээр мэдээлэлдээ, "Өнгөрсөн жилийн нэгдүгээр сар болон өнөөгийн мөн үетэй харьцуулахад зээлийн гаралт 31,2 хувиар нэмэгдсэн. Банк, банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй 350 мянган иргэн байгаа бөгөөд зээлээр хувцас хунар, машин тэрэг авч байна. Эдгээр иргэдийн өр орлогын харьцаа 80 хувьд хүрсэн. Манайд банк болон банк бус байгууллагын эрүүл байдал алдагдсан. Энэ бол цэвэр Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийсэн, хяналт тавихгүй байгаатай холбоотой.

Сүүлийн үед урьдчилгаагүй зээл өгнө, орлогоо нотлох албагүй гэдэг сурталчилгаа яваад эхэлсэн. Өр, орлогын харьцаа хамаагүй гэдэг сурталчилгаа хийж эхэлсэн. "PC mall" ийм сурталчилгаа явуулж байгаа нь санхүүгийн хууль зөрчиж байгаа” хэмээсэн юм.

Тэгвэл уг асуудалд эдийн засагч Д.Ангар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Зээлийн харилцааг хэд хэдэн хуулиар зохицуулдаг. Төрөөс тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг банк, банк бус, хадгаламж зээлийн хоршоог тус тусынх нь хуулиар нь зохицуулна. Эдгээр байгууллагуудад Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хороо хяналт тавьж ажилладаг.

Харин иргэд, аж ахуйн нэгжүүдийн хоорондын зээлийн харилцааг Иргэний Хуулиар зохицуулдаг. Иргэд, аж ахуйн нэгжүүд хоорондоо өөрсдийн хүссэн нөхцөлөөр чөлөөтэй зээлийн гэрээ байгуулах эрхийг нь тус хууль олгосон.

Иргэд, аж ахуйн нэгжүүд хоорондоо байгуулж буй зээлийн гэрээний харилцаанд зөвхөн маргаан гарсан үед л шүүх оролцохоос бусдаар төрийн аливаа байгууллага оролцох боломжгүй. Хууль нь тийм юм” гэжээ.

Угаас манай улсад нэн ялангуяа сүүлийн үед төр нь шууд л бизнес эрхлэгчид рүү гээ ноцдог, нэр хүндийг нь зэрэмдэглэж хаядаг байдал хэрээс хэтэрч буй. Аливаа байгууллагын хамгийн чухал зүйл бол бизнесийн нэр хүнд. Гэтэл буруутай буруугүйг нь шүүх, холбогдох байгууллагууд нь ч тогтоогоогүй байтал төр төлөөлж ярьж буй сайд, дарга нарын ам түрүүлж дугараад буй нь л асуудал. Угтаа бол Монгол төр хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллана, дэмжинэ гэж Шинэ сэргэлтийн бодлогодоо тусгасан ч ам, ажил нь зөрсөөр томоохон үндэсний компаниудаа дарангуйлах байдал газар авч буй нь Дэлхийн банкнаас гаргадаг бизнес эрхлэлтийн индекс батлан харуулсаар байна.

Ерөөс төр, хувийн хэвшүүдийн хувь заяаг атгачхаад, хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байх санаархлаа дарж чадалгүй цухалзуулж буй нь энэ юм.