АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баян, мөнгөлөг гадаад иргэдэд зориулж АНУ-д ажиллаж, амьдрах эрхтэй “Алтан карт” гаргаж буйгаа зарлалаа. “Алтан карт”-ыг таван сая доллараар худалдах бөгөөд ийм карттай иргэн АНУ-ын иргэншил авах боломжтой болох аж.
“Бид нар алтан карт зарах гэж байна. Ногоон карт гэж байдаг. Тэгвэл энэ бол алтан карт. Бид энэ картыг таван сая доллараар үнэлнэ. Ногоон картаас давуу тал нь алтан карт Америкийн иргэншил авах замыг тань нээнэ. Мөнгөтэй хүмүүс алтан карт худалдаж аваад манай улсад ирж болно” хэмээн Дональд Трамп Цагаан ордны Зууван танхимаас мэдэгдэв.
Алтан карт нь АНУ-ын Засгийн газраас хөрөнгө оруулагч нарт олгодог EB-5 цагаачлалын визийг орлоно хэмээн Худалдааны сайд Ховард Лутник ярилаа.
Алтан картыг хоёр долоо хоногийн дараа худалдаанд гаргана хэмээн Трамп онцоллоо. “Оросын олигархуудад энэ картыг худалдах уу” хэмээн сэтгүүлч асуухад Ерөнхийлөгч “Тийм ээ, магадгүй. Би Оросын зарим олигархыг танина, тэд их аятайхан хүмүүс байдаг” хэмээн хариулжээ.