Английн шигшээ багийн тоглогч асан Дэвид Бекхам эрэгтэйчүүдийн Men's Health сэтгүүлд зургаа авахуулжээ. 49 настай Бекхам цагаан богино ханцуйтай цамц, саарал богино өмд, оймс, пүүзтэй зэрэг олон янзаар дүрсээ буулгаж, дараа нь шивээс болсон цээж, мөрөө ил гарган зураг авахуулжээ. Зуугийн талыг насалж байгаа экс хөлбөмбөгчийг эрүүл, идэвхтэй амьдралын үлгэр жишээ хэмээн Men's Health сэтгүүл тэргүүн нүүрэндээ ийнхүү залсан аж. “Би хөгшрөхөөс айхгүй байна. 50 хүрээд хөгширлөө гэж хэлэх хүмүүс байна. Надад бол насаа бодож байгаа юм алга аа. Миний бие, галбир, гэр бүл л анхаарал татдаг, бусад нь сонин биш. 50 насны ойгоо сайхан хоол, сайн дарстай л угтмаар байна” хэмээн Бекхам уг сэтгүүлд ярилцлага өгөхдөө онцоллоо.
Дэвид Бекхам тавдугаар сарын 2-нд 50 насны ойгоо нижгэр тэмдэглэхээр бэлтгэлээ базаасаар байна. Хагас зуун жил амьдарсан насан баяраа сүртэй тэмдэглэдэг болсон дэлхий нийтийн жишгээс тэр гажихыг хүссэнгүй, харин ч хамгийн тансагаар тэмдэглэхийг хүсчээ.
50 насны ойгоо хэрхэн тэмдэглэх төлөвлөгөө аль дээрээс зурагдаж ажил ундарсаар. Нэг том саад гарч ирсэн ч нэртэй хөлбөмбөгчид энэ нь асуудал биш байсан бололтой. Дэвид Бэкхам Шотландын Глиниглс тансаг зочид буудлыг 50 насны төрсөн өдөртөө захиалахыг хүсчээ. Энэ нь Их Британийн хамгийн алдартай ресорт. Гольфийн гурван талбай (2014 онд энд Райдер Кап болж байсан), Шотландад цорын ганц хоёр Мишелин одтой зоогийн газар, морин тойруулга, загасчлал, хөдөлгөөнт бай буудлага, шувууны ан, хэд хэдэн усан сан, СПА энд бий. Бэкхам хагас зууны ойгоо энд л тэмдэглэхийг зорьж, 2025 оны тавдугаар сарын 2-ныг оролцуулан хэдэн өдрийн захиалга өгөх гэтэл яг өмнөх өдрүүдийг нэгэн хос хуримандаа зориулан захиалсан байв. Бэкхам санаачилгыг гартаа авч асуудлыг зохицуулахаар шийджээ.
Английн хөлбөмбөгийн шигшээ багийн экс ахлагч залуу хостой холбогдож татгалзахын аргагүй санал тавьсан байна. Залуу хосод байрны ипотекийг нь төлөх, бал сарын аялалыг нь даах санал тавьж Глиниглс дахь хуримын төлөвлөгөөгөө өөрчлөхийг хүсчээ. Татгалзахын аргагүй саналаас хэн л татгалзах вэ дээ. Викториа Бекхамын 50 насны ойгоор Spice Girls хамтлагийнхан цуглаж нижгэр найр болж байв. Нөхөр нь хагас зууныг элээсний ойгоо бүр нижгэр, хамаг тансаг баянаараа тэмдэглэхийг хүсэж байна.