Цагаан сарын амралттай холбоотой шуугиан дундуур “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн ажилчид ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам уу гэдэг шиг жирийн ажилчид явж чаддаггүй албан томилолтод Б.Чинбат захирлын хамаарал бүхий хүмүүс тогтмол явдаг аж. Албан тасалгаандаа бараг үзэгддэггүй тэрээр хаа нэг ирэхээрээ улс төрийн хүрээллээ цуглуулж, архидан согтуурч, зугаацан суудаг гэнэ.
Тэр ч бүү хэл өөртөө болон хамаарал бүхий хүмүүстээ томилолт, урамшууллын мөнгийг улсын төсвөөс давхардуулж олгодог нь нотлогдож, аудитын газраас акт тавиулсан байдаг. 2024 онд зөвхөн виски худалдан авахад олон сая төгрөг зарцуулж, аудитаас дахин акт тавиулж байжээ. Татвар төлөгчдийн мөнгөөр архидан согтуурч, зугаацаж байдаг үйлдлүүд нь ажлын ихийг нугалдаг ажилчдынх нь эгдүүцлийг хүргэдэг байна.
Тус газарт 2024 онд аудитын байгууллага 29 зөрчилд акт тавьж байсан. Актаар нь МЦХ-ны хөрөнгө мөнгө, 2 газар, тоног төхөөрөмжүүд, ажилчдынх нь зуслан бүхэлдээ алга болсон нь илэрсэн байдаг.
“Монголын цахилгаан холбоо” ХК-нд эзэн суусан Б.Чинбатад арга хэмжээ авахгүй өдийг хүрсэн нь намынхантай нь холбоотой. Салбарын сайд нь Ардчилсан намаас томилогдсон учир хүч хүрэхгүй нь лавтай. Одоо ч сайдынхаа оруулсан шалгалтыг гурилдаж байгаа сурагтай.
Ажилчид санхүүгийн тайлангийн барааг хараагүй олон жилийн нүүрийг үзжээ. Б.Чинбат захирал хууль бус үйлдлээ нуун дарагдуулахаар Хөвсгөлийн гаралтай гишүүнээ тендер гувшуулах замаар тэжээсээр ирсэн гэх. Ингэхдээ Хөвсгөлд шаардлагагүй, судалгаа ч хийгдээгүй бүтээн байгуулалтыг “Монголын цахилгаан холбоо” ХК –аас хийж байгаа гэх нэрээр халхавчилдаг гэдгийг инженер, техникийн ажилчид хэлж байв.
Өөрийнх нь тухай сөрөг мэдээ гарахаар Б.Чинбат захирал “Монголын цахилгаан холбоо” ХК ашигтай ажиллаж байгаа гэсэн хариу мэдээлэл цацаж, арьсаа хамгаалдаг байна. Уг үйлдэлд нь эгдүүцсэн тус газрын ажилчид сүүлийн 4 жилд цалингаа нэмүүлж чадаагүй гэдгээ мэдэгдэж, арга ядаад цагаан сараар ажил хаяхаар болсон тухай өргөдлөө харьяа яамандаа өгчээ.
Б.Чинбат захирал өгдөг ярилцлага шигээ томилогдсоноосоо хойш нэг ч удаа ашигтай ажиллаж үзээгүй гэдгийг ажилчид нь дуу нэгтээ нотолдог байна. “Монголын Цахилгаан Холбоо" компани 2022 оны эхний хагас жилд 2.2 тэрбум төгрөгийн алдагдалтай. Эхний хагас жилийн алдагдал нь өмнөх оны мөн үеийнхээс 394 хувиар өссөн үзүүлэлттэй. Иймээс тус компанийн өрийн хэмжээ жилийн дотор 40,3 хувиар нэмэгдсэн байдаг.
Тэгэхээр энэ байгууллага чухам яагаад ийм сул дорой, олон жил дараалан хэдэн тэрбумын алдагдалтай ажиллаж байгааг холбогдох яам нь шалгаж хариуцлага хүлээлгэдэггүй юм гэхэд ядаж түүнд албан тушаалын хариуцлага хүлээлгэх цаг болсон.
Б.Чинбат болон түүний тушаалаар ажилд орсон хамаарал бүхий этгээдүүдийн олон жил улсын төсвийн мөнгө үрэн таран хийсэн. Тэд үгсэн хуйвалдаж “Монголын Цахилгаан Холбоо”-г алдагдалтай ажиллуулж, дампууруулж байгаад хувьчлал нэрээр авах гэсэн санаархал байж ч магадгүй! Энэ мэтийн төрийн өмчит компаниудын алдагдлыг цагийн цагт л татвар төлөгчид нөхөж ирсэн түүхтэй.
Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбатын хууль бус үйлдэл энэ хүрээд дуусахгүй. Цааш үргэлжилнэ...